Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар элит” сургуулийн дэд захирал Вэйсел Акчайг өнгөрсөн баасан /2018.07.27/ гаригийн 09.40 цагийн орчинд үл таних этгээдүүд гэрээсээ гарахад нь хулгайлсан хэрэг гарсан. Энэ тухай мэдээллийг “Эмпати ертөнц” компанийн ерөнхий захирал Д.Ганбат олон нийтэд мэдээлсэн юм. Тухайлбал Туркийн тагнуулын байгууллага Вэйсел Акчайг хувийн онгоцоор авч явах гэж байна гэж тэр мэдэгдсэн байдаг. Түүнийг хэн хулгайлсан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Турк сургуулийн захиралтай холбоотой гомдол мэдээлэл танайд хэдэн цагийн үед ирсэн бэ?
-2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагийн орчимд цагдаагийн газрын 102 утсанд “Гадаад царайтай хүнийг нүүрэндээ маск зүүсэн гурван хүн машиндаа хүчээр суулгаад явчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд оршин суугаа хаягтай Турк улсын иргэн Вейсэл Акчайг хулгайлсан болох нь тогтоогдож шалгалтын ажиллагаа явагдсан. Тухайн өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, нийслэлийн цагдаагийн мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба хаагчид хамтарсан шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
-Шалгалтын явцад ямар нөхцөл байдал илэрсэн бэ?
–Шалгалтын ажиллагаагаар Вейсэл Акчайг мөнгөлөг саарал өнгийн Тоёота Алфард маркийн авто машинд хүч хэрэглэж суусан болох нь тогтоогдоод Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүнийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 13.2.1-т зааснаар хэрэг бүртгэлт нээгээд шалгаж байна. Энэ зүйл ангид уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдвол нэгээс таван жил хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
-Вэйсел Акчайгаас тухайн өдөр мэдүүлэг авсан байдаг. Одоогоор хэрэг ямар шатанд явж байна вэ?
-Одоогоор хохирогчоос мэдүүлэг аваад шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэрхэн ямар зорилгоор түүнийг хулгайлсан эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа хийнэ. Урьдаас төлөвлөгдсөн хэрэг байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байгаа.
Э.Ариун
Холбоотой мэдээ