Их Британи улсын ард иргэд Брексит (Britain Exit) –ын алхамд итгэлтэй бус байгаа гэдгээ илэрхийлжээ. Найман сарын дараа тус улс Европын холбооноос гарахаар зэхэж байгаа боловч ерөнхий сайд Тереза Мей одоог хүртэл эдийн засаг, худалдааны түншүүдтэйгээ “боломжийн” гэрээ хэлэлцээр хэрхэн хийж тохиролцох тал дээр шийдэл олж чадахгүй байгаа аж.
Өнгөрсөн даваа гаригт Английн томоохон хэвлэл мэдээллийн байгууллага Скай Ньюс нийт ард иргэдийнхээ дунд Брекситын тухай санал асуулгаа явуулснаа толилуулжээ. Уг судалгаанд нийт ард иргэдийн 65 хувь Засгийн газар “муу” худалдааны гэрээтэйгээр Европын холбоог орхих болно, 40 хувь “Сайн” худалдааны гэрээтэйгээр Европын холбоог орхих болно гэж тус, тус саналаа өгсөн бол үлдсэн 10 хувь мэдэхгүй хэмээн хариулжээ.
Мөн санал асуулгад оролцогчдын 48 хувь Европын холбоонд үлдэх саналтайгаа илэрхийлсэн бол 27 хувь ямар ч гэрээгүйгээр тус холбооноос гаргах гэсэн саналыг дугуйлжээ. Харин 13 хувь Засгийн газрын байгуулсан гэрээний дагуу гэж саналаа өгсөн аж.
Олон нийтийн санал бодол өөрчлөгдсөн нь ерөнхий сайд Тереза Мей гэрээгүйгээр гарах Брексит төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэнд оршиж байгаа бөгөөд хэрэв ямар ч худалдааны гэрээгүйгээр Их Британи улс Европын холбооноос гарвал эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд тавдугаарт бичигдэхээ больж, 2.6 их наядын ДНБ огцом буурах эрсдэлтэй хэмээн судлаачдын дэвшүүлсэн саналыг болгоомжтой хүлээн авч буйтай холбоотой гэнэ.
Мөн санал өгөгчдөөс Брексит Их Британи улсад ямар үр дагавар авчрах вэ гэсэн асуултад 40 хувь нь “сайн” гэж хариулсан бол 51 хувь нь “муу” үр дагавар авчирна гэж хариулжээ.
Эх сурвалж: Reuters
Г. Батмандах