Шинэчлэл үгүйлэгдсэн нийтийн тээврийн салбар

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

Шинэчлэл үгүйлэгдсэн нийтийн тээврийн салбар

Шинэчлэл үгүйлэгдсэн нийтийн тээврийн салбар

Өглөө орой автобусны буудал “манаж”, товлосон чиглэлдээ амжиж суухаар уралдан гүйлддэг мянга мянган үйлчлүүлэгчийн нэг нь би. Тиймдээ ч нийслэлийн нийтийн тээврийн алдаа, оноог андахгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах гэж нийслэлийн удирдлагууд бишгүйдээ л хичээж ажиллаж байгаа. Тухайлбал, цахим картын системийг нэвтрүүлсэн. U-money буюу цахим картын системд иргэд дасах гэж тодорхой хугацаа өнгөрч, хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан. Харин одоо нийтийн тээврээр үйлчлүүлдэг ихэнх иргэд бэлэн мөнгө гэхээсээ илүүтэй U-money картаараа зорчоод дасчихжээ. Цахим карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн хэдий ч нийтийн тээврийн үйлчилгээ төдийлөн иргэдийн сэтгэлд нийцэхгүй хэвээр байна. Дуу чимээ ихтэй, хар утаа суунаглаж, бохир, хэзээ мөдгүй салж унах гэж байгаа нь нүдэнд илт харагдах болжээ. 

Нийтийн тээврийн газарт 1200 гаруй автобус бүртгэлтэй байгаагаас өдөр бүр 930-940 автобус их, дунд угсраа буюу троллейбус иргэдэд үйлчилдэг.Харамсалтай нь, 1200 автобусны 80-аас дээш хувь нь наймаас дээш жилийн насжилттай. Өөрөөр хэлбэл, Нийтийн тээврийн насжилт нь 12 жил болоход үйлчилгээнээс хасагддаг журамтай. Үүний дагуу одоо үйлчилгээнд явж буй нийтийн тээврүүд дөрвөн жилийн дараа үйлчилгээнээс хасагдана гэсэн үг юм.

Нийтийн тээвэрт хамгийн сүүлд 2015  онд угсраа, эко, дунд багтаамжийн зэрэг 70 шинэ автобусаар парк шинэчлэлт хийсэн байдаг. Үүнээс өмнө 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 автобусаар парк шинэчлэл хийж байжээ. Тэдгээр автобус нь одоогийн байдлаар эдэлгээт хугацааныхаа 70-80 хувийг гүйцээгээд байгаа аж. Тухайлбал, 2017 онд 200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдахад мөн тооны автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд паркийн нөхөн хангалт хийсэн байна.  Харин энэ жилийн тухайд 2006 онд үйлдвэрлэгдсэн 50 гаруй автобус үйлчилгээнээс хасагдах гэнэ.  Зарим тохиолдолд БНСУ-ын нийтийн тээвэрт ашиглаж байсан 7-8 жил болсон автобусыг Монгол Улсад хамгийн багадаа 4-5 жил ашигладаг гэж албаны хүмүүс хэлж байлаа.

парк шинэчлэл хийж амжихгүй бол 2021-2022 онд нийтийн тээврийн үйлчилгээ доголдоно

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагаас доорх асуултад хариулт авлаа.

-Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхэд ямар асуудал тулгарч байна вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдалд дизель түлшийг бөөний үнийн нэг литрийг 2000 төгрөгөөр авч байна. Ингэснээр аж ахуй нэгж байгууллагуудын нийт зардлынхаа 30 хувийг зөвхөн шатахууны зардал эзэлдэг. Тэгэхээр шатахууны үнэ өсөхөд л компанийн зардал автоматаар 3/1 ихэснэ гэсэн үг. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын санхүүгийн хувьд бэхжих боломжид сөргөөр нөлөөлөөд байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн нөхцөл байдалд  аж ахуй нэгж байгууллагууд өдөр хоногийг залгуулах хэмжээнд зарим компанийн хувьд нөхцөл байдал  бүр хүнд байна. Гэхдээ нийслэлийн тээврийн газраас иргэдийг шинэ, аюулгүй, эко тав тухтай тээврийн хэрэгслээр зорчуулах ёстой гэсэн бодлого барьж ажилладаг. Энэ хүрээнд хэд хэдэн чиглэлээр парк шинэчлэл хийхээр яригдаж  байна.

-Тухайлбал?

-Хамгийн эхэнд улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэмж автобус авъя гэдэг саналыг 2017 он, 2018 оны төсөвт өгсөн. Харамсалтай нь, сүүлийн хоёр жил улс орны эдийн засгийн байдал болон холбогдох зүйлсээс хамаараад төсөв батлагдаж чадахгүй байна. Энэ намар 2019 оны төсөвт суулгуулахаар холбогдох тооцоо судалгаагаа гаргаад явж байна.

2009 онд 400 автобусаар парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобуснууд гуравхан жилийн дараа 2021 онд үйлчилгээнээс гарна. Бидэнд нэгхэн өдрийн дотор  олон тооны автобус оруулж ирэх боломж байхгүй учраас  одоогоос бага багаар 100 автобус юм уу 200 автобусаар  үе шаттайгаар парк шинэчлэл хийх шаардлага тулгараад байна. Ялангуяа 2019-2020 онд парк шинэчлэл хийж амжихгүй бол 2021-2022 онд нийтийн тээврийн үйлчилгээ доголдоно.

Хоёрдугаарт гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжийн хүрээнд парк шинэчлэлийг судалж байна. Тухайлбал, БНСУ-аас 1000 хүртэлх байгалийн шатдаг хийгээр ажилладаг эко автобус авах асуудал судалгааны төвшинд явж байна. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 200 хүртэлх автобус авахаар хэлэлцээрийн шатанд явж байна. Энэ ажил 2017 оноос эхлээд өнөөдрийг хүртэл суурь судалгаа нь хийгдээд явж байгаа чухал ажил байгаа юм .Өнөөдрийн байдлаар энэ гурван чиглэлд парк шинэчлэл идэвхтэй яригдаж  байна даа.

-Иргэдийн зүгээс автобусны хорт утааны талаар их ярьдаг даа.  Насжилт өндөр автобуснаас тортог их гардаг юм уу?

-Бид аль болох байгаль орчинд ээлтэй хар утаа гаргадаггүй хүрээлэн байгаа  орчноо бага бохирдуулдаг тээврийн хэрэгслийг сонгох хүсэлтэй байдаг. Гэсэн хэдий ч энэ чиглэлийн өндөр технологийн автобуснууд үнэ ханш нь ердийн автобуснаас 1.5-2 дахин илүү үнэтэй. Үүнийгээ дагаад ашиглалтын зардал өндөр байгаад байдаг юм. Цаашдаа аль болох цахилгаан хэрэглээ бүхий тээврийн хэрэгслийг ашиглахаар зорьж байна. Засгийн газрын  ээлжит хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоол гарсан.  Энэ хүрээнд  нийслэлд дизель хөдөлгүүрээр явдаг автобус, ачааны машин хөдөлгөөнд оролцуулахгүй байх асуудлаар Засгийн газраас чиглэл өгсөн.

-Тэгэхээр дизель түлшээр ажилладаг автобуснуудыг яаана гэсэн үг вэ?

-Дизель түлшнээс ялгарах  хорт утааг 90-98 хувь шүүдэг Япон улсын шүүлтүүрийг Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд автобуснуудад тавиад явж байна. Эхний ээлжид 2016-2017 оны өвөл зуны улиралд автобуснуудад  тавиад туршсан. Маш амжилттай болсон. Судалгааны ажлаа баталгаажуулах үүднээс  хоёрдугаар ээлжид 25 автобус  шүүлтүүрийг суурилуулах ажил хийгдэж байна. Мөн явуулын техникийн оношилгооны төхөөрөмжөөр  хөдөлгөөнд оролцож байгаа автобуснуудыг шалгаж байгаа.  Хэрэв утаатай байх юм бол шууд зогсоох  хүртэлх арга хэмжээг авч байгаа. Иргэд 70044040 дугаарт утаатай автобусны талаарх  мэдээлэл өгвөл манай ажилчид шуурхай ажиллах бүрэн боломжтой. Бид хяналт шалгалт хийж байна. Иргэдийнхээ оролцоог хангаж байна. Тал талын оролцоогоор нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах бүрэн боломжтой.

Нийтийн тээвэрт ашиглаж байгаа автобуснуудын  90 хувь нь БНСУ-д үйлдвэрлэсэн автобус байдаг бол үлдсэн хувь нь  Монгол, БНХАУ,ОХУ-д үйлдвэрлэгдсэн автобуснууд байдаг аж. Уг нь гадаадаас өндөр өртөгтэй, хуучин автобус худалдан авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь хамгийн зөв алхам гэж үзэх хүмүүс цөөнгүй. Үндэсний “Экобус” компанийн үйлдвэрлэсэн Евро-4 хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй 20 эко автобусыг 2015 онд үйлчилгээнд нэвтрүүлсэн байдаг. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлийг үндэсний үйлдвэрлэгчдэд даатган, монгол инженерүүдийн гараар байгаль орчинд ээлтэй автобус зохион бүтээхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байсан юм. Тэгвэл энэ  жилийн хувьд хоёр  эко,цахилгаан автобус үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд өвөл  гэхэд туршилтаар ажиллаж эхлэх юм байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж