Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг ажлын өрөөнд нь үл таних этгээд хутгалсан тухай бид мэдээлсэн.
Албан эх сурвалжаас авсан мэдээллээр яг одоо Б.Амартүвшин нь Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орж байгаа аж.
Болсон хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн байранд хүн хутгалуулаа гэх дуудлага өнөөдөр /2018.07.31/ 10.40 цагийн орчимд 102 утсанд ирсэн. Хэргийн газар Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс ажиллахад Тамгын газрын дарга Б.Амартүвшинг тус дүүрэгт оршин суух хаягтай, 64 настай И гэгч нь хутгалсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Сэжигтэн этгээд нь түүний албан өрөөнд нь уулзах санаа зорилгоор орж ирээд биед нэг удаа мэс хүргэсэн” гэсэн мэдээллийг өгөв.
Баянзүрх дүүргийн Тамгын газрын даргыг хутгалжээ
Энэ тухай тус дүүргийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад цагдаа, түргэн тусламж ажиллаж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна. Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явжээ. Түүнийг Цэргийн госпитал руу хүргэсэн аж.
Хэрэг явдал гарах үед тус Тамгын газрын байранд байсан иргэний хэлж буйгаар ‘Дээд давхарт гэнэт орилоон болж, пижигнэлдсэн. Хүн хутгалчихсан байна гэх дуу хадсан’ гэж байлаа. Яг одоо цагдаагийнхан хэргийг үйлдсэн этгээдээс байцаалт авч буй аж.
Бидэнд олдсон мэдээллээр Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг 64 настай ахмад настан хутгалсан гэх мэдээлэл байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Э.Ариун