УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос дараахь зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ албан бичгийн хариуг өгсөн үү. Ээлжит бус чуулган хуралдах уу?
-Энэ асуудлаар УИХ-ын даргын зөвлөл өчигдөр буюу долдугаар сарын 30-нд дахин хуралдлаа. Даргын зөвлөлийн хурал дээр УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлахад татгалзах зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд гишүүдийн ирц ээлжит бус чуулган хуралдахад хүрэлцэх эсэх мэдээг гаргуулахад олонхи гишүүн тойрогтоо ажиллаж байна. Бас томилолтоор гадаад, дотоодод ажиллаж байгаа гишүүн байна.
Түүнчлэн хуулийн дагуу амралтаа авсан гишүүн ч олон байгаа. УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад ирц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар даргын зөвлөлийн хуралдаанаар ярилцсан. Энэ талаар Ерөнхийлөгчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзээд албан бичгээр хүргүүлсэн байгаа. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад ирц хангалттай бус байгаа учир энэ тухайгаа Ерөнхийлөгчид албан бичгээр мэдэгдсэн.
-Ерөнхийлөгч долдугаар сарын 17-нд мөн ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичиг өмнө нь илгээж байсан. Тэр албан бичигт заасан асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хууль зүйн үндэслэл байгаа юу?
-Ерөнхийлөгчийн албан бичигт “ Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Авлигатай тэмцэх газрын дарга авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаа тул УИХ-ын 2016 оны долдугаар сарын 08-ны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага бүхий албан албан бичгийг ирүүлсэн” гээд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах талаар дурдсан.
Үүнийг даргын зөвлөлөөр хэлэлцээд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоохоор шийдвэрлэсэн. Хууль зүйн байнгын хороо одоогоор хуралдаж амжаагүй байна. Өчигдөр хуралдсан даргын зөвлөлийн хурлаар өмнө нь шийдвэрлэсний дагуу Хууль зүйн байнгын хорооны хурлаар асуудлыг хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоох нь зүйтэй гэдэг дээр Зөвлөлийн гишүүд санал нэгдсэн байгаа.
Б.Номин