Сэтгүүлчийн эрхэд халдаж байгаа талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс (МСНЭ) өнөөдөр /2018.7.31/ мэдээлэл хийж, холбогдох хүмүүст шаардлага хүргүүллээ. Шаардлагад дараах зүйлс багтаж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр сэтгүүлчээс уучлалт гуй
- Хавдар судлалын үндэсний төвд болсон сурвалжлагын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулж, зохистой шаардлага тавьсан сэтгүүлчийг эсэргүүцэж, ‘UBS’ телевизийн зураглаачийн биед халдан танхайрч, тухайн газраас хөөн гаргаж, мэргэжлийн үйл ажиллагаанд нь санаатайгаар саад учруулсан. Дараа нь зураглаачийг гүтгэж, нэр төрд нь халдан, ёс зүйгүй мэдээлэл цацсанд МСНЭ харамсч байна. Энэхүү үйлдэлдээ Т.Гантөмөрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сэтгүүлчээс уучлалт гуйхыг шаардаж байна.
Сэтгүүлчийн биед халдсан ажилтанд ХЗДХЯ хариуцлага тооц
- Өнгөрсөн баасан гаригт Монгол, Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вэйсел Акчайг хулгайлсан гэх үйлдэл гарсан. Тухайн үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж, ажлаа хийснийх нь төлөө “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн ажилтан халдаж, санаатайгаар зодож танхайрсан үйлдэл гаргажээ. Мэдээллийг газар дээрээс нь шуурхай сурвалжлан, олон нийтэд хүргэх албан үүргээ гүйцэтгэж байхад нь сэтгүүлчийн биед халдсан хэрэгт харамсал илэрхийлж, Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-нд шаардлага хүргүүлж байна. Шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд МСНЭ нь Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд заасан мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, дараагийн шат шатны арга хэмжээ авч ажиллах болно. Улмаар сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, жагсаал цуглаан зохион байгуулах арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Сэтгүүлч Б.Батцэцэгийн биед халдсан хуулийн ажилтны мэдээллийг ХЗДХЯ-наас гаргуулж авах, тухайн ажилтанд хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлага хүргүүлж байна.
Түүнчлэн МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн даргын сонгуульт ажилтан Ц.Чулуунцэцэг “МСНЭ-ийн дэргэд хуулийн зөвлөх ажиллуулж байгаа. Одоогоор сэтгүүлч Г.Балжмаа, М.Булганцэцэг, УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудлаар сэтгүүлч Б.Майцэцэг нартай холбоотой хэрэгт үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч байгаа. Бусад сэтгүүлч МСНЭ-д хандаж болно. Зураглаач болон сэтгүүлч Б.Батцэцэгтэй холбоотой асуудлуудаар сэтгүүлчидтэй холбогдон тодруулга авч байна” гэлээ.
Р.Ренчиндулам