"Эцэг эхчүүд хүүхэддээ шүдээ хэрхэн угаах талаар ямар ч зөвлөгөө өгөхгүй байна"

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

"Эцэг эхчүүд хүүхэддээ шүдээ хэрхэн угаах талаар ямар ч зөвлөгөө өгөхгүй байна"

"Эцэг эхчүүд хүүхэддээ шүдээ хэрхэн угаах талаар ямар ч зөвлөгөө өгөхгүй байна"

ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллага Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтарч ажиллан давхардсан тоогоор найман мянга гаруй иргэдэд амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах тал дээр тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлсэн байна. Герман улсаас 17 эмч хоёр долоо хоногийн хугацаанд ирж ажилласан бол манай улсаас шүдний долоон эмч ажилласан байна. “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллага нь дэлхийн олон оронд тусламжийн үйл ажиллагаагаа явуулдаг аж. Амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах энэхүү үйл ажиллагаа манай улсад 10 гаруй жилийн хугацаанд үргэлжилж Төв, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгуудад явагдсан бол энэ удаагийн үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт явагдаж өнөөдөр  /2018.07.30/хаалтаа хийж байгаа нь энэ юм. Тэд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан, Сүхбаатар, Мандал, Хөтөл, Сайхан зэрэг сумдад ажилласан байна.

“Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллагын шүдний эмч нар Монгол улсад өмнө нь 11 удаа ирж ажиллажээ. Шүдний эмчилгээ цаг хугацаа тоног төхөөрөмж шаардсан нарийн ажил бөгөөд бүх үзлэг эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлснээс гадна урьдчилан сэргийлэх тал дээр олон сургалт зохион байгуулсан гэдгийг албаны хүмүүс онцолж байв.

ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллага дэд дарга С. Туул:

-Энэ жил Герман улсаас ирсэн шүдний эмч нар Сэлэнгэ аймгийн есөн суманд ажиллаа. Нийтдээ 8,500 орчим хүмүүсийн амны хөндийг эрүүлжүүлээ. Тэд долдугаар сарын 17-29-ны хооронд ажилласан байна. Монгол, Герман эмч нар энэ хугацаанд үнэхээр их хүчин чармайлт гаргаж ажилласан юм. Шүдний өвчлөлийг багасгахад зөвхөн шүдний эмчийн оролцоо хангалтгүй юм. Эцэг эх, хувь хүн өөрөө, цэцэрлэг, сургуулийн багш нар гээд бүгдээрээ хүчин зүтгэж байж шүдний өвчлөлийг бууруулна. Шүдний өвчлөлийг хамгийн их үүсгэж байгаа зүйл нь чихэртэй ундаа байна. Хуучин манайх сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг байхад шүдний өвчлөл маш ховор байсан. Хүүхдийн идэж байгаа, гарт нь барьсан зүйлийг харахад дандаа чихэр байдаг. Ийм байхад яаж шүдний өвчлөл буурах юм гэж Герман эмч нар хэлж байсан. Хөдөө үйл ажиллагаа явуулдаг нь тэнд шүдний эмнэлгийн хүрэлцээ муу байдаг учраас аймаг орон нутаг руу түлхүү үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Шүдний ломбоны материал бол дэлхийд тэргүүлэх материал байгаа. Үзүүлсэн хүмүүстээ энэ материалаар үнэ төлбөргүй ломбодож өгсөн байгаа. Энэхүү үйл ажиллагааг тогтворжуулаад жил болгон явуулах юм бол Герман улсаас эмч нар ирэх маш дуртай байна.

ХБНГУ-ын шүдний их эмч Клодия Гёрц:

Эцэг эхчүүд хүүхэддээ шүдээ хэрхэн угаах талаар ямар ч зөвлөгөө өгөхгүй байна. Мөн шүдээ сайн угаасан байна уу гэдгийг нь огт шалгадаггүй байгаа нь шүдний өвчлөл үүсэх нэг том шалтгаан байна гэж бид үзэж байна. Герман улсын хувьд хүүхдийг 18 нас хүртэл нь Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн талаар нь анхаардаг. Шүдийг хэрхэн угаах бэ, шүдийг өдөрт гурван удаа угаах ёстой гэх мэтчилэн зөвлөгөө сургалтуудыг байнга явуулдаг. Мөн хүүхдийг 18 нас хүртэл нь шүдийг нь цоорохоос хамгаалсан түрхлэг түрхдэг байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж