Ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах хууль баталжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах хууль баталжээ

Ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах хууль баталжээ

Ирэх хичээлийн шинэ жилээс эхэлж сургууль дээр ухаалаг утас болон бусад электрон төхөөрөмжүүдийг хориглох шийдвэрийг Францын эрх баригчид өнгөрсөн даваа гаригт /2018.07.30/ гаргажээ.

“Бидний үүрэг бол хүүхдүүдийг хамгаалах. Ухаалаг утасны ёс зүйгүй хэрэглээнээс болж дэлгэцийн донтолт үүсдэг болохыг бид мэднэ.  Харин энэ хууль батлагдсанаар бидэнд олгогдсон үүргийн дагуу хүүхдүүдийг хамгаалах боломж олдож байна” гэж Франц улсын Боловсролын сайд Жеан-Мичьел Бланкүер мэдэгджээ.

Сургуулийн орчинд 3-15 настай хүүхдүүд ухаалаг утас, таблет бусад интернетэд холбогдох төхөөрөмж ашиглахыг тус хуулиар хорьсон бөгөөд ахлах болон дунд сургуулийн багш нар тус хуулийг дагах эсэхээ 15-аас дээш насны ахлах ангийн сурагчидтайгаа зөвшилцөх аж. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тус хориг нь үйлчлэхгүй бөгөөд тэд ухаалаг утсыг анги танхим, сургууль дээрээ сурган хүмүүжих зорилгоор ашиглаж болохыг тусгажээ.

Эммануэль Макрон Франц Улсын ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө кампанит ажлынхаа хүрээнд тус хуулийг санаачилж байсан нь одоо биеллээ олж хэрэгжихээр болсон бөгөөд парламентаас нь 62 саналтайгаар дэмжигдэж батлагдсан байна.

Гэхдээ тус хуулийг эсэргүүцсэн Францын зүүний баримтлагч намын төлөөлөгч Алексис Корбиере “Бодит байдал дээр бол бид энэ хуулийг өнгөрсөн 2010 онд баталж байсан. Энэ улсад миний мэдэх ямар ч багш хичээл орж буй ангидаа гар утас хэрэглэдэггүй” гэж ярьжээ. 2010 батлагдсан хуульд бүх анги танхимд ухаалаг утасны хэрэглээг хорьж байсан юм.

Бидний өдөр тутмын амьдрал ухаалаг утасны хэрэглээнээс хэт хамааралтай болж байгаа бөгөөд  “nomophobia” буюу гар утасгүй байх айдас /NO MObile PHOne PhoBIA/ тодорхойлолт дор сэтгэц мэдрэлийн эмгэг дэлгэрээд байгаа аж. Тодруулбал, ухаалаг утсаа биедээ авч яваагүй, ямарваа нэгэн зүйлээс болоод хэрэглэж чадахгүй байх үед айдас түгшүүр мэдрэхийг “номофобия” хэмээн тодорхойлно. Их Британид авсан судалгаанд санал өгөгчдийн 66 хувь нь номофобия шинж тэмдэгтэй бол үлдсэн 41 хувь нь хоёроос дээш гар утастай байж бусадтай холбоо тогтоож байгаагаа мэдэрдэг хэмээжээ.

Мөн Өмнөд Солонгост явуулсан судалгаанд ухаалаг утастай өдөр тутам интернет хэрэглэдэг өсвөр насны хүүхдүүдийн ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах чадварын түвшин буурдаг болохыг судалжээ. Учир нь ухаалаг утасны донтолт тархинд илгээгдэх мэдрэлийн эсийн хурдыг сааруулдаг болохыг олж тогтоосон байна. Үүнээс үзэхэд ухаалаг утасны хэт хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд сэтгэц мэдрэлийн хэмжээнд хүрэхүйц сөрөг өөрчлөлт бий болгожээ. Гэвч Лондон хотын Эдийн засаг болон Улс төрийн сургуулиас хийгдсэн туршилтад сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хорьсноор сурагчдын хичээл болон шалгалтын дүнд эергээр нөлөөлж байсныг ажиглажээ.

2016 онд 12-17 настай хүүхдүүдийн 90 хувь нь ухаалаг утас эзэмдэг бөгөөд 2005 оноос даруй 72 хувиар өссөн болохыг Францын харилцаа холбооны байгууллагаас мэдээлжээ.

Г. Батмандах
Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж