Э.Цолмонбат: Уран зураг гэдэг гэрт өлгөдөг гоёл төдий бус жинхэнэ өмч болж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Э.Цолмонбат: Уран зураг гэдэг гэрт өлгөдөг гоёл төдий бус жинхэнэ өмч болж байна

Э.Цолмонбат: Уран зураг гэдэг гэрт өлгөдөг гоёл төдий бус жинхэнэ өмч болж байна

Зураач Э.Цолмонбатын урланд зочлон төлөвлөж буй уран бүтээлийнх нь талаар хуучилж ярилцлаа.


–Уран бүтээлийн олз омог ихтэй юу. Ойрд ямар ажил төлөвлөж байна?

-Энэ жил Байтаг богдын хилийн тулгаралтын 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газар надаас гадна гурван зураачийг сонгон тулалдаан болсон Ховд аймгийн Булган сумын нутагт судалбар зураг зуруулахаар шийдвэрлээд байна. Тэндээс ирээд судалбар зургууд дээрээ үндэслэн тэрхүү түүхэн үйл явдлыг сэргээн эх орныхоо эрэлхэг хилчдийн гавъяаг уран зурагт мөнхөлж үзэсгэлэн гаргах төлөв­лөгөөтэй.1948 оны зун манай арван хилчин хил зөрчиж орж ирсэн Хятадын гоминдан цэ­рэг болон Оспаны толгойл­сон казах гээд нийт 170 гаруй зэвсэглэсэн эт­гээдтэй хүч тэнцүүгүй ту­лал­даж, эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн шүү дээ.

–Та Монголын алтан ургийн хаадын цуврал хөргийг бүтээж байгаа гэ­сэн. Энэ талаар сонир­хуу­лахгүй юу?

-Чингис хаанаас Лигдэн хаан хүртэлхи Мон­голын төрийн жо­­лоог атгаж явсан алтан ургийн 37 хааны цуврал хөргийг 2016 оноос бүтээж эхэлсэн. Маш их судалгаа хийх шаардлагатай нүсэр ажил юм билээ. Би хаадын хөр­гийг Европын реалист арга барилаар зурж байгаа бөгөөд дуусах хараахан болоогүй ээ.

–Багадаа та зурах дуртай хүүхэд байсан уу? Ер нь таны зураачийн замнал хэзээнээс хэрхэн эхэлсэн бол?

-Үеийнхээ олон хүүхдийн нэгэн адил багаасаа зурах дуртай байсан. Харин зураач болох замнал маань дунд сургуулиа төгсөөд 1996 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд Л.Ганболд багшийн уран зургийн ангид элсэн орсноор эхэлсэн юм. Багш маань уран зургийн “А” үсгийг заан маш сайн суурь тавьж өгсөнд одоо хүртэл талархаж явдаг даа.

–Та ихэвчлэн акрилик будгаар зурдаг бололтой?

-Тийм ээ.Акрилик будаг маш өнгөлөг, мөн он жил өнгөрөхөд харладаггүй нь надад таа­лагд­даг. Дэлхийн дүрслэх урлаг дахь сүүлийн үеийн технологи шүү дээ. Зарим зураач акриликийг голж, тосон будаг л сайн гэсэн хуучинсаг үзэлтэйгээ зууралдсаар буйг хүлээн зөвшөөрдөггүй. Акрилик ч, тос ч сайн будаг. Гол нь алинаар нь ч зөв зурах л хэрэгтэй.

–Сүүлийн үед манайд уран зураг цуглуулагчид олширч байгаа нь зураачдын амьжиргаанд сайнаар нөлөөлж байна гэх юм?

-Уран зураг гэдэг гэрт өлгөдөг гоёл төдий бус жинхэнэ өмч болж хувирч байна. Цаг хугацаа өнгөрөх тусам үнээ барьдаг, бүр улам үнэд ордог өмч бол яах аргагүй уран зураг. Сүүлийн үед уран зураг цуг­­луу­лагчид олширч зу­раач­дын бүтээлийг худал­даж авах нь үнэхээр ихэссэн.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр, Ц.Энхтүвшин, “Эрдэнэт”, “АПУ”, “MCS” гээд олон компанийн захирлууд уран зургийн чамгүй цуглуулгатай болсон байна. 1990-ээд онд монгол зураачдын уран зургийг хямд худалдаж аваад одоо эргүүлээд монголчуудад хэд нугалж зар­даг гадаадын урлагийн най­маа­чид ч цөөнгүй шүү.

–Та нэр хүнд, цар хүрээ нь өсч буй Бээжингийн олон улсын Фестивальд улсаа төлөөлөн оролцож байсан цөөн зураачдын нэг. Хэдэн оны биенналед ямар уран бүтээлээрээ шалгарч байв?

-2102 онд болсон Бээжингийн “Ирээдүй ба бодит байдал” сэ­дэв бүхий тав дахь фестивальд 84 орны 700 гаруй бүтээл шалгарч дэлгэгдсэнээс Мон­голоос ганцхан миний “Амин хэлхээ” зургийг шал­­га­­руулж авсан. Энд со­­нир­­­хуулахад, нод­нин ­жил болсон Бээ­жин­­гийн “Торгоны зам ба дэлхийн соёл иргэнш­лүүд” сэдэвтэй долоо дахь биенналед дэл­­гэ­­­сэн Монголын па­вильонд миний эхнэр Ч.Өнөржаргалын “Зэ­рэглээ” зураг мөн тавиг­даж байлаа.

–Таны эхнэр бас зураач байх нь ээ?

-Тийм. Уг нь Дүрс­лэх урлагийн дээд сургуулийн вааран урлал, чимэглэлийн ангийг төгссөн ч уран зураг зурдаг. Ийм болоод ч тэр үү, охин Ц.Индра маань ой гурван сартайгаасаа зурж эхэлсэн. Хүний амьдрал гэдэг зураг зу­рахыг л хэлнэ гэж бодсон бололтой. Одоо зургаан нас хүрсэн ч өглөө босоод будаг бийр аваад буруу харж суугаад л зурж эхэлдэг юм. Нэг томоохон хүүх­дийн зургийн урал­даанд том хүн зурсан байна гээд бүтээлийг нь хассан тохиолдол хүртэл гарч билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж