Борооны ус шагайгаар татна, гарааш тэр чигтээ усанд автжээ. Гараашийн орох хэсэгт шуудайтай элс овоолсон байх бөгөөд усыг соруулах ажил ид дундаа өрнөж байлаа. Гараашийн хаалга хэсэгт өвдөг хэртэй ус татсан байдал ажиглагдлаа. Эргэн тойронд харанхуй бүчиж, тогтоол усанд алхахад бэрхшээлтэй аж. Энэ бол 115-р сургуулийн ойролцоох UB TOWN хотхоны 56 В байр юм.
Биднийг өчигдөр /2018.07.30/ 14.00 цагийн орчимд очиход тус байрны гараашд тунасан усыг соруулах ажил үргэлжилж байлаа.
Цахилгаанчин бололтой 50 эргэм насны эр “Усархаг борооны дараа 10 хоног нойр, хоолгүй ажиллалаа. Доороосоо усны ундаргатай учраас хэдэн ч удаа соруулаад нэмэр болсонгүй. Ус урсаад л ороод ирэх юм. Энэ хавийн айлууд долоо хоног тоггүй байсан. Өчигдөр оройхон хэрэглээний тог ирлээ” хэмээн бухимдангуй ярилаа.
Одоогоос хэд хоногийн өмнө Улаанбаатар хотод орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 11,15-р хорооны зарим орон сууцны гарааш усанд автжээ. Тодруулбал, Удирдлагын академи, 115 дугаар сургууль орчим байрлах 40 гаруй орон сууцны доороос ус нэвчиж байна гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирж, тэр дагуу албаныхан ажилласан байдаг.
Борооны ус соруулж байгаад тогонд цохиулж амиа алджээ
Бидэнд олдсон мэдээллээр тус хорооны 115-р сургууль орчмын бараг бүх барилгын зоорийн давхар руу гаднаас ус орсон болон доороосоо ус нэвчсэн байдалтай байжээ. Зоорийн давхрууд хамгийн багадаа шагайгаар эсвэл өвдгөөр татсан устай байсан гэж оршин суугчид ярилаа. Хамгийн харамсалтай нь, тус дүүргийн 11-р хороо 81 дүгээр В байрны зоорийн давхарт борооны ус соруулж байсан 43 настай Т нь цахилгаанд цохиулж нас барсан хэрэг энэ сарын 25-нд гарчээ. Мөн улсын хэмжээнд дөрвөн ширхэг автопомп буюу ус соруулах төхөөрөмж эвдэрч энэ хавийн айлууд долоо хоног гэрэл цахилгаангүй, халуун, хүйтэн усгүй өнжжээ.
“Тунгалаг Буянт дуут” ХХК-ийн цахилгаанчин С.Батсүх “Усны ундарга нь гарч ирж байгааг харж байна уу. Гараашийн баруун талд нь нэг метр 30 см орчим устай байна. Бүүр цаашаа их гүнзгий байгаа. Өнгөрсөн жилүүдэд үерийн ус нэвчдэг байсан ч ундарч орж ирдэг байсан удаагүй” хэмээн яриагаа эхлүүлэв. Түүнээс бид дараах асуултад хариулт авлаа.
Усны ундаргатай тул яаж ч соруулсан хүчрэхгүй байна
-Үерийн улмаас энэ хавийн айлуудын цахилгааныг хязгаарлаад олон хоножээ. Айлууд цахилгаантай болж чадсан уу. Үерийн усыг багасгахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Байрны доор усны ундаргатай тул нэмэр алга, ус орж ирээд байна. Аргаа бараад элс тавьчхаад сууж байна. Бороо орсны дараагаас долоо хоног нойр хоолгүй ажиллалаа. Усны ундаргатай тул бид яаж ч соруулаад хүчрэхгүй байна. Өчигдөр оройноос тог ирсэн. Энэ хугацаанд ус соруулахдаа гурван мотор шатаасан. Одоогоор цахилгааны шийд, узель ажиллахаа больсон. Бороо орсны дараахан буюу энэ сарын 23-нд гарааш руу орох арга байгаагүй. Тэгээд айл өрхүүдийн тогийг тасалж, онц байдал зарласан. Нийтдээ зургаан өдөр тоггүй байсны эцэст өчигдөрхөн айл өрхүүдийн хэрэглээний тогийг өгсөн. Бид янз бүрийн аргаар л усыг соруулж үзлээ. Байгалийн гамшиг учраас олон удаа шавхаж байна.
-Хохирлыг хэн барагдуулах вэ?
-Түүнийг би сайн мэдэхгүй гэхдээ анхнаасаа усны ундаргыг тооцоолоогүй барьсан барилгын компанийн буруу. Бид энд эрүүл мэндээрээ хохирч, мөөгөнцөртэй орчинд ажиллаж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэл, онцгойгоос хүмүүс ирж энэ усыг шавхахад тусалсан. Цаашид бороо орвол яах вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Энэ байрны оршин суугчид эд хөрөнгөөрөө хохирно шүү дээ. Бид яах вэ бушуухан тогийг нь залгаж өгчхөөд явж байна. Энэ барилгыг хийж гүйцэтгэсэн компаниуд газар дээр нь ажиллаад арга хэмжээ авах хэрэгтэй. Өнөөдөр маргааш өнгөрсөн ч хойтон зун дахиад ус урсаад айлууд хохирно.
Гэртээ ирэхэд тог цахилгаан байтугай ус байгаагүй
Ингээд ус нэвчсэн гараашаас гарч оршин суугчидтай уулзав. Тус байрны оршин суугч 40 орчим настай эмэгтэй “Би хэд хоногийн өмнө Хонхор луу явахад охин минь над руу тог тасарчихлаа наймдугаар сарын 1-н хүртэл ирэхгүй гэж ярьсан. Гэртээ ирэхэд халуун ус байтугай хүйтэн ус байгаагүй. Оршин суугчид бид нарт үнэхээр хүндрэлтэй байсан. Цаг тухайд нь СӨХ-ийн мөнгөө төлөөд явж байхад яагаад тоггүй усгүй байх ёстой юм. Үүссэн асуудлаа даруй шийдэж өгөх шаардлага тавьсан. Тэгтэл СӨХ-ийн нягтлан бололтой эмэгтэй олон тайлбар хэлсэн. Ер нь байрны гадаа гараад сууя гэхээр зүлэгжүүлэлт байхгүй, хогондоо дарагдаад сууж байдаг” гэж ярилаа.
Оршин суугчдын цахилгааныг хэсэгчлэн өгөх шийдвэр гаргажээ
Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг өнгөрсөн ням гаригт /2018.07.29/-нд хуралджээ.
Тус дүүргийн 11, 15-р хорооны нийт 14 байрны зоорийн давхруудад их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учир тогийг бүрэн хязгаарлаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм. Мөн тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс УБЦТС, МХЕГ, Хувийн СӨХ зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг дээрх байруудад үзлэг шалгалт хийж дуусаад байгаа аж. Одоогоор B1 давхар, орцны лифт зэргийн тогийг үргэлжлүүлэн хязгаарлаж иргэд, оршин суугчдын тогийг хэсэгчлэн түр хугацаагаар өгөх шийдвэр гаргаад байна.