Эрүүл амьдрахад суралцахуй: “Эрүүл энхийн шинэ ертөнц” номын онцлох 15 зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Эрүүл амьдрахад суралцахуй: “Эрүүл энхийн шинэ ертөнц” номын онцлох 15 зөвлөгөө

Эрүүл амьдрахад суралцахуй: “Эрүүл энхийн шинэ ертөнц” номын онцлох 15 зөвлөгөө

Шинжлэх ухаан, технологийн асар хурдацтай хөгжил, түүнийг даган гарч ирсэн олон олон ололт, нээлтэд суурилсан богино хугацаанд үр дүнг нь харж болох эмчилгээ, сувилгаа хийгээд өөрийгөө арчлахуйн арга технологи XX зууны түргэн, завгүй амьдралын хэмнэлтэй хоршин давамгайлж байсан билээ. Харин шинэ мянган гарснаар утга төгөлдөр, эрүүл энх, тайван амьдрахын үндсийг шим тэжээлт хүнс, зохист амралт, эрүүл хооллолт, сэтгэл санааг амраан засах зэрэг байгаллаг, урт удаан хугацаанд үр дүнгээ хадгалах дорнын философид суурилсан амьдралын хэв маягаас эрж буй шинэ хандлага ноёрхож эхэллээ.

Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээр ДЭМБ-аас санаачилсан “Байгаллаг анагаах ухааны арга” концепци ч энэхүү шинэ чиг хандлагын салшгүй хэсэг. Амьдралын хэв маягаа өөрчилснөөр эрүүл мэндээ хамгаалан, ужиг өвчнөө эдгээх талаар олон жилийн турш эмчилгээ, судалгаа хийсэн ӨМӨЗО-ы эмч, судлаач Авирын Мөнхөөгийн “Эрүүл энхийн шинэ ертөнц” номын хянаж засварласан 15 дахь хэвлэл   кирилл үсгээр хэвлэгдэн гарчээ. Өнөө үед дэлхийд ноёрхож энэхүү шинэ чиг хандлагын тухай, өөрөөр хэлбэл эрүүл мэнддээ анхаарал тавьж, шинжлэх ухааны үндэслэл бүхий эрүүл энхийн мэдлэгтэй болох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө эрүүлжүүлэхийг хүссэн хүн бүрт зориулсан түүний бүтээлээс 15 зөвлөгөөг уншигч та бүхэндээ хүргэж байна.

  1. Эрүүл амьдрах арга ухаанд суралцаж, өөрийгөө зөв удирдан, шинжлэх ухааны үндэслэлтэй амьдран, эрүүл мэндийнхээ үндэс суурийг зөв тавьж, уураг тархиндаа эрүүл мэндийн голомтыг бий болгоорой.
  2. Хүний бие махбод уураг, өөх тос, нүүрс усны нэгдэл, эрдэс бодис, ус зэрэг зургаан зүйлийн бодисоос бүрэлдэхийн зэрэгцээ хүчилтөрөгч, ширхэглэг эд зэрэг найман зүйлийн тэжээлт эдэд түшиглэн оршдог. Дээрх найман зүйлийг зохистой хэрэглэхийг зөв хооллолт гэдэг. Ургамлын гаралтай хүнсээр голлож, амьтны гаралтай хүнсийг бага хэрэглэхийн зэрэгцээ олон төрлийн, олон зүйл, олон өнгийн хүнсийг хэрэглэвээс шим тэжээл тэнцвэржинэ.
  3. Сэтгэлзүйн энгийн мэдлэгтэй болох нь чухал. Оюун ухаанаас гарч буй тушаал намуухан байвал биеийн эд эс, эрхтэний үйл ажиллагаа хэвийн байдаг.
  4. Та бол өөрийнхөө эмч. Хүн бүр өвчин үүсэж, хөгжиж, хүндрэхийг таслан зогсоож чадна.
  5. Хүний амьдрал бол олон зүйлийн энергийг зохицуулах үйл явц юм. Хувь хүний энергийн хэрэгцээ хязгаартай учир энергийнхээ хорогдлыг багасгаж, эерэг энергиэ тасралтгүй нэмэгдүүлж байгаарай. Эерэг энерги ихсэх тусам сөрөг энерги багасаж байдаг.
  6. Бид сайн зүйл хийхэд биед маань өөрийгөө эрүүлжүүлэх, шагнах, урамшуулах систем ажиллаж эхэлдэг.
  7. Хүний дархлааны эсийн тоо сэтгэл хөдлөл даган өөрчлөгддөг. Баяр баясгалантай, урамтай үед аливаа өвчнийг эсэргүүцэх чадвар дээшилдэг.
  8. Хүний эрүүл мэндийн 60 хувь нь өөрөөс нь, 15 хувь нь удамшлаас, 10 хувь нь нийгмээс, 8 хувь нь эмнэлгийн нөхцөлөөс, 7 хувь нь орчин тойрноос хамаардаг.
  9. Хүний илч энерги ихэдвэл амь насыг богиносгож, зохистой илч энерги урт наслуулна. Тиймээс хүнснийхээ илч энерги, шим тэжээлийг тэнцвэржүүлээрэй.
  10. Хүн өөрийн эрүүл мэнд, амь насаа хайрлах нь нийгэм, гэр бүл, дотно хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлага.
  11. Хайр бол хүний төрөлх чадвар. Хайр бол гаднын эерэг сэдлээр сэрж, биед асар их энергийг бий болгох чадалтай.
  12. Өргөст хэмх, нимбэг, улаан лооль, мандарваа цэцэг, ногоон цай, гүйлсний үр, үнээний сүү, буурцгийн зутан, зөгийн бал, дэлдүү мөөг хүнсэндээ хэрэглэх нь  гоо сайханд асар тустай.
  13. Сэтгэлдээ хөрөнгө оруулалт хийж бай. Сэтгэлзүйнхээ чадварыг нэмэгдүүлснээр та өөртөө төдийгүй  бусдад зохистой орчинг бүтээж чадна.
  14. Ямар нэгэн зүйлд хэт шунаж, хөөцөлдөлгүйгээр тавьж явуулж сурна гэдэг дэвшил юм.
  15. Бие сэтгэлдээ байнга сайн сэдэл, дохио өгч байгаарай. Энэ нь биеийн төдийгүй сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, өөрийгөө эрүүлжүүлэхэд чухал нөлөөтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж