Шведийн сүмээс түүхэн үнэт эдлэлүүд хулгайлагджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Шведийн сүмээс түүхэн үнэт эдлэлүүд хулгайлагджээ

Шведийн сүмээс түүхэн үнэт эдлэлүүд хулгайлагджээ

Швед улсын нийслэл Стокгольмоос баруун зүгт орших Странгнас хотын сүмд уг хулгайн хэрэг өчигдөр /2018.07.31/ өдрийн цагаар гарчээ.
Тодруулбал, тухайн үед сүм нээлттэй өдөрлөг зохион байгуулж байх үеэр хулгайчид ард иргэдэд үзүүлэхээр тавьсан Шведийн хаан IX Чарлес болон Хатан хаан Кристина нарын эдэлж хэрэглэж байсан титэм, алтаар чимэглэсэн бөмбөлөг болон бусад үнэт чулуун зүүлт зэрэг түүхийн үнэт олдворуудыг хулгайлжээ.

“Би хоёр эрэгтэй этгээд сүмээс зугтаж, цагаан өнгийн жижиг моторт завин дээр үсрэн бууж явахыг харсан. Би цагдаад мэдэгдэж өөрийн харсан бүх зүйлийг мэдүүлсэн. Тэдний гаргаж буй үйлдлийг харваас хулгайчид гэдэг нь илт. Ямар жигшмээр муухай хүмүүс нь энэ ариун газраас түүхэн үнэт олдворууд хулгайлж чаддаг байна” гэж гэрч болох Том Ровелл нь цагдаагийн албанд мэдэгджээ.

Одоогийн байдлаар Странгнас хотын цагдаа нар хулгайд алдагдсан олдворуудыг олохоор бүрэн хүчээ дайчлан ажиллаж байгаа аж.

“Алга болсон үнэт олдворуудын мөнгөн үнэ цэнийг тодорхойлно гэдэг хэцүү. Яагаад гэвэл Швед улсын түүх, соёл уламжлалтай нягт холбоотой онцгой олдворууд байсан” гэж цагдаагийн газрын төлөөлөгч Томас Агневик орон нутгийн телевиз Афтонбладетэд ярьжээ. Мөн Странгнас хотын сүмд ажилладаг Катарина Фрожд, соёл уламжлал болон эдийн засгийн хувьд том хохирол амслаа хэмээн өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Г. Батмандах
Эх сурвалж: Guardian

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж