Монгол дахь турк сургуулийн захирал Вэйсел Акчайг өнгөрсөн Баасан гаригт /2018.07.27/ хулгайлан Монголын хилээр авч гарах гэсэн дуулиан гарсан. Түүнийг Монголоос авч явахын тулд Туркээс тусгай үүргийн бага оврын онгоц Чингис хаан нисэх суудлын нислэгийн зурваст байгаа зургууд хангалттай тарсан. Өглөөний 10.00 цагийн орчимд үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас авч явсан бөгөөд орой 19.00 цагийн үед суллагджээ. Энэ хэргийг хэн хийсэн талаарх тодорхой мэдээлэл одоо болтол байхгүй. Туркийн тагнуулынхан хийсэн, үүнд нь Монголын тал оролцсон гэсэн таамаг гарсан ч мухарлагдаагүй.
Гэхдээ энэ хэрэгт Туркийн тагнуул, хүчний байгууллага оролцсон байх магадлал хамгийн өндөр. Энэ хэргийн угшил нь Туркийн одоогийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон лалын номлогч Фетхулла Гюлений зөрчилтэй холбоотой. Туркийн сүүлийн 10 гаруй жилийн хамгийн нөлөө бүхий энэ хоёр хүний зөрчил эрт эхэлсэн ч 2016 оны долдугаар сард гарсан төрийн эргэлт хийх оролдлогоос хойш Эрдоганы зүгээс Гюлений эсрэг ангуучилж эхэлсэн. Энэхүү төрийн эргэлтийг зохион байгуулсан гэж Эрдоган мэдэгдэж, АНУ-д амьдарч байгаа Гюленийг шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж, Гюлений үзэл бодлыг дэмжигчдийг намнах ажиллагаагаа эхэлсэн.
Энэ хоёр хүний хувь заяа сонирхолтой. Гюлен, Эрдоган хоёр нэгэн үе улс төрийн хамтран зүтгэгчид байсан. Эдүгээ 76 настай Гюлен лалын номлогчийн гэр бүлд төрж, 14 насандаа анхны шашны номлолоо айлдсан Гюлен шашны номлолоор улс төрд нөлөөлж болно гэж үздэг. Залуу номлогчийн нэр хүнд асар хурдан өсч, улмаар тэрбээр “Хизмет” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан. Гэхдээ шашны номлолыг улс төрд ашиглахдаа зөөлөн хүчээр зугуухан хийх ёстой гэж үздэг Гюлен өөрийн үзэл бодлоо түгээх гол сувгаа болгон хувийн сургуулиуд байгуулж эхэлсэн. Удалгүй энэ сургуулийн сүлжээ Туркийн хилийг давж дэлхийн улс орнуудад байгуулагдаж эхэлсэн. 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогын үед дэлхийн 150 гаруй оронд ийм сургуулийн сүлжээ байсны дотор Монгол дахь турк сургуулиуд орно.
Африкийн улс орнууд болон Төв Азийн улс орнуудад Гюлений сургууль хамгийн олноор байгуулагдсан байдаг. Энэхүү сүлжээ нь Гюлений номлолыг түгээхээс гадна түүний орлогын нэг гол эх үүсвэр. Боловсролын салбарт оруулсан энэ хөрөнгө оруулалт нь Гюленийг нэр хүндийг ихээхэн өргөж, Туркийн сэхээтнүүдийн дийлэнх нь түүний үзэл бодлыг дэмжигчид байсан.
2016 оны долдугаар сараас хойш Эрдоганы хийж байгаа “их цэвэрлэгээ”-нд хамгийн их өртсөн хүмүүс нь их, дээд сургуулийн багш нар, сэтгүүлчид, шүүгчид байгаа нь үүнтэй холбоотой. Мөн дэлхий даяар байсан Гюлений сургуулиудын ихэнхийг хаасан. Монгол дахь турк сургуулиудын үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг 2016 оноос Турк улсын зүгээс нэг биш удаа тавьж байгаа талаар дуулддаг ч албан ёсны мэдээлэл цацагдаж байгаагүй. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт болсон хэрэг явдал 2016 оны долдугаар сараас хойш өрнөж байгаа үйл явцтай холбох таамаг хамгийн магадлалтай.
Эрдоганы хувьд энэ хавар болсон сонгуулиар дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүнээс өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Туркдээ дангаар засаглах боломжийг өөртөө гаргаж авсан. Дахин сонгогдсоноос хойш Гюлений эсрэг ажиллагаагаа улам ширүүсгэсэн гэж хэлж болно.
Ерөнхийлөгч Эрдоган оюутан үеэсээ улс төрийн идэвхтэй байсан Лалын үзлийг сурталчилдаг Үндэсний авралын намын залуучуудын хөдөлгөөнд оюутан байхдаа нэгдэж байжээ. 1997 онд Туркэд цэргийнхэн төрийн эргэлт хийж, лалыг дэмжигч хөдөлгөөнийхний хоморголон баривчлахад Эрдоган ч, Гюлен ч өртөж байж. 2001 онд Эрдоган Шударга ёс, хөгжлийн намаа байгуулж, энэ намыг өнөөгийн өндөрлөгт хүрэх гүүр болгосон. Гюлен 1999 онд эрүүл мэндийн шалтгаар АНУ руу гараад Туркдээ эргэн ирээгүй. Хэдий АНУ-д амьдарч байсан ч түүний нэр нөлөө хэвээр байж, түүнийг оюун санааны багшаа гэж үзэх сэхээтнүүд олон байсан нь хүссэн хүсээгүй Эрдоганы гол өрсөлдөгч болгосон. Чухам энэ шалтгаан тэр хоёрын зам салахад хүргэсэн хэмээн бичдэг.
Холбоотой мэдээ