Хар тамхинаас болгоомжлохуй

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Хар тамхинаас болгоомжлохуй

Шүүхээс улсын начин Ц.Улаан­хүүд 11 жилийн хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Зарим нь шүүх хэтэрхий хатуу хандлаа гэж байхад хар тамхитай холбоотой л бол хатуу шийтгэх ёстой гэсэн байр суурьтай нь ч байна. Ямартай ч хэдэн жилийн өмнө рок попынхон хар тамхины хэргээр таслагдахад мөн л ийм шуугиан үүсч байсан юмдаг. Хожим нь суллагдсан хэдээс зарим нь эргээд өнөөх хэргээрээ дахин ял авсны бодоход шүүх шударгаар шийдвэрлэсэн гэж ойлгогддог.

Хар тамхи гэдэг ерөнхий нэрийн дор олон төрлийн мансууруулах бодис бий. Байгалийн гаралтай, эсвэл химийн гаралтайгаасаа хамаараад үнэ ханш, боловсруулах арга зэрэг нь өөр өөр байх. Гэхдээ хүний сэтгэцэд нөлөөлөх, донтуулах, эрүүл мэндийг сүйтгэх талаараа адилхан гэдэг. Тийм ч учраас дэлхийн улс орнууд хар тамхитай хатуу тэмцдэг. Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол урд хөршид ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг наанадаж бүх насаар нь хорих, цаашилбал цаазаар авах ял оноодог явдал. Ер нь ихэнхи оронд хорихоос өөр төрлийн ял бараг л оноохгүй дээ. Учир нь энэхүү гэмт хэрэг нь үндэстний оршихуйд дайсагнадаг, өөр олон төрлийн гэмт хэргийн эх сурвалж болдог үлэмж ноцтой гэмт хэрэг юм. Хуулиараа хэмжээ тунг нь зааж өгөөд хэрэглэх, худалдаалахыг зөвшөөрдөг цөөн орон байдаг боловч одоо мөн л хязгаарлах тухай асуудал яригдаж байна.

Монгол Улсын хувьд энэ төрлийн гэмт хэргийг арай л ерөнхий хуульчилсан байдал ажиглагддаг юм. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гээд. Тус бүр өөрийн гэсэн онцлогтой, учруулах гэм хорын хэмжээ нь харилцан адилгүй үйлдлүүдийг бүгдийг нь нэг малгай дор хийгээд ялыг нь худалдан борлуулах зорилготой эсэхээс нь шалтгаалаад хоёр янз байхаар тусгасан байдаг. Ц.Улаанхүүгийн хувьд шүүх гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэн боловч тухайн зүйл анги дахь хамгийн бага ялыг нь оногдуулжээ. Учир нь 10-15 жил хүртэл хорьж болох заалттай юм. Ийм ерөнхий заалттай учраас энэ төрлийн гэмт хэрэгт та болон таны эргэн тойрон дахь хүмүүс өртөх өндөр магадлалтай болохыг дараах жишээн дээрээс харж болно.

Хэрвээ та дээрх хэсгийг сайтар анхаарсан бол “хар тамхи хэрэглэх” гэсэн гэмт хэрэг Эрүүгийн хуульд байхгүй. Тэгсэн мөртлөө хадгалах, олж авах зэрэг нь гэмт хэрэгт тооцогдоно. Нэгэнтээ хууль ёсоор олж авах арга байхгүй тул таны гарт хар тамхи орсон л бол та гэмт хэрэгтэн болно гэсэн үг. Таныг найз тань, хүүхдийг чинь ангийнхан нь уруу татаж хар тамхи соруулаад, тэгээд үлдсэн хэсгийг нь халаасандаа хийгээд гэртээ харихад л хар тамхи хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл болно. Ингээд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Уг нь эдгээр үйлдлүүдийг тус тусад нь авч үзэх, гэмт хэрэг болохынх нь хувьд бүр илүү нарийвчлах бодит шаардлага байгаа ч Эрүүгийн шинэ хууль батлагдтал энэ чигээрээ байх биз ээ.

Анх шийтгэгдсэн урлагийнхан дотор ганц нэг сорж үзсэн, санамсаргүй байдлаар хадгалчихсан зарим нэг нь шийтгүүлж гараад одоо бусад залуучууддаа хар тамхитай холбогдож хэзээ ч болохгүй талаар захиж явдаг гэж дуулдсан. Уг нь энэ талаар залууст, ялангуяа өсвөр насныханд мэдлэг олгох нь зайлшгүй чухал байгаа юм. Хар тамхинд нэгэнт донтогсодод хамгийн түрүүнд санхүүгийн хямрал нүүрлэдэг. Ажил хийхгүй элийрэн өдөр хоногийг өнгөрөөх тэдэнд хаанаас мөнгө олдох билээ дээ. Иймээс хэрэглэдэг зүйлийнхээ мөнгийг олохын тулд хулгай, дээрэм хийх нь энүүхэнд.

Миний нэгэн танил хар тамхинд донтогсдын талаарх лекцэнд сууж л дээ. Лекцийн үеэр нэг донтогч нөхөр өөрийхөө түүхийг ярьж, хэрхэн яаж хар тамхинаас хамааралтай болсон тухайгаа сэтгэл хөдлөм ярьж өгч. Үүнийг сонссон хэд хэрэндээ л өрөвдөөд өөрсдөөсөө цөөн хэдэн төгрөг цуглуулаад хоол ундандаа нэмэрлээрэй гэж өгсөн байна. Гэтэл лекц дуусаад гарч иртэл манай танилын машины толь байдаггүй. Юу болов гээд сураглатал өнөөх донтогч нөхөр дэлсчихсэн байж. Энэ бол зөвхөн нэг жишээ.

Монгол Улсын хувьд нэгэнт хар тамхитай холбоотой гэмт хэргийг Эрүүгийн хуульдаа тусгаж өгсөн тул үүнийгээ илүү нарийвчлах, хамгийн гол нь олон нийтэд мэдээлэл өгөх, сурталчлах ажилдаа анхаарах хэрэгтэй байна. Нэн ялангуяа залуус, өвөр үеийнхэнд. Өнөөдөр Ц.Улаанхүү гуайн асуудал ийнхүү шийдвэрлэгдээд өнгөрлөө. Дараа дараагийн шатны шүүхийн шийдвэр гарахаар бүх зүйл ойлгомжтой болох биз. Гэтэл цаана чинь олон олон “монголхүү”-гийн амьдрал, хувь заяаг хар тамхи гэгч чөтгөр хорлохоор зэхэж байгааг бид хаана хаанаа мартах учиргүй.

О.Алтангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж