"Даншиг Манжтай ямар ч холбоогүй"

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

"Даншиг Манжтай ямар ч холбоогүй"

"Даншиг Манжтай ямар ч холбоогүй"

Ирэх амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 4, 5-нд Хүй долоон хутагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин, соёлын наадмын талаар өнөөдөр /2018.08.01/ зохион байгуулах ажлын хэсгээс хэвлэлийн хурал хийлээ.

Тус хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж. Батбаясгалан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д. Чойжамц, Шинжлэх ухааны академ /ШУА/-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор профессор С. Чулуун нар оролцож, даншиг наадмын үер зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Даншиг наадам нь 2015 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн хувьд хүчит 256 бөх барилдан, их насны болон жороо морины уралдаан, лам нарын дунд ном хаялцах, цам харайх, Соёмбот туг залах, шашны ховор нандин үзмэрүүдийн үзэсгэлэн гарах зэрэг олон арга хэмжээ болох юм. Даншиг наадмын нэг гол онцлог нь шашны зан үйлийг түгээн дэлгэрүүлж, гадаадын жуулчдад Монголын соёлыг сурталчилдаг. Энэ жилийн даншиг наадмыг 297 сая төгрөгөөр зохион байгуулахаар болсон байна.

Дашрамд дуулгахад Даншиг наадам анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэл тэмдэглэх болжээ. Харин 1924 онд 8-р Богд Жавзандамба хутагтыг таалал төгссөнөөс хойш тэмдэглэхээ больсон байна.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С. Чулуун:

-Халхын Түшээд хан Гомбодоржийн хүү өндөр гэгээн Занабазарыг Жавзандамба хутагтын дүрээр тодруулахад их даншиг өргөх ёслол болсон. Энэ цагаас хойш 1920-иод он гартал жил бүр зохион байгуулагддаг байсан. Харин хүмүүс энэхүү наадмыг Манжийн үеийн баяр ёслол, шарын шашны зан үйл гэх мэтээр ярьж байна. Энэ бол монголчууд Богддоо өргөсөн бат оршил юм.

1634 онд Монголын сүүлчийн хаан Лигдэн нас барснаар монголчууд хаангүй болсон. Хаангүй төрийг хэн орлож байсан юм гэхээр Богд орлож байсан. Манж Чин улсын эрхшээлд монголчуудыг байхад оюун санааны хувьд зангидаж байсан зүйл бол яах аргагүй Богд юм. Тэгэхээр Богдод өргөх даншиг наадам нь шашин соёлыг тээж үргэлжлүүлэхээс гадна, монголчуудын нэгдэл хамтралыг илэрхийлж байсан хамгийн том баяр байсан юм. Энэ ёслолыг сэргээж шашин соёл дээр суурилсан Даншиг наадмыг 4 жил хийж байна.

Даншиг наадам Манж чин улстай ямар холбоогүй юм. Түүгээр барахгүй 1911 оны тусгаар тогтнолын нууц хувилдаан Богдод даншиг өргөх нэрийдлээр халхын ноёд цуглаж байсан түүх байдаг. Даншиг наадмын талаар Оросын жуулчин өөрийн нүдээр үзсэн зүйлсээ бичиж үлдээн тодорхой дүрсэлсэн байна. Даншиг наадмыг сар гаруй хугацаанд хийж Богдод даншиг өргөж ёслолыг хэд салгаж хийдэг талаар бичсэн байдаг. Богдод бат оршил өргөдөг нь Богдыг урт наслахыг бэлгэдсэн шашны зан үйл байсан юм. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эрийн гурван наадам хэдий үед төгөлдөршиж өнөөгийн биеллээ олсон юм гэхээр мэдээж даншиг наадмын үед юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж