
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев ноднин өдийд “Роснефть”-ийн ерөнхийлөгчөөр Эдуард Худайнатовыг томилсон. Үүнээс өмнөх 12 жилд монголчууд Сергей Богданчиков гэгчийг царайчилдаг байлаа. Тэрбээр энэ албыг хаших хугацаандаа үүнийг нефть олборлолтын хурдац эрчимтэй нэмэгдүүлсэн, түлш үйлдвэрлэгч компаниуд хийгээд “Юкос”-ийн үндсэн активыг худалдан авсан. Тиймээс ч Орос орон даяар хүлээн зөвшөөрөгдөж, энэ салбартаа бүхэл бүтэн эрин үед дуурсагдах гавьяатай хэмээн өргөмжлөгддөг байв. Түүнийг “В.Путины хүн” гэлцдэг.
Тэгээд ч Д.Медведев, В.Путин нарын харилцаа муудаж эхлэх үед Ерөнхийлөгч захирамжаа гарган С.Богданчиковыг Э.Худайнатовоор “сольсон” нь тэдний сөргөлдөөний сонирхолтой үргэлжлэл болсон гэж үзэх нь бий.
Э.Худайнатовын хувьд салбартаа туршлагатай, сайн менежер хэмээн үнэлэгддэг. Тэрбээр “Газпром”-ын зарим салбарыг удирдаж байгаад “Роснефть”-д тэргүүн дэд захирлаар очоод, ердөө жил гаруйхны дараа ¹1 суудалд нь заларч чадсан юм. Харин эдүгээ “Роснефть”-ийг хөгжлийн шинэ шатанд гаргах уу, хувьчлагдахын өмнөх сүүлчийн ерөнхийлөгчөөр үлдэх үү гэдэг нь эргэлзээтэй болоод байна. Ер нь энэ хоёр салаа замын аль нь Монголд ашигтайгаар эргэх бол.
Нөгөөтэйгүүр “Роснефть”-ийн талаар монголчуудад түгшүүр төрүүлэхүйц нэгэн тоо дурьдагдсан. Юу гэвэл Орос, Хятадын хамтарсан нийгэмлэгийн 49 хувийг “Роснефть”, 51 хувийг БНХАУ-ын “CNPC” компани эзэмшдэг. Тиймээс БНХАУ-ын Эрчим хүчний сайд Зян Гу Бао “Роснефть”-ийнхэнд найр тавьсаар байгаа явдал юм. Мөн “Газпром”, “CNPC” компаниас мөнгө зээлээд оронд нь хий нийлүүлж байгаа. Гэхдээ байгалийн хийнийхээ үнийг хоёр тал тохиролцож чадахгүй байгаа юм билээ. “Роснефть” одоогоос хоёр жилийн өмнө “CNPC” компанитай мөн ийм гэрээ хийж, 25 тэрбум ам.доллар зээлээд одоо нефтиэ хямд үнээр нийлүүлэн зээлээ төлж байгаа аж. Орос, Хятадын ийм өгөө, аваа Монголын талд ээлээ өгч байсан удаагүй. Өөрөөр хэлбэл, биднийг тойруулан наймаалцаад ашиг олоод байгаа билээ.
Хэрэв энэ салбарынхны анхаарлыг татаж буй “Роснефть”-ийг хувьчлах тухай таамаглал биеллээ олдог юм бол манай улсын нефтийн хараат байдал ОХУ-аас БНХАУ-д шилжих аюултай байж мэдэх юм. Тэртэй тэргүй нефтийн салбарт цус нь ойртчихоод байгаа энэ нэгдэл ашиг л олж байвал юун Монголын эрх ашигтай манатай хэмээн ямар ч гэрээ, хэлэлцээрийг үл тоох магадлалтай. Эрхбиш ОХУ-ын төрийн мэдэлд “Роснефть” байгаа цагт хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон бусад хэлэлцээрийг хүндэтгэн одоохондоо бидэнд ээлтэй байгаа гэж хэлж болно.
Дашрамд дурьдахад Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдаан өнгөрсөн долоодугаар сарын эхээр Улаан-Үд хотноо болсон. Энэ удаагийн хуралдаанаар нефть хангамжийн асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байдаг. Э.Худайнатовтой анx удаа хэлэлцээрийн ширээний ард суух нь С.Богданчиковтой хэлэлцээр хийхээс тэс өөр уур амьсгал мэдрэгдсэн гэж манай зарим эх сурвалж хэлж байсан удаатай. Дээрх хуралдааны үеэр Оросын талынхан “Роснефтийг танай жижиглэнгийн болон бөөний худалдаанд гүнзгий оролцуулмаар байна” гэсэн хүсэлтээ цөхрөлтгүйгээр дахин тавьсан. Хоёр улсын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэний дараахан Оросын зарим сайтад “Монголд ШТС нь цөөндөөд хэрэглээгээ хангаж чадахгүй байна. Тэгсэн хэрнээ манай талаас нэмж 100 ШТС бариад өгье гэсэн санал тавихад монголчууд татгалзсан” гэхчлэн бичиж байсан. Татгалзсан тухайд одоогоос гурван жилийн өмнөх явдал. Харин энэ удаад манайхан “Судалж үзнэ” гэхээс өөр тоймтой хариу хэлээгүй.
Хэлэлцээр өндөрлөсний маргаашнаас шахам нефтийн крантаа “нээж”, эхний ээлжинд 10 мянган тонн шатахуун ачууллаа гэж дуулдсан. Тэгэхээр “Судалж үзнэ” гэдгийг В.Путины хэлсэнчлэн “Тохирлоо” гэдэг утгаар ойлгосон ч байж болох юм. Хэлэлцээрт оролцсон Монголын төлөөллийн хувьд Засгийн газрын түвшинд холбогдох яамд байр сууриа нэгтгэж чадаагүй байсан болохоор тоймтой хариу өгч чадаагүй болов уу. Харин энэ хооронд нефть боловсруулах гурван үйлдвэрийн шавыг тавьсан. Энэ ажил амар бүтэхгүй ч “Монгол Улс их мөнгөтэй болсон, эдийн засаг нь маш хурдацтай өсөж байгаа. Одоо өөрсдөө нефть боловсруулж эхлэх нь” гэсэн дохиог хөршүүддээ болон олон улсад өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Гэхдээ шинэ үйлдвэр барьж байгуулах, тоног төхөөрөмжөөр хангахад БНХАУ жигтэйхэн санаачлагатай оролцож байгаагаас болгоомжлууштай гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
"Улс төрийн тойм" сонин
