-Акчайг хулгайлсан ч, тусалсан ч “бяцхан рецедив”-үүдийн бус төрийн эрх баригчдын зиндааны хэрэг-
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад харилцааны яам Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан асуудлаар тайлбар хийх, байр сууриа илэрхийлэх боломжгүй” гэсэн нь эргэлзээ төрүүлээд байна.
Вэйсел Акчайг хулгайлах шахсан үйл явдал гарсан 2018 оны долдугаар сарын 27-ны орой Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр “Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар эх орондоо яаралтай буцахаар нислээ, яг одоо” хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн. Тэрбээр “Онц байдал үүссэн тул яалтай вэ” хэмээн тайлбарлан жиргэсэн нь анхаарал татсан юм. Тэгэхээр “түргэн авахуулжээ”.
Түүнээс хойш зургаа хоног өнгөрөхөд энэ талаар “шалгаж байна” гэхээс өөрөөр Монголын төрд дуугарах “мэдэлтэй” хүн гарсангүй. Үүргийн дагуу Монгол Улсын Засгийн газраас Монгол дахь Туркийн Элчин сайдын яам, Туркийн Гадаад харилцааны яам руу ноот бичиг илгээж Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахыг завдсан хэрэгт тайлбар нэхсэн байна. Хийж чадах эхний алхам нь энэ байсан биз. Гэсэн ч Туркийн Гадаад хэргийн яам үүнд ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгджээ.
Ж.Бямбадоржийн ярианаас баахан факт олдоно
Монгол Улсын Хүний эрхийн төлөө үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Би эхлээд энэ асуудлыг өмнөх асуудлуудтай сэжиглэж манайхны хийж байгаа асуудал биш байгаа даа гэж ойлгосон. Яагаад гэхээр Туркийн иргэдийн буюу Монгол сургуульд ажиллаж байсан иргэдийн асуудал хүнд байгаа. Ганц энэ Акчайн асуудал биш олон хүний асуудал хүнд байгаа. Тэр хүнд байгаа асуудлуудаас нэлээд хүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон байсан. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа гэдэг үндэслэлээр БНТУ-ын прокурорын газраас манай прокурорын газарт санал тавиад тэдгээр иргэдийн хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлсэн байсан. Бид энд зөвлөмж бичиж шийдүүлсэн. Манай прокурорын байгууллага энэ үйл ажиллагаанд зөв хандаж, хилийн хоригийн асуудлыг цуцалсан. Гэхдээ хоёр орны харилцаа сайжирч байгаа нэрийн дор төрийн байгууллагууд хоорондоо үйл ажиллагаа хийж байгаа юм биш байгаа гэсэн хардлага төрсөн учраас нэлээд жаахан бухимдангуй хандсан” гэж ярьжээ.
Ж.Бямбадорж гэж хэнсэн билээ. Ямар зиндааны хуульч билээ, юу эсийг үзэж тууллаа гээд бодохоор “Манайханд” учир бий гэх таамаглал бүүр түүр лавшраад байгаа биз.
Тэрбээр уг ярилцлагадаа “Манай Гадаад харилцааны яам, прокурор, цагдаа харин ч энэ хүний эрхийг хамгаалахын тулд бүх механизмаараа ажиллаж өнөөдөр Монголын нэр хүндийг олон улсын тавцанд авч үлдлээ” гэсэн байдаг. Эндээс “Акчайг авч үлдсэн нь зөвдсөн ч, буруудсан ч дээрх байгууллагууд холбоотой юм байна” гэж харагдав.
Харин зөвдөж чадах нь уу, үгүй юу. Яагаад Хүний эрхийн үндэсний комисст хандсан туркууд, турк багш нар “Буцаад очвол бүгдээрээ шоронд орно. Тиймээс бидэнд Турк руу очих ямар ч боломж байхгүй. Ямар нэгэн байдлаар өөр оронд очих ёстой. Гэтэл бидэнд хилийн хориг тавиад байна” гэдэг асуудлаар гомдол гаргаж байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
ФЕТО-г “таньдаг” эсэхээ эрх баригчид өчих ёстой
Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксойгийн хариултад “ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсан террорист бүтэц юм. Бид уг террорист байгууллагатай холбоотой Турк Улсын болгоомжлол болон цаашид гарч болох үр дагавар, хүлээлтийг Монголын талын эрх баригчидтай байнга хуваалцсаар ирсэн билээ” гэсэн нь сонин байгаа биз. Монголын эрх баригчид улс оронд нь террорист байгууллага үйл ажиллагаа явуулдгийг мэдэж байжээ. Энэ талаар Туркийн Гадаад хэргийн яамтай хамтран ажилласаар ирсэн гэдэг нь Эрдоганы Засгийн газартай гэсэн үг. Гэхдээ хувь улстөрч бүрээр бус Монголын төрийг төлөөлж ажилласан үе үеийн эрх баригчид гэдэг утга агуулга илүү тохиромжтой байх. Ямартай ч Турк улс дээрх хэрэг явдлыг “хүн хулгайлах ажиллагаа” гэж нэрийдэж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ.
Мөн “Турк Улс нь бусад улсын дотоодын аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хөндлөнгөөс оролцдог улс биш” гэсэн хэрнээ Туркийн Гадаад хэргийн яам Анкара дахь Монгол Улсын Элчин сайдыг дуудаж уулзсан бөгөөд Турк Улс өөрийн байр сууриа илэрхийлж, Монголын талын эрх баригчдын хандлагыг хүчтэй эсэргүүцэж байна. Хандлагыг эсэргүүцсэн юм байна. Харин үйлдлийг эсэргүүцсэн үү. “ФЕТО террорист байгууллага болон түүний Монгол дахь тархалтыг зогсоох шаардлагатай арга хэмжээг Монголын эрх баригчид авна гэдэгт найдаж байна” гэсэн нь ямар хэмжээний үр дагавартай хүлээлт вэ гэдэг сонин.
Дашрамд дурдахад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2017 оны хоёрдугаар сард анх удаа Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярихдаа “Турк улсыг стратегийн түнш, НАТО-гийн холбоотны хувиар дэмжинэ гэдгээ илэрхийлсний сацуу “Лалын улс”-тай тэмцэхэд Туркийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа дахин мэдэгдсэн” байдаг.
Хамгийн сүүлийн “Турк, АНУ-ын харилцаатай холбоотой мэдээ” гэвэл зургаа хоногийн өмнө буюу Акчайг хулгайлахаар завдсан тэр өдөр Д.Трамп “Америк номлогчийг /Туркэд христийн номлогч хийж байсан америк иргэнийг Турк баривчлаад байгаа.ред/ суллахгүй бол Туркэд өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн. Энэ сүрдүүлэг нь НАТО-гийн холбоотон хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр “Туркийн Гадаад хэргийн сайд болон Хууль зүйн сайд нарт хориг тавьж байгаагаа мэдэгдэж өмчийн эрхийг нь блоклох, америк иргэнийг тэдэнтэй холбоо тогтоохыг хориглож байгаагаа мэдэгдсэн.
Хэрэв Туркийн эрх баригчидтай “хэт гүнзгий” хамтарч ажиллавал ийм хориг хэнийг ч хүлээж байж мэднэ. Монгол Улс хүн хулгайлах гэж байхад зогсоолоо гэх мэдээлэл олон улсад ч, дотоодод ч баяр баясал авчраад “ханачихлаа”. Харин яагаад “тормоз” авав. Яагаад Гадаад харилцааны сайд маань баяртай мэдэгдэл зоригтойгоор хийж “болохгүй” байна вэ. Хэрэв Монгол Улс “Хүн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үү. Терроризмтой тэмцэх үү” гэдэг дээр гацчихаад байгаа бол ШХАБ-д элсэх эсэх тухайгаа дахин нэг бодож үзэхэд гэмгүй болов уу.
Яг зэрэгцээд Трамп номлогчоо өмөөрч хориг зарлав
Одоо хууль хяналтын холбогдох байгууллагаас “хулгайлагдах гэж байгаад аврагдсан” этгээд чухам хэн болохыг тогтоох ёстой болж байна. Үүнийг тогтоосноор дээрх хэрэг явдалтай холбоотойгоор хилийн хориг тавин шалгаж буй Туркийн ЭСЯ-нд ажилладаг гурван монгол иргэний асуудал тодорхой болно. Цаашилбал Турк дэх монгол иргэд, дипломат ажилтнуудаа хамгаалах болон хамгийн гол нь хайрлаж хамгаалсан турк сургуулиуд маань Турк улсад хамаагүй нь үнэн эсэх, Туркийн Гадаад хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэн ФЕТО байгууллагыг илрүүлэх нь чухал биш гэж үү. Бүр лавшруулбал энэ хэрэгт дугаар хорооны иргэн, эсвэл “бяцхан рецедив”-үүд бус төрийн эрх баригчдын зиндааны хэрэг учраас тэдний Турк улстай холбоотой данс хараа, сэжигтэй гүйлгээ сэлтийг шалгаж байж хэн хамаатай, хэн хамааралгүйг тогтоохгүй бол хавтгайрсан хардлагаар “улс төр хийнэ” гэгч нь болох вий.