ЭХЭМҮТ хүүхдэд бүдүүн гэдсээр улаан хоолойг нь орлуулах хагалгааг амжилттай хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

ЭХЭМҮТ хүүхдэд бүдүүн гэдсээр улаан хоолойг нь орлуулах хагалгааг амжилттай хийжээ

ЭХЭМҮТ хүүхдэд бүдүүн гэдсээр улаан хоолойг нь орлуулах хагалгааг амжилттай хийжээ

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдэд төрөл бүрийн хүнд өвчин, эмгэг ихээр оношлогдох болсон. Тэр дундаа  хортой, хоргүй хавдар болон төрлөхийн гажиг зэрэг хүнд төрлийн өвчин ихээр оношлогдох болжээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/  2014 оноос тандалт судалгааны алба ажиллаж эхэлсэн байна. Тэрхүү албанаас гаргасан мэдээгээр 2014-2016 онд гэхэд улсын хэмжээнд хорт хавдрын 320  тохиолдол хүүхдэд шинээр оношлогдсон аж. Ийн төрлөхийн хөгжлийн гажиг дотроо зүрхний төрлөхийн гажиг, бөөр шээсний замын эмгэг, элэг ходоод цөсний замын төрлөхийн хөгжлийн гажгууд ихсэх хандлагатай байгаа гэж албаны хүмүүс хэлж байсан юм. 

Тэгвэл JCI Монгол байгууллагын санаачлагаар ЭХЭМҮТ-тэй хамтран хэрэгжүүлдэг ‘SAVE LIFE’ төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, их засварын ажлыг хийж гүйцэтгэн өнөөдөр /2018.08.01/ хүлээлгэн өглөө. Мэс заслын дараах энэхүү тасгийн өргөтгөлийн ажлыг хийхэд нийтдээ 120 орчим сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Энэхүү төслийн нэгдүгээр шатанд ЭХЭМҮТ-тэй хамтран 2015 онд  дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийж олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг суурилуулж байсан байна. Төслийн хоёрдугаар шатанд нярайд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлаж тусгайлсан мэс заслын өрөөтэй болгожээ.

хагалгаа хийлгэсэн хүүхдүүд ариун цэвэр ариутгалын хувьд  маш сайн нөхцөлд эмчлэгдэх ёстой

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр

Энэ тухай ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “JCI Монгол төрийн бус байгууллагатай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Өнөөдөр гурав дахь том төсөл болох нярайн мэс заслын эрчимт эмчилгээний тасгийг хүлээн авлаа. ЭХЭМҮТ нь 44 тасаг нэгжтэй. Эдгээр тасгууд нь үндэсний хэмжээнд ганцхан байдаг. Өвчнийг аль болохоор эрт оношлоод мэс заслын эмчилгээ өндөр технологийн эмчилгээ хийлгэх нөхцөл бүрдэж байна. Гэсэн хэдий ч эмнэлгийн орчин нөхцөлийн хувьд төдийлөн сайнгүй байгаа.

Ялангуяа мэс заслын хагалгаа хийлгэсэн хүүхдүүд ариун цэвэр ариутгалын хувьд өндөр дэглэмтэй маш сайн нөхцөлд эмчлэгдэх ёстой. Харамсалтай нь үнэндээ төсвийн хомсдолтой байдлаас үүдээд бид нар тасаг нэгжүүдэд эдгээр шаардлагын түвшинд хүртэл засвар үйлчилгээ хийж чадахгүй байлаа.

Төслийн хүрээнд бүхэл бүтэн тасгийг өргөтгөж засаж тохижуулж өгсөнд талархаж байна. Энэ бол зүгээр нэг өрөөг засах биш бүхэл бүтэн үндэсний хэмжээнд хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа хүндэрсэн тохиолдолд сэхээн амьдруулах тусламж үйлчилгээ үзүүлдэг чухал тасаг. Би эмч хүний хувьд асар их баяртай байна” гэв.

Жилд 1000 гаруй хүүхэд нярайн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлдэг байна. Дээрх тасгийн байрыг өргөтгөж засварын ажил хийгдэхээс өмнө зургаан ортой үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 12 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж буй.

Өмнөх шатнуудаас ахисан тооны хүүхдийн амь насыг аврах боломж бүрдүүлнэ 

JCI Монгол байгууллагын 2018 оны үндэсний Ерөнхийлөгч М.Батбаяр

JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр 1-2  шатны төслийн үр дүнгийн талаар ийн ярив. Тэрбээр "JCI байгууллага бол Нэгдсэн үндэстний байгууллагатай хамтарч ажилладаг олон улсын залуучуудын байгууллага. Төслийн нэгдүгээр  шатны үр дүнд Монгол Улсын хэмжээнд жилд 15 дутуу нярай хүлээн авах хүчин чадалтай байсан дутуу нярайн эрчимт эмчилгээний тасаг 80 дутуу нярайг хүлээж авах боломжтой болсон. Хоёрдугаар шатны үр дүнд 2017 оны эцсийн байдлаар 200 гаруй нярайд зориулалтын орчинд зориулалтын тоног төхөөрөмжөөр мэс заслууд хийгдсэн. Энэ хугацаанд хийгдсэн мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувь байснаас 10 хувиар нэмэгдсэн. Харин төслийн гуравдугаар шатны үр дүнд хагалгаанд орох бага жинтэй нярайн хүлээн авах хугацаа багасч, хагалгааны үр дүн сайжирч, төслийн өмнөх шатнуудаас ахисан тооны хүүхдийн амь насыг аврах боломж бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

хүүхдэд бүдүүн гэдсээр улаан хоолойг нь  орлуулах том хагалгааг амжилттай хийсэн

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Д.Ганчимэг

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Д.Ганчимэг “Нярайн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт дөнгөж төрсний дараах шаардлагатай мэс заслуудыг хийдэг. Наад зах нь хошного битүү хүүхэд, улаан хоолой нь битүү юм уу цоорхой хүүхэд төрлөө гэхэд яаралтай хагалгаа хийдэг. Мэс заслын зургаан тасагт тухайн өдөрт хийгддэг хагалгаа болон яаралтай мэс заслын хагалгаа зэргийг оруулбал өдөрт 40-50   хагалгаа  хийгддэг.  Гэсэн хэдий ч хагалгаа бүр адилгүй. Богино цагт ордог хагалгаа байхад 5-6 цаг хийгддэг хагалгаа ч байна. Уржигдар гэхэд жаахан хүүхдэд бүдүүн гэдсээр улаан хоолойг нь орлуулах нөхөн сэргээх том хагалгааг амжилттай хийлээ. Өглөөнөөс орой хүртэл долоон цаг хагалгаа хийсэн” гэв.

Монгол Улс 2015 онд мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн. Харин 2016 онд улаан бурхны дэгдэлт халдварт өвчний улмаас нялхсын эндэгдэл нэмэгдсэн юм.Тэгвэл 2018 он гарснаар эхний зургаан сарын байдлаар эхийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан сайхан мэдээ байна. 

Харамсалтай нь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь авто осол гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эндэгдлийг дотор нь сэргийлж болох эндэгдэл ба сэргийлж болохгүй эндэгдэл гэж хоёр ангилдаг байна. Сэргийлж болох эндэгдэлд амьсгалын тогтолцооны эмгэг, уушгины хатгалгаа, зам тээвэр, ахуйн осол гэмтэл ордог аж. 2016 оны судалгааг харахад  тав хүртэлх насны 1684 хүүхэд эндсэн бол тэдгээрийн 66.6 хувь нь сэргийлж болох нас баралт байжээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж