Нийгмийн сүлжээн дэх контентийг хянах Германы хууль хэрхэн хэрэгжиж байна вэ? | News.MN

Нийгмийн сүлжээн дэх контентийг хянах Германы хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.07.31-нд нийтлэгдсэн

Нийгмийн сүлжээн дэх контентийг хянах Германы хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?

Нийгмийн сүлжээн дэх контентийг хянах Германы хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?

ХБНГУ-д 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тухай эхний хагас жилийн тайлангийн товч танилцуулгыг Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш эмхэтгэжээ.


ХБНГУ-д 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг Эрүүгийн хуулийн заалтуудыг нийгмийн сүлжээнд хэрэгжүүлэх зорилгоор баталсан юм. Нэн ялангуяа гүтгэлэг, доромжлол, мөн ална хэмээн айлган сүрдүүлэх болон гэмт хэрэгт уриалан дуудах зэрэг гэмт хэргийн эсрэг авч байгаа арга хэмжээ юм.

Шинэ хуулийн дагуу хэрэглэгчид Фэйсбүүк, Твиттер, Юүтюб дээр оруулсан агуулга хууль зөрчиж буй талаар мэдээлэх боломжтой болсон. Нийгмийн сүлжээнд платформ үүсгэж буй компаниуд хэрэглэгчдийг мэдээлэх эрхээ эдлэх техникийн боломжоор нь хангаж өгсөн байх ёстой. Хэрэглэгчдээс мэдээлэл хүлээн авснаас хойш 24 цагийн дотор компаниуд тухайн агуулга хууль зөрчиж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Германд хэрэглэгчийн мэдээлсэн агуулга хууль зөрчсөн эсэх тухай шийдвэрийг шүүх, цагдаагийн байгууллага гаргахгүй, харин нийгмийн сүлжээ эрхэлж байгаа байгууллагууд өөрсдөө хяналтаа тавих юм. Компаниуд хуулиар ногдсон өөрийгөө хянах үүргээ хэрхэн биелүүлж байгаад Холбооны хууль зүйн газар хяналт тавьдаг. Хэрэглэгч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд гомдлыг шүүх шийдвэрлэдэг. Нийгмийн сүлжээ эрхлэгч компаниуд өөрийн хяналт тавих  хариуцлагаа үл тоомсорлосон тохиолдолд холбооны хууль зүйн газраас өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Ноцтой тохиолдолд торгуулийн хэмжээ хэдэн сая еврогийн торгууль ногдуулах боломжтой. Ийм тохиолдол одоогоор гараагүй байгаа.

Хуулийн дагуу бол нийгмийн сүлжээ эрхлэгч компаниуд хагас жил тутамд тайлан гаргах ёстой. Эхний тайлангууд гарсан тул тус хуулийн нөлөөллийн талаар урьдчилсан дүгнэлт гаргах боломжтой боллоо. Тоо баримтаас харвал хуулийн нөлөөлөл сайнтай, саартай байна.

Юүтюбийн тайлангаас харвал тус компанид эхний хагас жилд нийтдээ 215 000 гомдол ирснээс 58 000 буюу ойролцоогоор гомдол гаргасан агуулгын 27 хувь нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон байна. Хууль зөрчсөн агуулгыг (видео, комментууд) устгах, эсвэл Герман Улсын хэмжээнд хандалтыг хаах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Гомдол гаргасан агуулгыг устгах, хаах гол үндэслэл нь дийлэнх тохиолдолд үзэн ядсан  үг хэллэг хэрэглэсэн, улс төрийн хэт туйлшрал зэрэг байжээ. Удаах байрыг доромжлол, садар самуун агуулгын талаар гомдлууд эзэлж нийт гомдлын 94 хувийг 24 цагт багтаан шийдвэрлэжээ. Зөвхөн 859 гомдлыг шийдвэрлэхэд долоо хоногоос илүү хугацаа зарцуулсан бөгөөд 3000 орчим тохиолдолд гомдол гаргагчийн зүгээс нэмэлт мэдээлэл шаардсан байна. Ойролцоогоор 40 удаагийн гомдолд хөндлөнгийн өмгөөлөгчөөс зөвлөгөө авчээ. Нийт гомдол гаргасан агуулгын зөвхөн 27 хувийг устгасан эсвэл хаасан байдал нь мэдээлэх эрхийг буруугаар ашигласан эсвэл хэрэглэгчдийн мэдлэг дутуу байгааг ч харуулж байх магадлалтай. Сонирхолтой нь Юүтюб зөвхөн нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах хуулийн заалтуудыг үндэслэн 15 000 гаруй агуулгыг хаажээ. Гэхдээ эдгээр агуулгууд тухайн компанийн дотоод журмыг зөрчөөгүй тул тус  хууль батлагдаагүй байх үед бол хаагдахгүй үлдэх, хаах шаардлагагүй агуулгууд байжээ.

Tвиттер болон фэйсбүүкийн хувьд ч төстэй тайлан гарчээ. Tвиттер уг хуулийн хүрээнд 264 000 мэдээлэл хүлээж авчээ. Дийлэнх нь ард олныг турхирсан (жишээ нь, ялгаварлан гадуурхсан доромжлол, үзэн ядсан үг хэллэг, хүчирхийлэлд уриалсан), доромжилсон болон гүтгэлгийн тухай гомдол хүлээн авчээ. Гэхдээ үүнээс зөвхөн 10 орчим хувь буюу 29 000 агуулгыг л устгах болон хаах арга хэмжээ авчээ. Зөвхөн 600 удаагийн шалгах ажил 24 цагаас илүү хугацаа шаардсан байна. Твиттер уг хуулийн заалтыг үндэслэл болгон гомдол гаргасан агуулгын хууль зөрчсөн эсэхийг хянан шалгах үүрэг бүхий 50 хүнийг ажиллуулдаг.

Харин фэйсбүүк компани нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хуулийн дагуу аливаа агуулга хууль зөрчиж буйг мэдээлэх үйл явцыг хэтэрхий ярвигтай, олон шатлалтайгаар программчилсан тул нийт 1704 гомдол хүлээн авчээ. Үүнээс 362 агуулгыг устгасан буюу хаасан байна. Фэйсбүүк 65 хянагчийг ажиллуулж байгаа аж.

Тоо баримтууд тус хуулийн нөлөөлөл өндөр байгааг харуулж байна. Компаниуд гомдлын үр өгөөжтэй гомдлын менежментийг бүрдүүлж, сайн ажиллаж байна, хууль зорилгодоо хүрч байна гэж дүгнэж байгаа ажээ.

Хэдийгээр мэдээлэгдсэн агуулгын тоо хэт өндөр биш ч бодитой. Шүүмжлэгчдийн зүгээс сэрэмжлүүлээд байсан зүйлс нотлогдсонгүй. Шүүмжлэгчид компаниуд хэт өндөр торгуулиас айсандаа заавал устгах эсвэл хаах шаардлагагүй агуулгуудыг олноор нь хааж устгах болно хэмээн болгоомжилж байсан юм. Тоо баримтууд өөрийн цензур буюу “overblocking”-оос айх шаардлагагүй гэдгийг харуулж байна. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш нийгмийн сүлжээгээр тархаж буй үзэн ядсан үг хэллэг, худал мэдээллийн тоо буурч байгаа эсэх болон нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль нь тохиромжтой хэрэгсэл болж чадаж буй эсэх талаар дүгнэлт гаргахад эрт байна. 2020 онд хуулийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх ажээ. 

Энэ талаар герман хэл дээрх нийтлэлүүдийг доорх хаягаар орж уншаарай:

Youtube: https://transparencyreport.google.com/netzdg/youtube

Twitter: https://cdn.cms-twdigitalassets.com/content/dam/transparency-twitter/data/download-netzdg-report/netzdg-jan-jun-2018.pdf

Facebook: https://fbnewsroomus.files.wordpress.com/2018/07/facebook_netzdg_juli_2018_deutsch-1.pdf                    

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-31 202.21.112.37

ХУУЛЬТАЙ УЛС ИЙМ САЙХАН

Avatar

Зочин 2018-07-31 66.181.161.82

Ийм хууль манайд хэрэгтэй бгаан. Фeйсбүүк дээр нэг хүний зураг тавиал хүн залилсан луйварчин энэ тэр гээл пост хийчихнэ. Тэгээд үзсэн хүмүүс нь бүгд үхэж далд ор энэ тэр гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж