Сурах бичгийн шинэчлэл олон хүүхэдтэй айлд хүндээр тусаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.02-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн шинэчлэл олон хүүхэдтэй айлд хүндээр тусаж байна

Сурах бичгийн шинэчлэл олон хүүхэдтэй айлд хүндээр тусаж байна

Ердөө сарын дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд санаа зовниод эхэлсэн бизээ. Хичээлийн бэлтгэлийн чухал хэсэг болсон сурах бичиг жил бүр асуудал дагуулах болоод удаж байна. Алдаатай хэвлэгддэгийн дээр хүртээмжгүй байдаг гэх сурах бичгийн талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Хэрэглэж байсан номоо дүү нартаа үлдээж болдог бол сайн байна

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IX цэцэрлэгийн эрхлэгч Б. Энхжаргал

-Номын сангаар дамжуулан нэг ангийн найм эсвэл гурван сурагчийн дунд нэг сурах бичиг үнэгүй ногддог. Мөн газарзүй, химийн ном хүртээмж муу байдаг. Тиймээс хүүхэддээ ном худалдаж авах шаардлага тулгардаг. Жил бүр ном солигдож, агуулга нь өөрчлөгддөг нь эцэг, эхчүүдэд, эдийн засагт хүндрэлтэй байдаг. Хуучны үе шиг нэг номыг удаан хэрэглэдэг, хэрэглэж байсан номоо дүү нартаа үлдээж болдог байсан бол их сайн байна. Бас сурах бичигт алдаа их байдаг. Түүнчлэн номын сангийн номыг хавар арай эрт хурааж аваад байдаг.

Иргэн Д.Оюун

-Сургуулийн номын сангийн ном хүртээмжгүй байдаг. Үнэгүй ном авч чадаагүй хүүхэд гэрийн даалгавраа хийж чаддаггүй. Сургуулийн насны олон хүүхэдтэй айл сурах бичиг худалдаж авах нь эдийн засагт хүндрэлтэй байдаг. Авч өгөөд дараа жил дүүд нь хэрэглүүлэх гэхээр ном солигдсон тул өөр ном хэрэглэх шаардлагатай болдог. Тухайлбал, нэг хүүхэд 16 сурах бичиг авах шаардлагатай болдог. Нэг ном нь 5000 төгрөгийн үнэтэй байгаа.  Манай охин энэ жил X ангид орно. Тиймээс яаж ийж байгаад номыг нь авч өгнө. Өнгөрсөн жил ном авч өгч чадаагүй.  

Иргэн Ш.Баттөмөр

-Номын сангаас үнэгүй олгодог сурах бичиг хүртээмжгүй байдаг. Харин гадуур зарж байгаа нь 5500 төгрөгийн үнэтэй байдаг юм билээ. Энэ нь үнэтэй санагддаг. Манай хүүхэд энэ жил XI ангид орно. Сурах бичиг үнэтэй байгаа ч ахлах ангийн сурагч болохоор шаардлагатай номыг нь авч өгнө. Хичээл эхэлсний дараа, хүүхэд өөрөө номоо авна. Хичээл эхлэхээс өмнө номоо автал өөр ном ашиглахаар болсон байвал хүндрэл учирна.

“Сурах бичиг хэвлүүлэхэд төсвөөс жилд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг”

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир

Энэ жил ерөнхий боловсролын 186 нэрийн сурах бичгээс 24 нэрийг нь шинээр хэвлүүлж байгаа юм байна. Ямар төрлийн сурах бичгийг шинээр хэвлүүлж байгаа талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.


-Шинээр хэвлэгдэх сурах бичгийн агуулгад өөрчлөлт орж байгаа юу?

-Ерөнхий боловсролын тогтолцоо 2007-2008 онд 11 жилийн тогтолцоонд үргэлжлээд 12 жилийн тогтолцоонд шилжсэн. Ингэж явсаар одооноос 12 жилийн хөтөлбөр иж бүрнээр хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор сурах бичгүүд төлөвлөгөөний дагуу шинэчлэгдэж байгаа юм. Түүнээс биш сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орж, сурах бичгийн агуулга өөрчлөгдөөгүй.

-Сурагчдын тодорхой хувийг л сурах бичгээр үнэгүй хангадаг. Хүртээмжийг нэмэгдүүлэх ямар бодлого баримталж байна вэ?

-Сургуулийн номын сангаар дамжуулан I-V ангийн сурагчдыг сурах бичгээр 100 хувь хангадаг. Хавар захиалгаа өгсөн бол сурах бичиг дутах ёсгүй. Дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувьд буюу зорилтот бүлгийн зарим хүүхдэд номын сангаар дамжуулан сурах бичиг үнэгүй олгодог. Энэ 40 хувийг сургууль тодорхойлдог. Үнэ төлбөргүй олгож байгаа эдгээр номд элэгдэл, хорогдол гарвал нөхөн хангалтаар дахин хэвлэдэг. Энэ жил 65 нэрийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж байгаа.

-Үлдсэн 60 хувь нь сурах бичгээ худалдаж авах шаардлагатай болдог. Иргэд гадуур сурах бичгийн үнэ харьцангуй өндөр байна гэж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Улсын төсвөөс сурах бичиг хэвлүүлэхэд жилд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнд багтааж шинээр зохиож байгаа болон аймаг нийслэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу сурах бичгийг захиалж, нөхөн хангалт хийж байгаа. Бид холбогдох дүрэм журмын дагуу зохицуулалт хийж байна. Сурах бичгийн түрээсийн журам гаргаж хэрэгжүүлнэ. Ингэснээр номын сангаар дамжуулан сурах бичгээ түрээсийн журмаар ашиглах боломжтой болно. Үнэнийг хэлэхэд, сурах бичигтэй холбоотойгоор эцэг, эхэд очиж буй ачаалал их байгаа.

-Сурах бичиг үг үсэг болон утга, агуулгын алдаатай хэвлэгдэх тохиолдол бий. Алдааг хэрхэн давтахгүй байх вэ?

-Энэ нь маш олон жил яригдаж байгаа асуудал. Өнгөрсөн хичээлийн жил Боловсролын хүрээлэнгээс тусгай сайт ажиллуулж, сайтад ерөнхий боловсролын сургуульд ашиглаж байгаа 180 гаруй нэр төрлийн сурах бичгийг нээлттэй байршуулсан. Тус сайтаар дамжуулан сурах бичгигт багш нар, экспертүүд, эцэг эхчүүд саналаа ирүүлэх боломж нээгдсэн. Санал авахад давхардсан тоогоор 3000 гаруй хүнээс 12000 гаруй санал ирсэн байсан. Ихэнх нь буюу 80 гаруй хувь нь үг үсэг, найруулгын талаар санал ирүүлсэн байсан. Ингээд нөхөн хангалтаар олгож буй бүх сурах бичигт энэ саналуудыг тусгаснаар хэвлэж байгаа.

-V ангийн сурагчид англи хэлний хичээлийг сурах бичгийн агуулгын дагуу орохдоо эхлээд үсэг заалгүй шууд үг цээжлүүлж байна. Эхлээд үсэг заагаад дараа нь үг цээжлүүлдэггүй юм уу?

-Сурах бичиг бүр дээр сургалтын хөтөлбөртэйгөө уялдаж байх ёстой. Бид үүнд дүн шинжилгээ хийж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр сүүлийн 15 жилийн дотор гурван удаа шинэчлэгдсэн. Энэ болгонд агуулгын давхардал, орхигдол зэрэг тодорхой алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг цаг алдалгүй арилгахаар ажиллаж байна. Гэхдээ хэн дуртай нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг өөрчилж, шинэчилж болохгүй.

-Хичээлийн хэрэглэлээ дааж дийлэхгүй шахам байгаа бага ангийн сурагчдад том сурах бичиг хүнд ачаа болдог. Сурагчдын “ачаа”-г яаж хөнгөлөх вэ?

-Ачааг хөнгөлөх олон хувилбар бий. Ангидаа сурах бичгээ үлдээгээд явж болно. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний шинэчлэл нь сургалтын хөтөлбөр, сурах бичиг үнэлгээ гээд бүх зүйлийг тусгасан, иж бүрэн байх ёстой. 2018, 2019 онд хөтөлбөрийн цогц үнэлгээ хийгдэнэ. Үүний дараа агуулга давхардсан эсэх, ачаалал, нэг хүүхдэд оногдож байгаа цаг зэргийг зохицуулах ажлууд хийгдээд явах болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичгийг 2012 оноос эхлэн үе шаттайгаар хэвлүүлж байгаа. Энэ жил хэвлэгдэх 24 нэр төрлийн сурах бичгийн хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан байгаа. Мөн баррель үсгийн стандарт батлагдвал харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичиг стандартын дагуу хэвлэгдэх боломжтой.

-Үндэсний цөөнхөд зориулсан буюу Казах хүүхдэд зориулан сурах бичиг хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Казах хэлний сурах бичгүүдийг орчуулж сургалтад ашиглаж байна. Үндэсний цөөнхөд зориулсан, тэдний боловсрол, сургалтын үйл ажиллагааг дэмжих бодлого явж байгаа. Казах хэл рүү хөрвүүлсэн болон нөхөн хангалтын 32 нэрийн сурах бичиг хэвлэж байна.

Сурах бичгийг хэвлээд эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ноос эхлэн түгээх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж