Бүгд Найрамдах Сомали улсын ерөнхийлөгч Мохамед Абдуллахи өнгөрсөн бямба гаригт /2018.07.28/ Эритри улсад айлчлал хийж, нийслэл Асмарад ерөнхийлөгч Исайас Афверкитай уулзсан байна. Гурав хоногийн айлчлалаар хоёр улсын ерөнхийлөгч нар дипломат харилцаагаа сэргээх шийдвэрт хүрч 20 жилийн турш үргэлжилсэн сөргөлдөөнд цэг тавьжээ.
“Хоёр улс дипломат харилцааг тогтоож элч төлөөлөгчид солилцож, худалдаа болон хөрөнгө оруулалт, боловсрол, соёл уламжлалыг дэмжиж энхийн дагуу асуудлуудаа шийдвэрлэх болно” хэмээн ерөнхийлөгч Мохамед Абдуллахи, Исайас Афверки нар мэдэгджээ.
Африкийн эвэр гэгдэх Сомали, Этиоп, Эритри болон Жибути улсууд нь Африк тивийн зүүн хойгт хиллэдэг бөгөөд олон жилийн соёл уламжлал болон геополитикийн хувьд чухал ач холбогдолтой байршилд тооцогддож иржээ. 1998-2000 онд болсон Этиоп, Эритригийн хилийн дайн тус улсуудыг хагаралдахад хүргэсэн юм байна. Гэвч 2018 онд Этиоп улс Эритри улстай энхийн гэрээ байгуулснаар Африкийн орнууд дахин нэг эвсэлд ороход бодитой хувь нэмэр оруулсан юм.
Эх сурвалж: Reuters
Г.Батмандах