ОХУ-ын гурван сэтгүүлчийг хэн хөнөөв?

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

ОХУ-ын гурван сэтгүүлчийг хэн хөнөөв?

ОХУ-ын гурван сэтгүүлчийг хэн хөнөөв?

Төв Африкийн Бүгд найрамдах улсад ОХУ-ын гурван сэтгүүлч долдугаар сарын 30-ны өдөр амиа алджээ. Орхан Жемаль, Кирилл Радченко болон Александр Расторгуев хэмээх гурван сэтгүүлч Төв Африкийн Бүгд найрамдах улс руу явах аяллын зорилгоо "аялал жуулчлал" хэмээн мэдүүлсэн байсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ. Түүний хэлснээр, дээрх гурван сэтгүүлч Төв Африкт очсон гэдгээ Гадаад хэргийн яам болон тус улсад суугаа Элчин сайдын яамд мэдэгдээгүй аж.

Амиа алдсан гурван сэтгүүлчийн хоёрт нь “Известия” агентлагийн үнэмлэх байсан гэсэн мэдээлэл гарсан ч тус агентлагаас сэтгүүлчдээ Төв Африк руу илгээгээгүй хэмээн албан ёсоор мэдэгдэв.

ОХУ-ын Гадаад Хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова

"Тэд хэвлэл мэдээллийн байгууллагын итгэмжлэлтэй байсан. Гэхдээ хугацаа нь 2011 онд дууссан байсан. Одоогоор бидэнд ийм л мэдээлэл байна. Орон нутгийн хууль сахиулахын алба хаагчид тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Энэ бол албан бус, нотлогдоогүй мэдээлэл" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч тайлбарлажээ. Мөн тэрбээр Төв Африкийн Бүгд найрамдах улсын хууль сахиулах алба ОХУ-ын Элчин сайдын яамтай нягт холбоотой ажиллаж байгаа гэдгийг онцлов.

Сэтгүүлчдийн шарилыг ойрын хугацаанд ОХУ-д авчирна гэж Захарова мэдэгдсэн. Гэхдээ амиа алдсан сэтгүүлч Расторгуевын эгч Лариса наймдугаар сарын 3-нд сэтгүүлчдийн шарилыг авчирна гэж ТАСС агентлагт мэдээлжээ. 

-СЭЖИГТЭЙ ЖОЛООЧ-

Энэхүү эмгэнэлт үйл явдал Төв Африкийн Сибю хотоос холгүй газар болжээ. Radoi Ndeke Luka радиогийн мэдээлж буйгаар, орон нутгийн цагаар ойролцоогоор 18.00 цагийн үед оросууд руу 10 хүн халдсан гэв. 

"Харанхуй болсон тул аюулгүй байдлын хүчнийхэн тэдэнд аяллаа үргэлжлүүлэхгүй байхыг анхааруулсан. Гэсэн хэдий ч тэд үл тоон, цааш явсан" гэж орон нутгийн захирагч Марселин Йойо хэлжээ. Мөн тэрбээр оросууд руу халдсан хүмүүс араб хэлээр ярьж, даавуугаар биеэ ороосон байсан  гэв.

"Гурван орос газар дээрээ амиа алдсан. Жолооч нь зугтаж, орон нутгийн захиргаанд болсон явдлын талаар ойролцоогоор өглөөний 05.00 цагт мэдэгдсэн" гэжээ.

Мөрдөн байцаах албаны дарга Андрей Коняхин мэдээлж буйгаар, сэтгүүлчдийн баг 23 км замаас хазайсан. Мөн автомашины жолооч айсан, түгшсэн байдалтай байсан гэв.

Тэрбээр "НҮБ-ын төлөөлөгчийн газраас жолооч гаргаж өгсөн. Жолооч франц сэтгүүлчийн баазад ажилладаг тул бид огт эргэлзээгүй. Гэхдээ тэр хачин жигтэй байсан. Тэгээд би нөхөддөө “Тэр нэг л хачин байна. Яг л төөрчихсөн юм шиг” гэж хэлсэн. Харин тэд “Үгүй дээ, зүгээр л байна” гэсэн. Маргааш нь тэд замынхаа талыг туулчихсан явж байхдаа буудуулсан. Хачирхалтай нь, жолооч амьд үлдсэн” гэж мэдүүлэв.

Амиа алдсан гурван сэтгүүлч биедээ 8.5 мянган ам.доллартай байсан ажээ. 

-ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХАЛДЛАГА БАЙСАН ЭСЭХ-

ОХУ-ын гурван сэтгүүлч амиа алдсан явдал тус улсад уй гашуу авчирлаа гэж улс төрийн судалгааны хүрээлэнгийн Ази, Африкийн орнуудын судалгааны газрын дарга Арсений Григорьев хэлэв.

Тэрбээр "Орхан Жемаль бол Ислам, Ойрхи Дорнод судлалын салбарт нэрт мэргэжилтэн байсан. Маш зоригтой залуу байсан. Харамсалтай нь, иймэрхүү хүмүүс амьдралаа байнга эрсдэлд оруулж байдаг. Александр Расторгуев бол гавьяат найруулагч, баримтат киногоор мэргэшсэн. Мөн зураглаач халуун цэгүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн байсан" хэмээн дурсан ярьжээ.

Болсон үйл явдлын ажиглан тэрбээр хэлэхдээ "Магадгүй бүх хүчин зүйл нь бүрдчихсэн байсан байж болох юм. Харамсалтай нь, энэ бүс нутаг хүнийг амьд үлдээнэ гэж байхгүй. Орон нутгийн бүлэглэлийн нэг нь л үйлдсэн байх боломжтой" гэв.

Төв Африкийн Бүгд Найрамдах улсад мусульман болон христүүдийн мөргөлдөөн олон жил үргэлжилж байгаа бөгөөд аялал жуучлалд хамгийн тохиромжгүй улсаар нэрлэгддэг гэдгийг түүхч, нийтлэлч Станислав Хатунцев сануулав.

Тэрбээр "Төв Африкийн Бүгд найрамдах улс бол Францын колони байсан. 1960 онд тусгаар тогтносон. Тэр цагаас хойш цэргүүд төрийн эргэлтийг зохион байгуулж, иргэний мөргөлдөөн ширүүсч байна. Энэ улс ашигт малтмалаар баялаг, гэхдээ үүнийгээ ашиглаж чаддаггүй. Дотоод зөрчилдөөн ширүүссэн тул хөрөнгө оруулалт маш бага.  Энэ улс бол Африк тив төдийгүй дэлхийн хамгийн ядуу улсын нэг" гэж түүхч хэлэв.

Засгийн газрынхаа эх сурвалжид үндэслэн орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагууд "Халдлагын хариуцлагыг “Селека” мусульман бүлэглэлийн босогчид хүлээх ёстой" хэмээн мэдээлэв. Тус бүлэглэл нь 2013 онд Засгийн газрын эрх мэдлийг булаан авч байсан удаатай. Түүнийх нь хариуд “Анти-Балака” хэмээх Христэд итгэгчдийн цэргийн анги байгуулагдсан.

‘“Селека бүлэглэл 2013 онд Банги хотыг эзлэн, олон нийтийн дунд цэвэрлэгээ хийж, улмаар цуст мөргөлдөөн гарч, эцэст нь Христүүд ялагдаж, хөөгдөж байсан" гэж Хатунцев ярьжээ.

ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Владимир Соловьёв халуун цэг дээр ажилладаг хэвлэл мэдээллийн агентлагуудын ажилтнуудын ёс зүйн дүрмийг тодорхой болгохыг уриалав.

Тэрбээр “1990-ээд онд биднийг сэтгүүл зүйн факультетийг төгсч байхад хэн ч бидэнд дайны сурвалжлагч байх тал дээр юу ч сургаагүй. Бид сэтгүүл зүйн талбар, үйл явдлын халуун цэг, алдаа оноо дээрээ суралцсан. Заримдаа энэ нь маш аймшигтай байдаг. Бидний хамт олны дундаас гурван сэтгүүлч амиа алдлаа. Тэд маш их туршлагатай сэтгүүлчид байсан. Гэхдээ заримдаа эрүүл ухаан ч гэсэн туршлагатай хүмүүсийг хөөддөг. Харанхуй шөнө явж, ямар ч итгэмжлэлгүй, орон нутгийн цагдаагийн зөвшөөрөл ч үгүй… Мэдээж, ийм аюултай ажилд явахдаа аюулгүй байдалдаа хэчнээн рубль төлсөн ч болно, зохих баримт бичгийг нь авах ёстой байсан, урьдаас төлөвлөж, бэлтгэх ёстой байсан” гэжээ.

Харин хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагаас Human Rights Watch /HRW/-ийн ахлах судлаач Льюис Маж Төв Африкийн Засгийн газрыг дээрх явдлыг мөрдөхийг уриалжээ.

Тэрбээр “Төв Африкт аллага, халдлага байнга гарч байдаг. Гэхдээ энэ явдал маш хачирхалтай. Учир нь, тэд зэвсэгт бүлэглэл багатай, аюулгүй газраар явсан атлаа амиа алдлаа. Бид энэ замаар байнга явдаг. Төв Африкийн удирдлагууд ОХУ-ын Элчин сайдын яам болон НҮБ-тай хамтран мөрдөх ажиллагааг зохион байгуулж, гэмт этгээдийг олж, шүүхийн өмнө ялыг нь сонсгох хэрэгтэй” гэв. 

Олон Улсын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Филипп Лерут ч мөн адил саналаа илэрхийлж, Төв Африкийн удирдлагуудыг энэ хэрэгт мөрдөх ажиллагаа явуулахыг уриалав.

Мөрдөн шалгах ажиллагаанд Төв Африкийн цагдаа нарт нэмэлт хүч болгон “MINUSCA”-гаас бүлэг цагдааг илгээж байгаа ажээ. 

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж