Индонезийн Ломбок аралд орон нутгийн цагаар өнөөдөр 7.00 цаг орчимд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 10 хүн нас барж 40 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ.
Ломбок арал нь жуулчдын хөл тасардаггүй газруудын нэг юм. Бали арлаас зүүн тийш 40 км яваад хүрэх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм. Газар хөдлөлтийн үеэр олон байшин барилга нурж олон хүн гэмтэж бэртсэн гэжээ.
АНУ -ын геологийн судалгааны хүрээлэнгээс газар хөдлөлтийн голомт Ломбокоос хойд хэсэгт Матарам хотоос зүүн хойд хэсгээс 50 км-т үүссэн гэв. Арлын захиргаанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх болон эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.
Индонез улсын 17,000 орчим арал нь Номхон далайн “Галт цагираг” гэгддэг тектоник хавтангуудын уулзвар хэсэгт байрладаг тул газар хөдлөлт, галт уулын идэвхжил өндөр байдаг аж. 2016 онд Индонезийн Суматра алрын зүүн хойд хэсэгт 6.5 магнитудын газар хөдлөлт болж мөн 10 гаруй хүн амь үрэгдэж, 40,000 гаруй хүн орон гэрээ алдаж, гэрэл цахилгаангүй болж байжээ.
Эх сурвалж: CNN