Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Тусгаарлагч

Ийм нэрийг зүгээд байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр. Тэрбээр Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас парламентын гишүүний суудалд заларсан нэгэн. Түүнийг УИХ-ын гишүүн болсноос хойш хүмүүс тэр бүр мэддэггүй байлаа. Харин хуучны МАХН нэрээ сольж Ардын нам болсон нь Ц.Шинэбаярыг олонд таниулсан юм. Н.Энхбаяртай нийлж, МАХН нэрийг авах хөдөлгөөн өрнүүлэн хэдэн сарын нүүр үзсэн. Энэ хугацаанд түүнийг “Дуугүй хүн гэнэт дуу орж байгаа нь юуны учир вэ” гэж хардах хүмүүс ч байв. УИХ-ын гишүүдээс тусгаарлан “Энэ танхимд чинь суухгүй. Гудамжинд, иргэдийн дунд ажиллах болно” гэж хэлж байсан удаатай. “Явсан нохой яс зууна” гэгчээр Ц.Шинэбаяр МАХН нэрийг Н.Энхбаярт “зуугаад” ирсэн хүн. Гэтэл ажиллаж, зүтгэснийхээ үр дүнг төдийлөн үзэж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр түүнд таалагдахаа больсон гэсэн үг. Тэгээд УИХ-ын гишүүдээс тусгаарласан шигээ Н.Энхбаяраас зайгаа барилаа. “Ц.Шинэбаярыг өөрөө намын дэд даргын суудлыг өгөх хүсэлтэй байгааг нь хүндэтгэн үзэж албан ёсоор намаас хаслаа” гэж намын дарга Н.Энхбаяр хэлсэн. Ямартай ч Ц.Шинэбаяр гишүүн Н.Энхбаярт ашиглуулж, ашиглуулчихаад гом­дол нэхэхгүй саллаа. Харин үүнийхээ оронд “Хамуг Монгол” хөдөлгөөн байгуулж, МАХН-ынхаа гишүүдээс заримыг нь элсүүлэн тусгаарлагч нэрийг бататгалаа. Эрхэм гишүүнийг цаашид хэнээс хэрхэн тусгаарлахыг нь бурхан л мэдэх байх.    

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж