Хутгалуулсан Б.Амартүвшингийн биеийн байдал тогтворжжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.01-нд нийтлэгдсэн

Хутгалуулсан Б.Амартүвшингийн биеийн байдал тогтворжжээ

Хутгалуулсан Б.Амартүвшингийн биеийн байдал тогтворжжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өчигдөр /2018.07.31/ өглөөний 10.40 цагийн үед гаднын этгээд хутгалж бэртээсэн хэрэг гарсан. Цагдаагийн хэсэг хэргийн газар дээр ажиллаж, хохирогчийг Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Амартүвшинг 64 настай иргэн И хутгалсан. Энэ үйл явдал тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирын өрөөнд болжээ.

“Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Бусдын биед халдсан этгээдийг тэр даруйд баривчилсан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч хэвлийн тус газартаа хутгалуулсан тул хагалгаанд орсон” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өгсөн юм.

Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг байжээ.

Бидэнд олдсон мэдээллээр Б.Амартүвшингийн биеийн байдал тогтворжиж, хэвтэн эмчлүүлж байна. Харин ямар шалтгааны улмаас маргасан нь тодорхойгүй байгаа ч албан бус эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн этгээд нь Баянзүрх дүүрэгт жагсаал цуглаан хийхээр хүсэлт гаргаж түүнтэй уулзах хүсэлт удаа дараа тавьсан боловч гомдлыг шийдэж өгөөгүйгээс үүдэлтэй гэж ярилаа. Мөн хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлт 3-5 хоногийн дотор гарах аж.  

   Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж