Бакиев дахин гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Бакиев дахин гарч ирлээ

Хэдхэн хоногийн өмнө огцорсон гэж мэдэгдээд байсан Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев өчигдөр Белорусийн нийслэл Минскт өөрийгөө ерөнхийлөгч хэвээрээ байгаа гэж мэдэгдэл хийжээ. Тэрээр болж өнгөрсөн үймээний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн төлөө эмгэнэл илэрхийлээд ямар ч хариуцлагыг хүлээхэд бэлэн гэсэн байна. Одоогийн байдлаар амь үрэгдсэн хүний тоо 80-д хүрчээ. Тэгэхдээ Бакиев “Намайг ерөнхийлөгчийн албанаас татгалзуулах тийм хүч хаана ч байхгүй. Киргиз хэний ч колони болох ёсгүй” гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Мөн тэрээр одоогийн Түр засгийн газрыг өөрсдийгөө өргөмжилсөн дээрэмчид гэж нэрлээд тэднийг хууль ёсны засаг захиргаа хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байхыг дэлхийн улс орнуудын тэргүүн нарт уриалав. Бакиев Киргизэд үндсэн хуулийн дагуу нөхцөл байдлыг тогтнуулахын төлөө бүх зүйлийг хийнэ гэдгээ амлаж байгаа юм. Энэхүү мэдэгдлийг Киргизэд нөхцөл байдлыг хянахыг оролдож байгаа Түр засгийн газрынхан хямралд хүргэх мэдэгдэл хэмээн хүлээж авч байгаа юм.

M.Наст  
Эх сурвалж BBC агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж