"60 жил хуримтлагдсан лагийг Япон технологиор үнэргүйжүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2018.07.30-нд нийтлэгдсэн

"60 жил хуримтлагдсан лагийг Япон технологиор үнэргүйжүүлж байна"

"60 жил хуримтлагдсан лагийг Япон технологиор үнэргүйжүүлж байна"

БХБЯ-ны Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Билэгжаргалтай ярилцлаа


-Зорилтот бүлгийн иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах үүднээс “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ жил гэхэд түрээсийн орон сууц хөтөлбөрт хэчнээн айл өрх нэмж хамрагдах вэ? Цаашид үргэлжлэх үү?  

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 20 мянган түрээсийн орон сууцны сан бүрдүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд бид тодорхой үе шаттай ажлууд зохион байгуулж байгаа. Үүний нэг нь энэ жилдээ багтаад 1562 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, 4 аймгийн /Хөвсгөл, Орхон, Дундговь, Говь-Алтай/ төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээж энэ жилдээ багтааж ашиглалтад оруулна. Уг ажлыг Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци хамтран Хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байгаа.

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь өөрөө зорилтот бүлэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эх нийгмийн эмзэг бүлгүүдэд чиглэсэн. Энэ нь судалгаагаар эрэлт ихтэй байх нэг нөхцөл болоод байна. Ийм учраас цаашид улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирснаар үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилт тавиад ажиллаж байна.

-Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд өдгөө тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэвч 2016 оноос хойш ипотекийн зээлийн хүртээмж багасаж, эрэлтээ хангаж чадахгүй байгааг иргэд шүүмжилдэг. Цаашид тус хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд яамны зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ? 

Ипотекийн зээл 2013 оноос хэрэгжиж эхлээд үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар 4.2 их наяд төгрөг зарцуулагдсан байдаг. Зээлийн хүрээнд 90 мянга орчим айл өрх орон сууцтай болсон. 

Одоогоор Ипотекийн зээлийн журмыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм. Энэ жил гэхэд 2018 оны улсын төсөвт 120 тэрбум төгрөг, Монгол банкны Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр жилд 200 гаруй тэрбум төгрөг, нийт 320 гаруй тэрбум төгрөгийг зээлийн санхүүжилт зарцуулж байна.

Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаагаар эрэлт нь нийлүүлэлтээс давсан ба энэ нь иргэд ипотекийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтэй их байгааг харуулж байна. Иймээс эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр дахь зах зээлд бонд гаргаж мөнгө босгох гэх мэт боломж байгаа боловч Засгийн газар Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг боломж тодорхой хувиар хязгаарлагдаж байна. Харин арилжааны банкууд өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр зээл олгуулах боломжийг Сангийн яам, Монгол банктай хамтран судалж байгаа. 

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярина уу? 

-Ажлын хэсгийн зүгээс арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулж зээлийн урьдчилаа төлбөрийг бууруулах талаар зөвшилцсөн. Урьдчилгаа төлбөрийг бууруулсан нөхцөлд зээлдэгчийн  сар тутам төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэх бөгөөд энэ нь иргэдэд төлбөрийн дарамт болж чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсэх нэг талтай банкууд анхааруулж байгаа. Энэ нь санхүүгийн талаас Сангийн яам, Монголбанк болон арилжааны банкууд шийдэх асуудал бол техникийн талаас манай яамны зүгээс орон сууцны өөрийн өртгийг буулгахыг юуны түрүүнд зорьж байна. Тухайлбал, тухайн нэгж орон сууцны нийт үнийн 13 орчим хувийг барилгын дотоод засал чимэглэл эзэлдэг гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Орон сууцны өртгийг бууруулах нь иргэдийн банкнаас авах зээлийн хэмжээг багасгаж, сар тутам төлөх төлбөрийн дарамтыг бууруулна гэж үзэж байна. Ер нь орон сууцны үнэ болон зээлийн хүүг бууруулахад тодорхой цаг хугацаа орно. Уг асуудалд үе шаттайгаар нарийн судалгаатай хандах зүйтэй тул өнөөдөр шууд шийдчих асуудал бол биш. Мөн иргэд өөрсдийн өмчлөлийн газар дээрээ агаар, орчны бохирдуулдаггүй жишиг нэг айлын /амины орон сууц/ барихад тус зээлд хамрагддаг байхаар журмын төсөлд тусгахаар ажиллаж байна. Гэх мэт олон ажлууд хийгдэж байна. 

-Төв цэвэрлэх байгууламжийн үнэр 50 хувиар буурсан гэсэн мэдээллийг албанынхан өгдөг ч бодит байдалд үр дүн төдийлөн мэдрэгддэггүй байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?  

-Төв цэвэрлэх байгууламжийн үнэр  буурсан болох нь иргэдэд сая наадмаар илүүтэй мэдрэгдсэн байх. Өмнөх жилүүдтэй харьцуулахад үнэр нь эрс буурсан гэж би үзэж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн үнэргүйжүүлэх ажилд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ажил хийгдэж байна. Бүтэн 60 жил хуримтлагдсан лагийг бид Японы технологиор үнэргүйжүүлэх эргүүлээд бордоо болгож ашиглах тал дээр ажиллаж байгаа. Удахгүй үр дүнгээ өгнө. 

Агаарын чанарын үзүүлэлтээр буурсан гэж гарч байгаа. Гэхдээ үүнээс илүү дэлгэрэнгүй агаарын чанарын хяналт хийж нарийн тоо гаргах боломжгүй. Олон улсын байгууллагуудын жишиг, үзүүлэлт гэж байдаг.

Манай улсад хэмжилт хийх багаж байхгүй дээ биш жиших үзүүлэлт нь тодорхойгүй байдагт юм. Мөн урьд нь ийм тохиолдол гарч байгаагүй. Бид нар мэддэггүй байсан юм. Барилга хот байгуулалтын яамнаас томилогдсон ажлын комиссоос авсан арга хэмжээний үр дүнд  бохирын үнэр тодорхой хувиар багассан. 

-БНХАУ-ын Засгийн газрын буцалгүй тусламжаар баригдах төв  цэвэрлэх байгууламжийн ажлын явцын талаар тайлбар өгөх үү?

– Төв цэвэрлэх байгууламжийн хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан айлын талтай яриад ирсэн гэсэн. Нарийн тооцоо судалгаа хийх шаардлагатай байгааг манай мэргэжлийн хүмүүс богино хугацаанд хийж өгсөн. Төлөвлөгдсөн техник эдийн засгийн үндэслэлээс гадна бусад асуудал үүсээд байна. Бидний тооцоолоогүй асуудлууд гарч ирсэн. 60 жил хуримтлагдсан лагийн үнэргүйжүүлэх ажлыг нэн тэргүүнд Засгийн газраас манай яаманд даалгасан. Энэ ажил маш эрчимтэй явагдаж байгаа. Үр дүнгээ өгч байгааг та бүхэн анзаарсан байх. Сая баяр наадмын үеэр л гэхэд ноднин жилтэй харьцуулахад миний хувьд мэдэгдэхүйц байдлаар буурсан байна л ээ.  

-Ажил нь хэзээ эхлэх  вэ. Хятадын талаас гүйцэтгэгч компаниудын нэр ирсэн үү?

 -Ойрын өдрүүдэд оролцох сонирхол бүхий компаниудын нэрс айлын талаас ирүүлснийг манай яам тодорхой журмын хүрээнд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад ажилд нь оруулна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 

– Барилгын чанарын асуудал шүүмжлэл ихэд дагуулах боллоо. Тухайлбал, хамгийн сүүлийн жишээ гэхэд Хавдар судлалын үндэсний төвийн дээврээс дусаал гоожиж, хонгилд нь ус нэвчсэнээс шинэ аппаратын суурь эвдэрсэн. Яамны зүгээс тус асуудалд тайлбар хийнэ үү? 

-Сүүлийн үед манайд орох хур борооны хэмжээ эрс нэмэгдсэн. Энэ нь мэдээж барилгын чанар стандартад авч үздэг нэгэн үзүүлэлт. Хур борооны үер ус /газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, ой хээрийн түймэр г.м/ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд тооцогддог. Гэлээ гэхдээ барилга байгууламжийн зураг төслийг энэ бүх эрсдэлийг тодорхой хэмжээнд тооцоолж боловсруулдаг. Эмнэлгийн тоног төхөөрөмж эвдэрсэн тухайд барилгын материалын чанар, норм стандарттай холбоотой гэхээс илүү давагдашгүй хүчин зүйлд хамаарах болов уу гэж харж байгаа. Магадгүй барилгын гүйцэтгэлийн явцад алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар Эрүүл мэндийн яам дээр ажлын хэсэг байгуулагдаж, уулзалт хийж тодорхой шийдэлд хүрч байгаа гэсэн. Уг өргөтгөлийн барилгын хувьд манай Барилгын хөгжлийн төв захиалагчийн техник хяналт тавьж ажилласан. Энэ утгаараа дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус төвөөс холбогдох албаны төлөөлөл орж ажилласан. Яг одоогоор бидэнд албан ёсны мэдээлэл ирүүлээгүй байна. Яамны зүгээс уг асуудлаар тодруулга хийх талаар албан бичиг хүргүүлээд байгаа. Мэдээж барилга хот байгуулалтын яам бол Барилгын хөгжлийн төвийг бодлого чиг үүргийн хувьд хангаж ажилладаг байгууллага. Нэмж хэлэхэд, дээр асуудал нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болсон асуудал юм. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга норм стандартын дагуу баригдсан. Ямар шалтгааны улмаас алдаа гарсан гэдгийг холбогдох газрууд тогтоох байх. Яамны зүгээс бид Барилга хот байгуулалтын дэд сайдын албан даалгавар гарсан байгаа. Энэ олон хоног үргэлжлэн орж байгаа хур борооны улмаас үүдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой барилгын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад чиглэсэн шуурхай арга хэмжээний нэг юм. Мөн хур борооны эсрэг авах арга хэмжээтэй холбоотой үерийн уснаас урьдчилан сэргийлэх, цуглуулах, эргэж ашиглах гэх мэт багц стандартыг боловсруулаад дууссан батлагдах шатандаа хэрэгжиж байна. 

-Дээрх барилга нь улсын комисс барилгыг анх хүлээн авахдаа сайтар шалгаагүй гэсэн асуудал байсан, энэ талаар? Тооцоо судалгаа хийлгүй хүлээж авсан гэсэн үг үү? 

-Барилга байгууламжийг ажиглалтад оруулах улсын комиссын үүрэг бол барилгын ажлыг зураг төсөл, нормоор тогтоосон техникийн үзүүлэлт, шаардлага хангасан барилгын материалаар технологийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэх, энэ нь хүрээлэн байгаа орчин, ажиллаж амьдрахад эрүүл аюулгүй орчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлагад нийцсэн эсэх гэх мэт холбогдох бичиг баримтын үндсэн дээр барилга байгууламжийн гүйцэтгэлтэй тулгаж үзэх тэр үйл ажиллагааг хэлж байгаа. Мэдээж улсын комиссыг хэрхэн ажиллах талаар хууль, дүрэм журамд тодорхой заасан байгаа. Тооцоо судалгааны хувьд энэ нь улсын комиссын чиг үүрэгт орохгүй. Дахиад хэлэхэд удахгүй тодорхой болох байх энэ асуудал.  

-Сүүлийн үед барилгын салбарт ихэвчлэн ямар алдаа гарч байгаа вэ?

-Барилгын үйл ажиллагаанд оролцогчдын мэргэжлийн байх талын асуудлаас үүсч аливаа ажлын гүйцэтгэлтэй холбоотой алдаа ихэвчлэн бүртгэгдэж байгаа. Барилгын үйл ажиллагаанд оролцогч гэдэг нь зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгч, материал үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч, ашиглагч болон бүр барилгын ажилчид хэртэл хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бүх талуудаас хэнийх нь буруутай үйлдлээс болсон бэ гэдэг асуудал гарч ирдэг. Энэ бүгд техникийн баримт бичгээр /барилгын норм ба дүрэм, монгол улсын болон олон улсын стандарт, барилгын дүрэм/ нарийн зохицуулагддаг. Мэдээж техник технологийн эрин үе учир хөгжил дэвшил цаг минутаар хэмжигдэж байгаа үед бид аль болох хоцрохгүй хичээж ажиллаж байна. Энэ тал дээр бид их олон тооцоо судалгааны ажил хийж байгаа. Норм нормативыг шинэ тогтолцоонд оруулах, Евро норм болон олон улсын стандартыг өөрийн орны онцлогт тохируулж хэрхэн хэрэглэх вэ гэх мэт ажлууд хийгдэж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж