АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Тесла компани серфинг спорт сонирхогч хэн бүхэнд зориулж усан дээгүүр гулгагч цана зохион бүтээжээ. Ердөө л 200 ширхэг зарагдах уг усны цана 1500 ам. доллараар зарагдах гэнэ. Сонирхсон худалдан авагчид хар, улаан өнгөний сонголттойгоор усны цаныг авах боломжтойгоос гадна хамгийн хөнгөн, бат бөх гэгдэх карбон фибер буюу нүүрстөрөгчийн мяндас материалаар сайжруулсан аж.
Гэхдээ Тесла компани уг усны цануудыг албан ёсны вэб сайт дээрээ танилцуулж зарласан даруйд зарагджээ. Тесла компани нь өөрсдийн үйлдвэрлэдэг “Модель 3” автомашиныг сурталчлахаар өөрийн таних тэмдэг, логотой цамц фудволк, малгай, савхин хүрэм зэрэг олон бараа бүтээгдэхүүнийг зардаг аж. Тесла компанийг үндэслэгч Элон Маск-ын байгуулсан The Boring Company /Уйтгартай компани/ гал шүршигч бууг олон нийтэд 500 ам. долларын үнэтэйгээр зарж 3.5 сая ам.долларын орлого олж байсан удаатай юм.
Дашрамд дуулгахад, энэ 2018 оны зургаадугаар сард Тайландын Там-Луанг агуйд гацсан хүүхдүүдэд туслахаар Элон Маск мини-шумбагч онгоц зохион бүтээсэн боловч аврах ажиллагаанд түүнийг онгоцыг хэрэглээгүй билээ.Хожим нь Элон Маск аврах ажиллагаанд гар бие оролцож байсан Их Британийн шумбагч Венс Унсворт руу твиттер сүлжээнд элдэв үгээр дайрч довтолсонд хэн бүхний дургүйцлийг хүргээд амжсан. Үүнээс болж Тесла компанийн хувьцаа дөрвөн хувь буюу 2 тэрбум ам. доллартай тэнцэх хэмжээнд унаж, хөрөнгө оруулагчид Элон Маскын гаргасан үйлдэлд шүүмжлэлтэй хандсан буй. Элон Маск өөрийн гаргасан ёс бус үйлдэлдээ уучлалт гуйсан боловч нэр хүнд сэвтсэн бололтой Тесла компани нь ойрын үед хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байгаа билээ. “Модель 3” автомашины эд анги сэлбэг үйлдвэрлэгчдээсээ мөнгө нэхэмжилж, Тесла компанийн хувьцаа унасаар байгаа үзүүлэлт нь Элон Маск болон Тесла компанийн хөрөнгө оруулагчдад одоо тулгараад байгаа хүндхэн асуудлуудын нэг ажээ.
Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: Engadget