Эзэнгүй айлын эд юмс эвдэрч сүйддэг шиг эл хөшөөний эргэн тойрных нь чулуун хавтангууд хагарч цууран, газраар нэг хөглөрч байна.
Хоёр жилийн өмнө санагдана, мөн ийм нүд халтирам дүр төрхтэй болоход нь засаж, сэлбэсэн. Гэсэн ч дахин эвдэрч нуржээ. Анхнаас нь чанартай барьсан бол хоёр жил тутамд засвар шаардахгүй л байсан. Хөрөнгө мөнгөндөө хавчигддаг юм уу, эсвэл сэтгэл гаргаж чанартай гүйцэтгэсэнгүй юу, засвар хийхээс аргагүй боллоо.
Хэдийгээр энэхүү хөшөөт цогцолборыг босгоход дүүрэг, нийслэлээс хөрөнгө зарцуулаагүй, цэвэр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн хандив дээр суурилсан ч гэлээ дүүрэг нь анхаарч, засах ёстой болов уу.
Хөшөө бүхэн цаанаа түүх агуулдаг. Энэ ч утгаараа хойч үедээ тэр бүхнийг мэдүүлж байхад хөшөө дурсгалын ач холбогдол оршдог. Дэлхий дахинд хэдэн зуун жилийг элээсэн хөшөө дурсгал өнөөдрийг хүртэл оршин байгаа нь анхнаасаа хэр баргийн зүйлд эвдэж сүйдээд байхааргүйгээр барьж байгуулж, арчиж, тордож ирснийх юм.
Харин Монголд зуун жилийг элээх нь байтугай 60 жилийг давах хөшөө дурсгал ховор баригддаг.
Уг нь хөшөө цогцолборыг сэтгэл гаргаад чанартай барьдаг, түүнийгээ арчилж тордоод явдагсан бол “Ардчиллын өндөрлөг” өнөөдөр ийм дүр төрхтэй болох байсан гэж үү.
С.Цогтсайхан агсан бол Монголд цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг хийхэд ард түмнийг Хонхны дуугаараа сэрээж, цоо шинэ тогтолцоог цогцлооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг гэж үнэлэгддэг. Тэр ч утгаар нь хойч үедээ таниулж байхын тулд уг цогцолборыг босгосон гэж ойлгодог.
Нөгөө талаас санаачлага гарган, хөрөнгө босгон, хөшөөт цогцолбор босгосон хүмүүсийг буруутгах гэсэнгүй гол нь чанартай, цагийн аяс даах хөшөөг анхнаас нь барьж, босгож, арчилж, тордож явах ёстойг дахин, дахин сануулахаас аргагүй нь.
Арваад жилийн өмнө Баянзүрх дүүрэгт банхарт зориулсан хөшөө босож нэлээн хэл ам дагуулж байлаа. Үнэн худлыг мэдэхгүй, өнөөгийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа банхартаа зориулж дээрх хөшөөг босгуулсан гэдэг. Үнэтэй боссон гэдэг ч одоо хэр нь эвдэрч сүйдээгүй л байна. Гэтэл ардчиллын дуучдаа зориулан босгосон хөшөөт цогцолбор ийм нүд халтирам байж болохгүй шүү дээ.
Баянгол дүүргийнхээн эл хөшөөг засаж тордоход анхаараач… Нэгмөр урсгал засвар оруулаад хэдэн жилдээ гар хүрэхээргүй болгоод авахад дүүргийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэдэг “хэрэгт” унахгүй байлгүй дээ.
Дүүрэг, хороо төсвөө юунд зарцуулах талаараа ард иргэдийнхээ саналыг авдаг болсон. Учир байдлыг тайлбарлахад иргэд гар өргөөд л дэмжинэ.
Г.ХОРОЛ
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ