“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас дараах тодруулгыг хийлээ.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудал юу болж байна вэ?
-Сүүлийн жил гаруйн хугацаанд 268 мянган тонн нүүрсний асуудал яригдаж байгаа. Энэ бол 2014 оноос хойш болсон процесс. Өөрөөр хэлбэл, 2014 оноос хойш орон нутгийн Тавантолгой технологийн төрөл бүрийн хэлбэрээр манай лицензийн талбай бүхий хэсэгт байгаа нүүрсийг зөөсөн байдаг. 2016 онд бид ажлаа аваад 268 мянган тонн нүүрс гэдгийг орон нутгийн Тавантолгойгоор хүлээн зөвшөөрүүлж, хоёр талын акт үйлдсэн. Ингээд Сангийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, хуулийн байгууллагаас ажлын хэсэг байгуулж шалгахад 268 нь нэмэгдээд 340 орчим болсон гэж ойлгосон. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарах байх. Орон нутгийн Тавантолгой бол манай уурхай дотор байрладаг жижиг уурхай юм. Бүхий л үед манай уурхайн хил хязгаарыг давж ордог, харуул хамгаалалтыг нэвтэрч ордог. Тэгэхээр цаашид ямар ч зөрчилгүй болгох арга хэмжээг авах ёстой.
-Хохирлыг хэрхэн барагдуулах вэ. Хохирлыг мөнгөн дүнгээр хэлэх боломжтой юу?
-Мөнгөн дүн хэлэх боломжгүй. Орон нутгийн Тавантолгой, манай уурхайн нүүрс ялгаатай үнээр зарагддаг. Тэгэхээр нүүрсийг нүүрсээр төлүүлэх боломжтой эсэхийг судалж байна.
-“Эрдэнэс Тавантолгой” уламжлалт аргаар батлагдсан хэдэн тонн нүүрсний нөөцтэй вэ?
-Уламжлалт аргаар батлагдсан А, B, С зэрэглэлийн 5,1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Сүүлд 7,3 тэрбум тонн болох нь батлагдсан. А зэрэглэлийн нүүрс нь 1,1 тэрбум гэх мэт тоо манай дээр байж байгаа. Бид нөөцийн нэгдсэн тайланг 90 орчим хувьтай боловсруулаад байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ирэх наймдугаар сард оруулж, батлуулах төлөвлөгөөтэй байгаа.
-“Чалко Трейдинг Хонгконг” компанитай байгуулсан гэрээг сайжруулсан гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-“Чалко Трейдинг Хонгконг” компанитай 2010 оноос хойш гэрээтэй байгаа. Бид тус компанитай байгуулсан гэрээг сайжруулаад явж байна. Тухайлбал, нүүрсний суурь үнийг 61 ам.доллар байхаар гэрээндээ тусгуулсан. Ингэснээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 61 ам.доллараас доош орсон ч “Чалко Трейдинг Хонгконг” компанид 61 ам.доллараар нүүрсээ нийлүүлэх, нүүрсний үнэ 61 ам.доллараас дээш өссөн тохиолдолд тухайн өссөн ханшаар нүүрсээ нийлүүлэх нөхцөл бүрдсэн. Чалко бол олон улсын зах зээлд гарчихсан компани учраас энэ компанитай гэрээ байгуулсан “Эрдэнэс Тавантолгой”-н нэр хүнд өндөр байгаа юм шүү. Анх Чалкогоос гэрээний урьдчилгаа болгож 350 сая ам.доллар авсан. Энэ урьдчилгааг 2017 онд төлж дуусгасан. Одоо үндсэн гэрээ эхэлж байна. Тэгэхээр баруун цанхиар гарч байгаа нүүрсний үнэтэй дүйцүүлнэ. Ингэхийн тулд бид өдөр тутам шахаж ажиллаж байгаа.
-Тавантолгойн 30 хувьд IPO гаргах шийдвэрийг улстөрчид дэмжиж байна. Тэгвэл аль хөрөнгийн биржээр дамжуулан гаргахаар төлөвлөж байна вэ?
-Энэ бол шууд нэг үйлдлээр хийгдэх ажил биш. Маш их хөдөлмөр шаардана. Ер нь Хонгконгийн хөрөнгийн биржийг судлаад явж байна. Ажлын хэсгийнхэн дүгнэлтийг урьдчилан таамаглах хэцүү байна. Гэхдээ энэ ажлын бэлтгэлийг 180 хоногийн дотор хийж амжина. Төслийн хөрөнгө оруулалтаар төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах, усан хангамжийн төсөл, бусад авто зам, цахилгаан станц гэх мэт олон асуудлыг шийдэх шаардлага байна. Гэхдээ алинд нь ямар хэмжээний хөрөнгө оруулах вэ гэдгийг Засгийн газар тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан бодлогын хүрээнд шийдвэрлэнэ.
-Ажилчдын дундаж цалин 21 хувиар өссөн гэж та өмнө нь мэдэгдсэн. Дунджаар хэдэн төгрөг болсон бэ?
-Энэ жил хоёр удаагийн зохион байгуулалтаар цалинг 21 хувиар нэмсэн. “Эрдэнэс Тавантолгой” бол дэлхийд өрсөлдөх хэмжээний уурхай юм. Ажилчдын дундаж цалин бол өндөр. Жишээ нь би сүүлийн гурван сарын хугацаанд хамгийн өндөр цалин авсан ажилчдын жагсаалтыг харахад миний цалин 12,14 дүгээрт жагсаж байсан. Гүйцэтгэх захирал хамгийн өндөр цалин авдаг юм биш. Би сард 3,2 сая төгрөгийн цалин авдаг. Надаас өндөр цалин авдаг 10 гаруй хүн манай уурхайд бий.