Н.Энхбаатарыг баривчилж, Вэйсел Акчай-г суллаж авав

Хуучирсан мэдээ: 2018.07.29-нд нийтлэгдсэн

Н.Энхбаатарыг баривчилж, Вэйсел Акчай-г суллаж авав

Н.Энхбаатарыг баривчилж, Вэйсел Акчай-г суллаж авав

Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас мягмар гаригт (2018.07.24) хийсэн баривчилгаа дуулиан дэгдээв. МИАТ ТӨХК-ийн Захиргаа хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан саатуулаад байна. Анх 600 сая төгрөгийн хэргээр баривчилсан тухай албан бус мэдээлэл цацагдсан ч АТГ-ын зүгээс энэ тухай тодорхой тайлбар хийгээгүй юм. Гэхдээ энэ хэрэгт холбогдуулан тус газрынхан МИАТ-ын хэд хэдэн албан тушаалтныг шалгах шаардлагатай болсон гэх мэдээлэл бас бий.

Н.Энхбаатарын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах үед туслахаар нь ажиллаж байжээ.

Удалгүй гадаадад суралцсан байна. Харин 2016 оны арваннэгдүгээр сараас МИАТ –д дээрх албан тушаалд томилогдон ажиллах болжээ.

МИАТ компанийн эрх бүхий албан тушаалтан хэрэгт нэр холбогдсон хоёр дахь томоохон үйл явдал энэ болж байна. Өмнө нь Г.Орхон тэргүүтэй хүмүүс “Дайны эрсдлийн сан” нэрээр мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдон, шүүхээс ял сонссон юм.

Тавхан онгоцтой ч 800 гаруй ажилтан, албан хаагчтай тус компанийг хувьчилж, ашигтай ажиллуулах шаардлагатай гэсэн асуудлыг үе, үеийн сайд нар нь тавьж ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хувчилж чадаагүй байгаа.

Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газраас төрийн өмчит компаниудыг хувьчлах жагсаалтад МИАТ-ыг оруулсан байсан ч эрх баригчид хамгийн их эсрэгүүцэж, шүүмжилсэн.

Турк улсын иргэн Вэйсел Акчай-г хулгайлав

Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар импати” сургуулийн захирал Вэйсел Акчай-г гэрийнх нь гаднаас туркууд хулгайлсан гэх дуулиан баасан гаригт (2018.07.27) дэгдэв.

Цагдаагийн байгууллагад ар гэрийнх нь гомдол гаргаснаар хэргийг мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Түүнийг үл таних хүмүүс 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад явж байхад нь барьж авч, саарал өнгийн “Toyota Alphard” маркийн автомашинд суулган авч явсан аж.

Есөн цаг орчим нүдийг нь боон, энхэл донхолтой газраар авч явсан тухай Вэйсел Акчай суллагдсаныхаа дараа хэлсэн. Гэхдээ тэр хүмүүс нь хэн байсан бэ гэдэгт цагдаагийн байгууллага ч хулгайлагдсан Вэйсел Акчай ч тайлбар хийгээгүй байна.

Хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж түүнийг суллаж авав гэдэг асуулт одоо ч хариулт нэхэж буй. Цаг хугацаагаар хөөж үзвэл Вэйсел Акчай-г 19.00 цагийн орчимд сулласан болж таарч байгаа.

Мөн энэ өдөр Туркээс СТ 4010 дугаартай онгоц анх Хөшигийн хөндийд бууж, дараа нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь хулгайлагдсан иргэнийг авч явах зорилгоор ирсэн байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор Турк, Монголын сургуулийн багш, оюутнууд, мөн төгсөгчид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гадаа эсэргүүцэл илэрхийлж, гэм буруугүй хүнийг суллахыг шаардсан.

Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэрэг явдлыг шалгаж дуустал дээрх онгоцыг нисгэхгүй байх үүрэг давхар өгөгдсөн юм.

Эл үйл явдалтай холбогдуулж, Гадаад харилцааны яам Монгол Улс дахь Турк улсын Элчин сайдын яаманд хандаж,  Вэйсел Акчай-тай холбоотой асуудлаар тайлбар авсан. Тус албан бичигт “Турк улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй” хэмээн мэдэгдсэн юм.

Хүн хулгайлсан энэхүү хэрэг явдлыг Монгол Улсын жирийн иргэнээсээ эхлэн эсэргүүцэж, хамгаалан авч үлдсэн нь Монголд хүний эрх, эрх чөлөөг хэрхэн дээдлэн үздэгийн тод жишээ болсныг олон улсад онцолж байна.

Вэйсел Акчай ч мөн эрх чөлөөтэй болсныхоо дараа монголчуудад хандан өчигдөр талархал илэрхийлж, бичлэгээ цахим сүлжээнд тавьсан.

Тэрбээр “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гарнаас минь барьж, сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна.

Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо.

Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээжээ. 

Г.ХОРОЛ 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж