Бага насны хүүхдэд шинэ төрлийн өвчин илэрч байна

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхдэд шинэ төрлийн өвчин илэрч байна

Бага насны хүүхдэд шинэ төрлийн өвчин илэрч байна

Эхийн сүү нь хүүхдэд тохирох хамгийн төгс байгалийн хүнс гэдэгтэй дэлхийн эрдэмтэд нэгдээд байгаа. Энэ утгаараа хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөдөг. Эхийн сүүгээр дагнан хооллолт Монголд 90 хүртэлх хувьтай байсан бол орчин үед 47 хүртэлх хувьтай болж буурчээ. Үүнд эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн импортоор их хэмжээгээр орж ирэх болсон нь нөлөөлсөн аж. Хамгийн гол нь импортын энэ өсөлтийг дагаад бага насны хүүхдийн шинэ төрлийн өвчлөл илэрч, нэмэгдэх болсон байна. Тиймээс Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хууль батлагдаж, өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх болсон юм. Хуулийг танилцуулах уулзалт өнөөдөр /2018.8.1/ боллоо. Үүнээс өмнө хүүхдийн сүү, тэжээл импортлогчдод гурван удаа сургалт зохион байгуулж, уг хуулийн зүйл бүрийг тайлбарласан ажээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригоос хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.


-Зах зээл дээр борлуулж байгаа хүүхдийн сүү, тэжээлийг хуулиар хэрхэн зохицуулж байна вэ?

Хүүхэд эхийн сүүгээр дамжуулан дархлааны маш олон төрлийн бодис авч байдаг. Ингэснээр хүүхэд амьсгалын замын болон халдварт өвчинд өртөх эрсдэл багасдаг. Эхийн сүүгээр хооллодоггүй хүүхэд өвчлөмтгий байдаг.  Гэтэл эхийн сүүгээр дагнан хооллолт 90 хувиас 47 хувь болтол буурсан нь эхийн сүү орлуулагч хэмээх бүтээгдэхүүн импортоор их хэмжээгээр орж ирэх болсонтой холбоотой. Тухайлбал, эхийн сүү орлуулах бүтээгдэхүүний импорт 2013 онд 390 тонн байсан бол 2017 онд 760 тонн болон нэмэгдсэн байх жишээтэй. Эхийн сүү орлуулах бүтээгдэхүүний импортыг дагаад Монгол Улсад бага насны хүүхдийн дунд гардаггүй байсан өвчин илэрч, нэмэгдэх болсон. Тиймээс энэ асуудлыг хуулиар шийдвэрлэхээс өөр аргагүй болсон юм. Эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүн хаана ч байхгүй. Гэтэл эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүн хэмээн сурталчлах нь импортлогчдод ашигтай байсан учир бид хуулийн нэршил дээр нэлээд ажилласан. Хуульд нэлээд олон заалт оруулсан.

-Хуульд зааснаар яг ямар бүтээгдэхүүн импортолж болох вэ?

-Нялхсын сүүн тэжээл гэж зургаа хүртэлх сартай хүүхдэд зориулсан сүү байна. Мөн 12 -оос дээш сартай хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүнээс гадна ундаа, цай зэрэг маш олон бүтээгдэхүүнийг бизнесийн байгууллагууд өөрсдийн сонирхлоор оруулж ирдэг. Монгол хүүхдэд тохирох эсэхийг тооцоогүй байдаг. Тооцсон гэж байгаа болов ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг зургаан сартайгаас нь эхлэн нэмэлт хоолонд оруул гэж байхад Монгол Улсад “+5”, “+3” тэмдэглэгээтэй цай орж ирдэг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс бүтээгдэхүүний найрлага дахь зүйлийг шошго дээр нь ойлгомжтой байдлаар заах, шошгыг нэгдсэн стандарттай байлгах  шаардлага тавьж байгаа юм.

-Хууль хэрэгжихээс өмнө орж ирсэн бүтээгдэхүүнийг яах вэ?

-Үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт хийж байгаа. Нялх хүүхдийн хүнс шаардлага өндөртэй байдаг. Энэ утгаараа хилээр орж ирэхэд нь мэргэжлийн байгууллагууд холбогдох хяналт шалгалтыг хийсэн байдаг. Бидний хувьд хаяг шошгыг нь нэгдсэн стандарттай болгох тал дээр анхаарч байгаа юм.

-Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Хуулийн танилцуулгыг Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газар, аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрууд хийсэн. Хэрэгжилт сул байна. Энэ нь бүтээгдэхүүн импортолдог компани болон энэ чиглэлд хяналт шалгалт хийдэг газрууд хуулийг хэрэгжүүлэх сонирхолгүй байгаатай холбоотой. Мөн шошгын стандарттай холбоотой нэмэлт тайлбар хийх саналыг Эрүүл мэндийн яаманд ирүүлж байгаа. Тиймээс ЭМЯ энэ долоо хоногт багтаан хуулийн нэмэлт журмыг гаргана. Өөрөөр хэлбэл, шошгын зааврыг нарийвчлан гаргана.  

-Нэмэлт өөрчлөлтөөс онцолбол?

-Журмын дагуу бүтээгдэхүүн шилэн болон цаасан савлагаатай бол лого нь хаана байрлаж, ямар хэмжээтэй байх стандартыг нарийвчлан тусгасан байгаа. Тухайлбал, 400 грамм, шилэн савлагаатай бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэгчийн нэр, лого, бүтээгдэхүүний нэр багтах бөгөөд “Эхийн сүү хүүхдийн хамгийн сайн хоол мөн” гэсэн агуулгатай текстээс бүтээгдэхүүний нүүрэн хэсэгт байрлуулна. Мөн бүтээгдэхүүнд хүүхдийн насыг 1, 2, 3 гэж бичсэн байдаг. Гэтэл “1” гэсэн тэмдэглэгээ нь 0-6 сартай хүүхэд, “2” нь 6-12 сартай хүүхэд, “3” гэсэн тэмдэглэгээгээр 12-с дээш сартай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг тэмдэглэдэг. Энэ бүхнийг нарийвчилсан тайлбартайгаар бичиж байгаа. Мөн 400 грамм савлагаатай бүтээгдэхүүний шошгын үсэг 3мм байх ёстой. Энэ хэмжээнээс хэр том эсвэл бага савлагаатай байгаагаас шалтгаалан логоны үсгийн хэмжээ өөрчлөгдөнө. логог өөрөө хийж, гадуур нь бүрэх шаардлага тулгарч байгаа.

-Хуульд зааснаар стандартын шаардлага хангаагүй хүүхдийн сүү, тэжээл импортолж байгаа иргэн, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох вэ?

-Ийм төрлийн зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг 50 сая, иргэний таван сая хүртэлх төгрөгөөр торгоно. Харамсалтай нь Мэргэжлийн хяналт үүнийг хэрэгжүүлж чадахгүй байна.

Сонирхуулахад, Монгол Улсад албан ёсоор бүртгэлтэй хүүхдийн сүү, тэжээл импортолж байгаа 10 гаруй компани байдаг аж. Хууль хэрэгжиж буй нэг жилийн хугацаанд хүүхдийн сүү, тэжээлийн импорттой холбоотой ямар нэгэн ноцтой зөрчил илрүүлж, хуулийн дагуу торгоогүй байгаа ажээ. Мөн стандартын шаардлага хангаагүй буюу хаяг шошго нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдаж байвал түүнийг баримтжуулаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлж болох юм байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж