Япон улс даяар 2018 оны долдугаар сард цаг агаараас болж, 300 гаруй хүн нас барсан нь өмнөх жилүүдэд тохиолдсон гамшгуудаас хамгийн аюултайд тооцогдож байна.
Долдугаар сарын эхээр хүчтэй аадар бороо орсны улмаас Японы баруун зүгийн нутаг дэвсгэрт үер бууж, хөрсний нуралт үүсэн 220 орчим хүн амь үрэгджээ. Үүний дараагаар ихэнх нутгуудад хэт халж 40 градуст хүрэхэд 116 хүн наранд цохиулж нас барсан байна.
Япон улс нь газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, хар салхи зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн идэвхтэй бүсэд оршдог ч гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авч, хохирол багатай давж ирсэн юм.
Гэвч Япон улсын Окаяама, Хирошима болон Эхиме мужуудад долдугаар сарын эхээр түүхэнд байгаагүй их хэмжээгээр бороо орсны улмаас үер бууж нөхөж баршгүй хохирол дагуулжээ. Ниппон сайтын тогтоосноор энэ зуны гамшгийг 1982 оноос хойш тохиолдсон хамгийн их үхэл дагуулсан гамшиг хэмээн тодорхойлжээ.
Үерийн гамшигт өртсөн иргэдэд туслахаар 70 мянган цэрэг, аврах ажилтнуудыг илгээж хог хаягдал цэвэрлэх болон ор сураггүй алга болсон хүмүүсийг аврахаар эрэн хайх ажиллагааг явуулсан. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хүн тус мужуудад туслахаар үлджээ. Сайн дураараа туслагчид болон аврах ажилчид үерийн улмаас сүйдсэн газруудад сэргээн засварлалтын ажилд дэмжлэг үзүүлж байсан ч хэт халалттай нүүр тулсан юм.
Цаг агаар хэт халж олон хүмүүс эмнэлэгт хүргэгдэж тусламж авсан. Эхний долоо хоногт 10 мянга орчим хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн бол хоёр дохь долоо хоногт энэ тоо 22 мянга болтлоо өссөн.
Нийслэл Токиогоос 65 километрын зайтай орших Кумагаяа хотод долдугаар сарын 23-нд 41.1 градуст хүрч хэт халсан нь Япон улсын түүхэнд байгаагүй халуун өдрийн нэгд бичигдсэн юм. Учир нь хоёр долоо хоногийн турш 15 мянга болон 5000 метрийн өндөрт хоёр давхар агаарын даралт хучсаны улмаас ийнхүү хэт халахад хүргэжээ.
Хэт халалтаас болж олон ахмад настан нас барсан төдийгүй хүүхэд эндсэн. Эрүүл мэндийн байгууллагууд ард иргэддээ ус сайн уухыг зөвлөж, эйр-кондишн хэрэглэж байхыг сануулж байжээ. Мөн онцын шаардлагагүй бол өдрийн хурц нар, халуун чийгтэй уур амьсгалаас зайлсхийж гадагш гарахгүй байхыг зөвлөсөн аж.
Токио хотноо 2020 онд зохиогдох зуны Олимпийн наадмын үеэр ийм хэт халалт болбол тамирчид болон үзэгчдийг хэрхэн хамгаалах тухай төлөвлөгөө боловсруулах даалгаврыг Олимп зохион байгуулах хороо авчээ.
Эх сурвалж: Asahi
Г. Батмандах