Айлчлалд дарагдсан долоо хоног

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Айлчлалд дарагдсан долоо хоног

Өнгөрсөн долоо хоног айлчлалаар эхэлж, айлчлалаар төгссөн хөл хөдөлгөөн, үйл явдлаар өрнүүн болж өнгөрлөө. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор гадны төлөөлөгчдийн цуваа манай улсыг зорьсоор байна. Үүний нэг бол БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийн төрийн айлчлал юм. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн. Монгол Улстай харилцааны дээд шатанд дөхөж яваа улс бол БНСУ юм. Энэ ч утгаараа айлчлалын үеэр хоёр орон харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд хүрснийг нотоллоо. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Баг манай улсад гурав дахь удаагаа айлчилсан нь энэ юм. Засгийн газар Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж байгаа энэ үед Өмнөд Солонгосын компани тендерээс хасагдсан гэх мэдээлэл дуулдсан. Ерөнхийлөгч Ли Мен Баг айлчилж байгаа нь үүнийг өөрийн биеэр лавлах бодолтой ирсэн гэсэн таамаг ч байсан. Гэхдээ энэ нь оргүй таамаг биш болох нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нартай уулзах үеэр мэдэгдсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхах үеэр Ерөнхий сайд С.Батболд  “Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Зөвхөн Тавантолгой бус бусад орд, бүтээн байгуулалтын томоохон төсөл, эрдэс баялаг, дэд бүтэц зэрэг салбарт БНСУ-тай хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна” гэсэн. Харин Ерөнхийлөгч Ли Мен Баг ашигт малтмалын орд газруудыг ашиглахад БНСУ, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн айлчлалын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт   Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн сайд гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын яамны түвшинд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хороог байгуулж ажиллахаар болов. Монгол Улс Өмнөд Солонгос улстай дипломат харилцаа тогтоосон энэ хугацаанд худалдааны эргэлтийн хувьд манай дөрөв дэх томоохон түнш болжээ. Өнгөрсөн онд гэхэд худалдааны эргэлт 212.3 сая ам.долларт хүрсэн байна. Үүгээр ч зогсохгүй зээл, тусламж үзүүлдгээрээ дээгүүр байрт ордог. Энэ дагуу айлчлалын үеэр эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжихэд зориулж 300 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг манай улсад олгохоор болов. Уг зээлийг Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулахад зарцуулахаар талууд тохиролцсон юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалтай давхцан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден манай улсад хүрэлцэн ирэв. Тэрбээр Ерөнхий сайд С.Батболдын урилгаар зургаан цаг айлчилсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд АНУ-ын дэд Ерөнхийлөгчтэй уулзах үеэр “Таны айлчлал манай улс ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгож, манай ард түмэн улс төрийн эрхэнд байгаа аль ч хүчин ардчиллыг дээдэлж буйг АНУ хүлээн зөвшөөрч байгаагийн тод илрэл юм. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн иж бүрэн харилцааг хөгжүүлж буй орон” хэмээн онцолсон. Мөн хоёр орны хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн харилцааны хүчирхэг түншлэл бий болгох боломжтой. АНУ өндөр технологитой, харин манай улс байгалийн баялагтай төдийгүй улс төрийн болоод хөрөнгө оруулалтын таатай орчинтой болохыг ноён дэд Ерөнхийлөгчид уламжилсан юм. Харин дэд Ерөнхийлөгч Жозеф Байден “АНУ Монголын гуравдагч хөрш хэмээх хүндтэй нэр зүүж байгаадаа таатай байна. Тиймээс сайн хөрш байхыг эрмэлзэх болно. Монгол Улсыг сайхан ирээдүйтэй орон гэж хардаг” тухай онцлов.

Дэлхийн анхаарлыг татсан айлчлалыг БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн Төв хорооны Нарийн бичгийн дарга Жоу Юнкан үргэлжлүүлсэн юм. Тэрбээр ирсэн даруйдаа Ерөнхий сайд С.Батболдтой ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт хийсэн юм. Ерөнхий сайд С.Батболдын өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд хүргэсэн юм. Уг түвшинг өргөжүүлэн хөгжүүлэхэд Жоу Юнканы айлчлал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа. Энэ үеэр БНХАУ-ын тал уул уурхай, газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хилийн боомтыг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт өрнөсөн төрийн айлчлалуудын цаана уул уурхайд тэр тусмаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулах чин хүсэл нуугдсан байлаа.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж