УИХ-ын нэр бүхий 25 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулахаар наадмын өмнө УИХ-ын даргад хандсан. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар болсон. Тус байнгын хороогоор ээлжит бус чуулган зарлах хуулийн үндэслэл байгаа эсэх, 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломжтой эсэхийг хэлэлцэх юм. Гэвч ихэнх гишүүд тойрогтоо ажиллаж байгаа тул Байнгын хороог хуралдуулах ирц бүрдэхгүй байгаа төдийгүй Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ч эзгүй байна. Тэрбээр долдугаар сарын 29-нд Говь-Алтай аймагт болох Наро Банчин хийдийн ёслолд оролцохоор Говь-Алтайг зорьжээ.
Ийнхүү УИХ-ын гишүүд хойргошиж байх хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардсан хоёр ч бичгийг УИХ-д илгээгээд амжив.
Т.НОМИН