Дундговь аймагт ашиглалтын лиценз эзэмшигчийн үүргийн хэрэгжилт ямар байна вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Дундговь аймагт ашиглалтын лиценз эзэмшигчийн үүргийн хэрэгжилт ямар байна вэ?

“Нээлттэй
нийгэм Форум”-ын мониторингийн хөтөлбөрийн хүрээнд “Ногоон ертөнц
байгаль орчин” ТББ-аас Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал сумдад
ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2010 оны үйл
ажиллагааны “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийн
биелэлт”-ийн үүргийг багцлан  хэрэгжилтэнд мониторинг хийсэн. Дундговь
аймагт 2011 оны оны эхний байдлаар 47 ашиглалтын тусгай зөвшөөрөл
/лиценз/ бүртгэлтэй байснаас дээрхи 2 суманд 23 ашиглалтын тусгай
зөвшөөрөл бүртгэлтэй байна.

Уурхай тус бүр дээр очиж газар дээр
нь мониторинг хийхэд дээрхи 23 компаниас 9-н компани нь үйл ажиллагаа
явуулж байгаа, 3-н компани нь түр зогссон, 6-н компани нь үйл ажиллагаа
явуулж байгаад орхиод явсан, 5 компани нь үйл ажиллагаа огт явуулаагүй,
хөрс хөндөөгүй өрөмдлөг хийгээд явсан компаниуд байна.

“Ашигт
малтмалын тухай” хуульд заасан, уурхай дээр бэлэн байлгах бичиг баримт:
“Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), Уулын ажлын төлөвлөгөө (УАТ),
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ), Байгаль
орчныг хамгаалах төлөвлөгөө, Ус ашиглах гэрээ, Газар ашиглах гэрээ, 
Уурхайн шав тавьсан акт, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар”-ын
бүрдлийг газар дээр нь явж үзэхэд  Эм жи би ХХК 75 хувь,
Монголросцветмет ХХК 75 хувь, Говьшоо  ХХК 50 хувь, Эм Си ти ти ХХК 63
хувь, Тайхар-орд ХХК 38 хувь, Монспар ХХК 0 хувь, Биг могул коул энд
энержи ХХК 75 хувь, Мингхонда ХХК 75 хувь, Ханхас трейд ХХК 63 хувийн
үзүүлэлттэй гарсан бөгөөд бичиг баримтын бүрдлийн үзүүлэлтээс үзэхэд
ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Монголросцветмет ХХК, Говьшоо ХХК
компани нь ТЭЗҮ байхгүй ч үйл ажиллагаагаа явуулж байсан. БОНБНҮ
байхгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ханхас трейд ХХК, Эм жи
би ХХК, Говьшоо ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байлаа.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Тайхар-орд ХХК, Эм си ти ти ХХК, Эм
жи би ХХК, Говьшоо ХХК-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө байхгүй
байв. Усны гэрээ хийхдээ орон нутгийн БО-ны улсын хяналтын байцаагч,
компани хоёр нь Монгол улсын  “Усны тухай” хуульд заасан гэрээ
байгуулахад тусгах ёстой заалтуудыг тусгалгүй ерөнхий байдлаар гэрээгээ
хийсэн байна. Энэ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүх компаниуд
ижил байна. Жоншт газар ХХК нь   2007 оноос хойш үйл ажиллагаа
явуулаагүй, нөхөн сэргээлтээ  огт хийгээгүй, сүйтгэгдсэн хоёр талбай
үлдээсэн байна.

Тус мониторингийг уул уурхайн үйл ажиллагаа
явуулж байгаа компаниудын хуулийн үүргийн хэрэгжилтэд суурилан хийснээр
дараах дүгнэлтэд хүрээд байна.

АМТХ-д заасан аж ахуйн нэгжийн
уурхайн обьектод бэлэн байлгах ёстой бичиг баримтын бүрдүүлэлт
хангалтгүй байна. Ус, газар  ашиглах гэрээ нь хуульд заасан шаардлагыг
хангаагүй байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нь нөхөн
сэргээлтээ хангалтгүй хийдэг.

Төрийн захиргааны төв байгууллага
болон төрийн захиргааны байгууллагын хоорондын хамтын ажиллагаа, ажлын
уялдаа холбоо муу, шаардлагатай мэдээлэл авахаар хандахад вэб сайтад
байгаа гэдэг ч сайтад нь шаардлага хангасан бүрэн мэдээллийг
тавьдаггүй. 

Орон нутагт төсөв бага ирдгээс БО-ны улсын байцаагч
нь хоёроос гурван хүний ажлыг давхар хийж төрийн албаны доод
зэрэглэлээр цалинждаг нь ажлын бүтээмжийг бууруулж хяналт тавьж ажиллах
бололцоог олгохгүй байна. Тухайн орон нутгийн удирдлага нь байгалийн
гэнэтийн явдал тохиолдоход ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн
нэгжүүдээс  техник,  хөрөнгө мөнгөний туслалцаа авсанаар эргээд хяналт
тавих асуудлыг сулруулж байна. АМТХ-ийн мэдлэг багатайгаас иргэд уул
уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компанид хяналт тавьж чадахгүй
байна. 

“Ногоон ертөнц байгаль орчин” ТББ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж