Ухаалаг гар утсанд зориулсан хагардаггүй дэлгэц зохион бүтээж, амжилттай туршсанаа “Самсунг” компани цахим хуудсандаа албан ёсоор мэдээлжээ. Уг дэлгэц нь шилний гадуур хамгаалалтын нийлэг бүрхүүлтэй учир хагарахгүй, илүү хөнгөн, илүү нимгэн, илүү тунгалаг гэж тус компанийн харилцаа холбооны ерөнхий менежер Хойунг Ким онцолж байна.
Шинэ дэлгэцийг туршихдаа Америкийн цэргийн стандартыг баримталсан бөгөөд 1.2, 1.8 метрийн өндрөөс унагахад дэлгэц гэмтээгүй байна. Түүнээс гадна 71 хүртэлх хэмийн халуун, 32 хэмийн хүйтэнд тэсвэртэй гэж мэргэжилтнүүд ярьжээ.
“Самсунг” компани уг дэлгэц өөрийн нэрийн ухаалаг гар утас, таблетуудад суурилуулахаас гадна цэрэг, батлан хамгаалахын зориулалттай техник, машины компьютер зэрэг төхөөрөмжид ч ашиглахаар төлөвлөж буй аж.
Эх сурвалж: CCTV