“Даншиг наадам-Хүрээ цам 2018” энэ амралтын өдрүүдэд Хүй 7 худагт болно

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” энэ амралтын өдрүүдэд Хүй 7 худагт болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” энэ амралтын өдрүүдэд Хүй 7 худагт болно

“Даншиг наадам – Хүрээ цам 2018” шашин соёлын наадам энэ амралтын өдрүүдэд Хүй 7 худагт зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар тоот захирамжаар Даншиг наадам зохион байгуулах шийдвэр гарсны дагуу энэхүү шашин соёлын наадмыг 2015 оноос хойш Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байна. Уг наадмын шашин соёлын зан үйл, түүхэн улбаа зохион байгуулалтын талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц болон ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Даншиг наадам – Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг зохион байгуулахаар Гандантэгчэнлин хийдтэй хамтран бэлтгэл ажлаа хангаад байна. Түүх өв соёл, шашны зан үйлийг гадаад дотоодын жуулчдад таниулах, эрийн гурван наадам, лам нарын уншлага, жаяг ёс гээд олон хөтөлбөрүүд багтсан байна. НИТХ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, санхүүгийн том төв болгох” зорилт тавьсан билээ. Үүний хүрээнд аялал жуучлалаар дамжуулан өв соёлыг дэлхийн олон улсад таниулах нэг томоохон арга хэмжээ бол Даншиг наадам юм. Шашны зан үйл дэмжиж, хөрөнгө мөнгө зарсан мэтээр ойлгож болохгүй юм. Улаанбаатар хот бол зүүн хойд Азид төдийгүй дэлхийд хүйтэн уур амьсгалтай орны тоонд ордог. Тэгэхээр урин дулаан уур амьсгалтай байх цөөн сарын хугацаанд манай орныг зорин ирж байгаа гадаадын жуулчдад зориулсан томоохон арга хэмжээ болж байгаа юм” гэлээ.

Гандантэгчэнлин хийд, энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсаар 3 жил болж байна. Даншиг наадмын гол арга хэмжээ нь цамын бүжиг бөгөөд жуулчдын хамгийн ихээр сонирхдог ёслол юм. Цамын ёслол нь хүнд хүчир шашны ёслолуудаас хамгийн томд тооцогддог. Цамын ёслолыг хийх лам нар 2-3 сарын бэлтгэл хийдэг байна. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Цамын бүжиг бол хүнд хүчир ёслолын нэг юм. Том хүнд баг, зузаан хувцастай энэ ёслолыг хийхийн тулд бэлтгэл сайн хангах хэрэгтэй болдог. Монголчууд эрт дээр үеэс цам харайсан хүн буян хурдаг, урт насалдаг гэж ярьдаг. Тухайлбал Гандан хийдийн лам, цам харайж байсан н.Сэрээтэр гуай 100 насалсан. Цамын бүжиг хийдэг лам нар хөл, гар, биеийн хөдөлгөөнийг уран яруу хийдэг. 1911 оны тусгаар тогтнолын үед VIII Богд зарлиг гарган шашин төрийг бие даасан, тусгаар тогтносон хэлбэрээр явуулах бодлого  гаргасан. Үүнээс улбаалан Монголын бурхан шашин хараат бус үйл ажиллагаа явуулах зорилго тавьдаг. Тиймээс энэхүү Даншиг наадмыг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж нийт Монголчууд, сүсэгтэн олондоо зориулан зохион байгуулдаг юм. Даншиг наадам Хүрээ цам нэг талаас баяр наадмын шинжтэй боловч бас том засал, гүрэм болдог учиртай. Тиймээс жилд нэг удаа Даншиг өргөж цам харайж сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурдаг юм. Нийслэл хотын захиргаанаас Монгол Улсад ирж буй жуулчдад зориулсан нэг арга хэмжээ болгохоор хамтран ажилладаг. Энэ жил зөвхөн Япон улсаас гэхэд 100 гаруй жуулчин цамын бүжиг ирж үзэхээр бидэнд хандаад байна” гэж ярилаа.

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. Монголчууд төрт улсаа байгуулж, ихэс ноёд, хаад язгууртны чуулган хийж олон баяр ёслол зохион байгуулдаг байсан. 1639 онд Халхын Түшээт ханы Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүн Жавзандамба хутагтаар залахдаа их Даншиг өргөх ёслол хийж байсан байна. Энэ цагаас хойш 1920 он хүртэл энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн тухай ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун хэллээ. Мөн тэрбээр “Манжийн үеийн баяр ёслолыг хийж уламжилж байгаа мэтээр ойлгодог бол Даншиг наадам нь Монголчууд Богд хаандаа өргөсөн баяр ёслол болон уламжилж ирсэн юм. 1630-аад оны үеэс Лигдэн хаан нас эцэслэснээс хойш Монгол орон хаангүй байсан. Тэр цаг үеэс хойш Монголын хаадыг Богд хаадууд орлож ирсэн. Богдод өргөх Даншиг наадам бол соёл, уламжлалыг тээж үргэлжлүүлэхээс гадна Монголчуудын нэгдэл, үндэсний эв нэгдлийг зангидаж ирсэн наадам юм. Монголчууд бусдын эрхшээлд байхдаа ч эвлэлдэн нэгдэж баяр ёслол хийж ирсэн. Тиймээс Манж чин улстай холбоогүй юм” гэж түүхэн тайлбар хүргэлээ.

Энэ амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 4,5-нд Хүй 7 худагт болон “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна. Өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор үзэх боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж