УИХ-ын гишүүн З.Алтайг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Ер нь 1990 оноос хойш нийгмийн олон салбарын ажил, чиглэл бүхэн өөрчлөгдсөн. Харин манай сэтгүүлчдийн байгууллагын ажил төдийлөн өөрчлөгдөж, шинэчлэгдсэнгүй. Би социализмын үед сэтгүүлчдийн байгууллагыг тэргүүлж байсан. Тэр үед сэтгүүлчдийн эрх ашиг гэхээс илүүтэйгээр “энхрий хайрт” нам засгийнхаа бодлогыг яаж сурталчлах вэ хэмээн бүхнийг магтан дуулах номлолоор л явж байлаа шүү дээ. Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд сэтгүүлчдийн байгууллагыг гаднаас нь, сэтгүүлчийн сэтгэлээр харахад тэр үеийн байгууллагын “араг яс” л байгаа юм шиг санагддаг. Нэг их тэмдэг, медалийг хүмүүст тарааж байгаагаа том ажил хийчихлээ гэж сэтгэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ дорвитой ажил хийж буйг нь олж харахгүй байна. Зарим сэтгүүлч “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээ шинэчилье. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж, төрд өөрсдийн дуу хоолой, нөлөөллийг бий болгоё” гэж байгаа нь зөв. Одоогийн байгаа бүтэц, бүрэлдэхүүнд хуучны хүмүүс л байна шүү дээ. Шинэ хүн, шинэчлэгдсэн зүйл алга. Мөн сэтгүүлчдийн нийгмийн баталгаа төрөөс тэдэнд үзүүлэх дэмжлэг зэрэг олон зүйлийг нэхэх хэрэгтэй байгаа юм. Ер нь сэтгүүлчийн ажил хамгийн эрсдэлтэй, амь насанд халгаатай, хэцүү, дарамттай мэргэжлүүдийн эхний тавд жагсдаг. Миний хувьд төрөөс тусгайлан анхаарч, сэтгүүлчдийг дэмжсэн хууль, эрх зүйн орчныг бий болгоосой л гэж боддог. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн хувьд хэвлэл, мэдээллийн байгууллагыг бэхжүүлж, зөв, дэс дараалсан, сайн бодлого явуулахгүй бол болохгүй.
Аль нэгэн телевиз, сонин, радио санхүүгийн бие даасан байдлаа алдвал үнэн, зөв, шударга мэдээлэл өгнө гэж байхгүй. Мөнгөтэй хэн нэгний халаасанд л орно гэсэн үг.
-Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчныг сайжруулж, томоохон бодлого явуулахад хойрго хандаад байх шиг санагддаг?
-Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг саяхан баталсан. Огт хийхгүй биш хийгээд л байгаа юм. Татварын хувьд хөнгөлөлттэй авч үзэх хэрэгтэй. Өдөр тутмын сонины холбоо тэмцэл хийж байгаад нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн. Үүн шиг хөрөнгө оруулалт их шаарддаг, олон ажилтантай телевиз, хэвлэлийн бусад салбарт ийм хөнгөлөлт үзүүлбэл сайн. Татварт өгөх мөнгөө сэтгүүлчдийн цалин хөлс, нийгмийн баталгааг шийдвэрлэхэд зориулах хэрэгтэй. Харин ийм хуулийн төсөл санаачилж оруулах нь миний үүрэг. Одоо хүртэл оруулаагүй байгаа нь миний буруу. Хэвлэлийнхэн дэмжээд, төрд шаардлага тавих асуудлаа хамтдаа ярилцаад үүнийхээ төлөө явъя гэвэл миний хувьд бэлэн байна. Тэгэхээр сэтгүүлч, сэтгүүлчдийн байгууллага намайг ашиглах ёстой байхгүй юу.
-Сонгууль дөхөхөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл олноор гарч ирдэг. Харин сонгуулийн дараа усанд хаясан чулуу шиг алга болдог. Үүнд хяналт гэж байдаг юм уу?
-Сайхан хууль тогтоомж бий юү гэвэл бий. Сонгууль дөхөхөөр олон телевиз, сонин, сэтгүүл, вэб сайт, судалгааны байгууллага бий болдог. Энэ бол мөнгөний л ажил. Гэхдээ зөвхөн Монголд ийм зүйл байдаггүй. Хаа сайгүй байдаг л асуудал. Гагцхүү сэтгүүлчийн ёс зүйн хувьд үнэн бодит мэдээллийг өгч байх ёстой. Түүнээс бус хэдэн төгрөг харчихаад үзэл бодлоо худалдаж болохгүй. Шилдэг 76 улстөрч гэх мэт судалгаанууд үнэн гарч байгаа нь гэдэг нь юу л бол. Худал мэдээлэл нийгэмд маш хортой. Ингэж мөнгөөр бүхнийг хийгээд байвал төрд нөгөө хэдэн олигархи нь гарч Монголын амьдрал дөрвөн жилд буруу тийшээ л явах болно. Тиймээс л хариуцлагатай байх ёстой.
-Улс төрөөс хараат бус байхын тулд сэтгүүлч, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юунд анхаарч ажиллах ёстой вэ?
-Өглөө босоход нэг телевиз шинээр гарч байгаа нь төрийн бодлого буруу байгааг харуулж буй хэрэг. Япон улсын хувьд дөрвөн телевизтэй, Австри гэхэд гуравхан телевиз байх жишээтэй. Ийм байгаагийн гол учир нь төрийн том бодлого, зохицуулалттай байна. Түүнээс биш мөнгөтэй хүн бүрт телевиз байгуулах эрхийг нь өгөөд байвал юу болох вэ. Мэдээлэл гэдэг чинь өөрөө асар үнэтэй, хэнд ч худалддаггүй, зөвхөн бодит зүйлийг гаргадаг. Тэгэхээр төрийн хяналтад байх учиртай. Тухайн улсын Үндэсний аюулгүй байдалд ч сайн, муугаар нөлөөлж болох учир телевиз байгуулах эрхийг өгөх эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн Яам ярьж байж шийдэх ёстой. Харин өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах газар лицензийг олгохдоо цайны газар нээж байгаатай адил байна. Үүнийг яах ёстой талаар сэтгүүлчдийн байгууллагууд хамтран шийдэх хэрэгтэй юм.
-Таныг сонгуульд өрсөлдөж байхад хүмүүс ихээхэн дэмжиж байсан. Харин одоо TV5 телевизийн захирал Д.Сарангэрэл, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар нарын сэтгүүлчид сонгуульд өрсөлдөх сураг бий. Ингэж сэтгүүлчээс улс төр рүү хошуурах болсонд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай мэргэжлийн сэтгүүлч байна уу эсвэл эмч, багш байна уу хамаагүй тэдэнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх нь бий. Хэн ч гэсэн улс төрд ороод, тухайн салбарынхаа эрх ашгийг мэргэжлийн хүний хувьд хамгаалж ажиллая гэж байгаа бол болохгүй гэх зүйлгүй.
-Залуучуудын дунд нам дагавал л сайхан амьдрах боломж бий гэсэн сэтгэхүй байна. Энэ ч утгаараа намд элсэж, улстөрчдийн гар, хөл болон ажиллаж байгаа дур зураг харагддаг. Таны хувьд эрүүл сэтгэхүйгээр ажиллах ёстой залуусын энэ үйлдлийг юу гэж боддог вэ?
-Энэ бол манай төрийн гажуудал. Өнгөрсөн 20 жилд ийм байдлаар явж ирсэн. Болж өгвөл бүх хүнийг намд элсүүлж байна. Рок, попын дуучид, тив дэлхийн олимпийн аваргууд нь намд элсээд хоёр тал болчихлоо. Энэ нь нийгэмд хөгийн шог үзэгдэл болж харагдаж байгаа юм. Тэд улстөржөөд, албан тушаал карьер хайж яваа нь улс төрийн том согог. Үүнийгээ болих ёстой. Ялангуяа хатуу гишүүнчлэлийн асуудал байна. Хүний үзэл бодлыг хайрцаглан намын үйл ажиллагааг дэмжиж, намын төлөө л ажиллах хэрэгтэй. “Сайн ажиллавал дэмжинэ” гэх зуршил олон жил үргэлжиллээ. Цаашдаа даврах шинжтэй боллоо. Тиймээс л намын хатуу гишүүнчлэлийн асуудлыг больж, намын батлах өгөхгүй байх тухай хуулийн төслийг би хуульчидтай хамтран хийж байна. Ирэх аравдугаар сард УИХ-д өргөн барина. Олон зуун мянган гишүүнтэй хоёр аварга намын гишүүд энэ хуулийн төслийг батлах нь юу бол. Гэхдээ зарим гишүүнтэй санал солилцож байхад “Бид олон жил хамгийн буруу аргаар явсан. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжинэ” гэж хэлсэн. Хуулийн төслийн гол санаа нь “Ард түмнээ хоёр намд хуваан хооронд нь хэрэлдүүлэхээ больё. Иргэнлэг нийгэмтэй байя” гэж байгаа юм. Харин улс төрийн нам гэдэг нь байдаг л юм байгаа биз. Зөв бодлоготой, хэлсэндээ хүрч, бидний амьдралыг дээшлүүлж байгаа намын үйл ажиллагааг иргэнийхээ хувьд дэмждэг байх нь чухал. Түүнээс биш заавал намын батлах өвөртөлчихөөд буруу, зөвгүй дэмжиж болохгүй.
-Хуулийн төслөө боловсруулахдаа аль улсын туршлагыг судалсан бэ?
-Америкийн хуулийг голлон түшиглэж байгаа. Америк бол улс төрийн намууд хөгжсөн, жишээ авдаг ардчиллын том орон шүү дээ. Тэнд намын хатуу гишүүнчлэл гэж байхгүй. Харин дэмжигч л гэж бий. Намын аппаратын хүмүүс нь үйл ажиллагаагаа явуулж, сонгуулийн үеэр аль нам нь зөв бодлоготой байна гэдгийг нь иргэд хараад саналаа өгчихдөг. Олон түмэн уг хуулийн төсөлд санал бодлоо хэлж дэмжээсэй гэж хүсэж байна. Ер нь улс төр, намаас ангид, тайван амьдармаар байна шүү дээ.
-Энэ ч утгаараа та Монголын ногоон нам, Иргэний зориг намын дэмжигч гишүүн гэсэн статустай болсон уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ нам 2012 оны сонгуульд маш зөв хэрэгжих үндэслэлтэй, тооцоо, судалгаатай, хүмүүсийн эрх ашиг, улс орны хөгжилд нэмэр болохуйц мөрийн хөтөлбөр гаргавал би дэмжинэ. Намын батлах аваагүй учир миний сонголт чөлөөтэй шүү дээ. Зөв бүхнийг л дэмжинэ. Түүнээс биш “Ардын намынхан аймаар муухай хүмүүс, МАХН-ын Н.Энхбаяр мангас” гэж хандаж болохгүй. Хүн бүр зөвийг дэмждэг дэмжигчид байгаасай гэж бодож байна.
-Гурван жилийн өмнө та парламентын танхимын гадна байсан. Харин одоо дотор нь ажиллаад юу өөрчлөв?
-Гадна байхад “Ямар хөгийн амьтад вэ, хийсэн ажил нь хэрэгждэггүй” гэж хэлдэг л байсан. Дотор нь ороход би дуу хоолойгоо энэ нөхдөд хүргэхэд илүү амар болсон. Энэ хэд надаас айгаад сүйд болчих нь ч юу юм бэ. Гэхдээ айхгүй ч гэсэн аягүй гэдэг. Цонхны цаанаас бус дотор нь ороод хашгирах надад таатай байна. Цаашдаа 2012 онд ганц надаар тогтохгүй болж өгвөл найман нөхөр суучихаад “Ёстой тийм юм байхгүй шүү. Та нар ингэвэл бид завсарлага авна” гээд үг хэлбэл төрд том салхи орох юм. Тэгэхгүй бол энэ хоёр нам өвөр түрийндээ орчихоод хувааж идэх нь идээд л, сөрөг хүчингүй ийм хөгийн парламент дэлхийд манайхаас өөр байхгүй байх. Энэ бүх заваан юмыг халахын тулд иргэд ирэх сонгуульд зөв хүнд саналаа өгөх хэрэгтэй. Гэхдээ надад өг гэж хэлж байгаа юм биш.
-Та бие даан нэр дэвшигчийнхээ хувьд УИХ-д ороод ганцаардсан үе бий юү?
-Байхгүй ээ. Би харахад харгис, адайр ааштай юм шиг харагддаг боловч их нийтэч. Надад аль намын хүн байх нь огт сонин биш. Аль, алинтай нь сайхан нөхөрлөөд явдаг. Харин түүн дотроо үзэл бодол илүү нийлдэг олон хүн бий. Тэр хүмүүстэй нэгдэж өөрийн хийж хэрэгжүүлэх гээд байгаа зүйлийг хамтарч хийнэ үү гэхээс биш нэг л муухай амьтан ганцаараа хууль хийчихээд, хэнд ч үзүүлэхгүй тэвэрч гүйгээд, нөгөөх нь унаад л байвал ямар ч үр дүнгүй болно. Миний өмнө хэлсэн намын хатуу гишүүнчлэлийн тухай, иргэдийн нийгмийн даатгалын шимэтгэлийн мөнгө гээд олон асуудал байна. Тэр дундаа нийгмийн даатгалын мөнгийг засаг олон жил аваад идчихсэн. Өөрөөр хэлбэл иргэн тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барлаа гэхэд түүний төлж байсан нийгмийн даатгалын мөнгийг төр хураагаад авчихдаг. Тэгээд оршуулгын зардал гээд 100 гаруй мянган төгрөг өгдөг. Ийм байж болохгүй гэдэг үүднээс хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төсөлд нийгмийн даатгалын мөнгийг өвлүүлдэг байх тухай оруулж өгсөн юм. Уг хуулийн төслийг удахгүй өргөн барих гэж байна. Үүнийг би боловсруулсан гээд хөөрцөглөөд гүйвэл энэ нь шоу болно. Тиймээс энэ хуулийг унагаачихгүйн тулд намайг дэмжих, үзэл бодлоороо санал нэгдэх командыг би цуглуулах ёстой. Энэ ч утгаараа хамтраад өргөн барих гэж байгаа. Мөн гол суурь хуулиуд дээр өөрөө ажиллая гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин
