Малайзад онц хэрцгийгээр амиа алдсан Монгол иргэн Ш. Алтантуяагийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж прокурорт шилжүүлэн өгсөн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Малайзын ерөнхий сайд Махатир Мохамад аллагын хэрэгт цаазын ял авсан ч Австрали руу оргон зайлсан Сирул Азхар Умарыг Малайзад авчрах асуудлаар Австралийн Гадаад хэргийн сайд Жули Бишоптой ярилцана гэж мэдэгдлээ.
Жули Бишоп Малайзад гурван өдрийн айлчлал хийнэ. Айлчлал өнөөдрөөс эхэлж байгаа юм. Энэ уулзалтаар тэд Сирулыг Малайзад авчрах талаар ярилцахаас гадна Австрали, Малайзын харилцаа гэх мэт хэд хэдэн асуудлаар хэлэлцэх аж.
2006 оны аравдугаар сард Шах Аламын ойролцоох ойд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн бөгөөд 2015 онд Холбооны дээд шүүхээс есөн жилийн дараа Азила болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон билээ. Гэвч Сирул ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан бөгөөд Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх цагаачлалын саатуулах төвд хоригдсоор байгаа юм.
Эх сурвалж: themalaysianinsight