Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

– NEWS агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагыг хүргэж байна – 


‘АН-ЫГ БАЙГУУЛЖ, ТАМГЫГ НЬ СИЙЛСЭН ХҮН БИ’

БНН-ын дарга Б.Жаргалсайхан

Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн үед та юу хийж байна даа.  Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж хэлээч?  

-Дүгнээд байх ч юм алга. Ард түмнийхээ сонгох, сонгогдох эрхийг тав, аравхан мянган төгрөгөөр худалдан авч төрийн эрхэнд гарсан билээ. Уг нь ард түмэн тэднийг амьдралыг минь сайн сайхан болгож өгөөч, улс эх орноо улам их хөгжүүлээсэй, шударга ёсыг бий болгоосой гэж л сонгосон байж таараа. Гэтэл эрх баригч нам энэ бүхэнд маш удаан, хойрго хандаж байна. Хаана байна, шударга ёс, оффшорчдыг илчилнэ гэсэн нь. Эрдэнэтийн 49 хувийн маргаан өнөө хэр дуусаагүй л байна. Ардчилсан нам төрийн эрхийг барьж байхдаа Монголбанкнаас ямар ч хөрөнгийн баталгаа барьцаагүйгээр гурван их наяд төгрөгийг хууль бусаар авч аж ахуй нэгжүүдэд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр өгсөн байдаг юм билээ. Мөн тэр мөнгөөрөө Монгол Улсын өмчөөс хувьдаа завших гэж байна. Ганц саалийнхаа үнээг ганцхан хүн л сүүг нь сааж уух гээд байна. Үлдсэн 2 сая 900 иргэнийг нь үнээ ч үгүй, сүү ч үгүй, сүх ч үгүй үлдээх гэж оролдож байна. Дээр нь МСS гэж луйвар хийдэг компани боллоо. Утаагүй болгох нэрийдлээр өч төчнөөн утаагүй зуух хийнэ гээд л улсаас 200 сая ам.доллар идсэн. Мөн АСЕМ-ийг далимдуулж 170 тэрбум ам.доллар, одоо дахиад улам даварч 200 сая ам.долларыг авч гэр хорооллын зуухуудыг фильтертэй болгоно гэж ярих боллоо. Ингэхийн тулд яндангуудыг нь бөглөж иргэдээ угаартуулж устгая гэсэн үг үү. Энэ мэт асуудалд У.Хүрэлсүхийн Засгийн газар дэндүү хариуцлагагүй хандаж байна. У.Хүрэлсүх хулгайч авлигачин нөхдүүдтэйгээ хариуцлага тооцохгүй дэндүү их илааршуулж байна. Түүний амласан том том амлалтууд нүдэнд харагдах юм алга. Удахгүй хичээл сургууль орно. Ирэх намар 127 цэцэрлэг, 97 сургууль барьж гурван ээлжийг хална гэсэн. Сургууль цэцэрлэг нь  бэлэн үү.

Хоёр дахь асуудал нь мэдээж ядуурал. Ард түмэн яагаад ядуу байна вэ гэвэл ажил мэргэжилгүйгээс гадна өмч хөрөнгөгүйтэй шууд холбоотой. 1990 онд Улаанбаатар хотод хэн ажилгүй, ядуу байв. Тэдний олонх нь орон нутгаас ирсэн иргэд байсан. Тэд хот руу орж ирсэн шалтгаан нь малгүй болсных. Малыг малчдад өгөх нэрийн дор зөвхөн мал маллаж байсан хүмүүст нь өгсөн байхгүй юу. Аймаг, суманд амьдарч байсан иргэд маань малгүй, өмч хөрөнгөгүй, ажилгүй үлдсэн. Ингээд хүүхдүүдээ оюутан болонгуут нь дагаад бүгд хот руу ирж их нүүдэл болсон. Энд иртэл тэднийг хүлээж авах хүн, төр засаг байхгүй. Энэ их нүүдэл одоо ч гэсэн хэвээр үргэлжилж  байна. Төр цэгцлэх хэрэгтэй. Ингэхдээ хөрөнгө хуваарилалтыг дахин хийх цаг нэгэнт болжээ. Нэг хэсэг нь хэмжээгүй их баяжиж, нөгөө хэсэг нь үгээгүй ядуу боллоо. Олон толгой мал маллаж хүч хүрэхгүй байгаа малчидтай тохиролцоо хийж малыг нь зах зээлийн ханшаар худалдан авах замаар Улаанбаатарт өнөөдөр ажилгүй, өмчгүй байгаа иргэдэд хуулийн хүрээнд маш сайн гэрээ хэлэлцээр болзолтойгоор өгөх хэрэгтэй.

Гэр хорооллынхон гэж хөөрхий боловсролгүй мэргэжилгүй хүмүүс их байна. Орон нутаг руу нь явуулахын тулд тэднийг дэмжих сан байгуулах шаардлагатай байна шүү дээ. Тухайлбал, хөдөө орон нутагт амьдрах хүсэлтэй гэр бүлд нэг хоёр зуун хонь, ямаа, таван үхэр, таван адуу, нэг портер машин, дөрвөн ханатай гэр, нарны баттерей мөн DDish телевиз өгөх шаардлагатай байна. Тэгэж чадвал нийслэлээс 30 хувь нь орон нутаг руугаа гараад явчихна. Заавал хотод амьдарч ажилгүй, орлогоггүй, энэ их утаан дунд эрүүл мэндээ алдаж үйлээ үзэж амьдрах шаардлагагүй болно.  Монгол Улс  асар уудам үзэсгэлэнтэй, сайхан газар нутагтай. Гэтэл энэ жалган дотор, утаан дотор үхэх гэж яагаад амьдраад байгаа юм бэ. Энэ бүхнийг шийдсэнээрээ Улаанбаатар хотын хүн ам 300-400 мянгаар  цөөрнө.

Мөн хувийн болсон болоогүй, нийгмийн ухааны маш муу боловсрол олгодог хуурамч их дээд сургуулиудыг үтэр түргэн хаах шаардлагатай байна. Үүний оронд бүх дунд сургуулийн хажууд МСҮТ байгуулах хэрэгтэй. Ингэснээр бүрэн дунд боловсрол эзэмшихийн зэрэгцээ мэргэжил эзэмшээд төгсөнө. Мөн тодорхой хэдэн жишиг сургуулийг нийслэлээс гаргах шаардлагатай байна. Тухайлбал, МУБИС-ийг үтэр түргэн Багануур руу нүүлгэх хэрэгтэй. Багануур дүүрэг дэд бүтцэд холбогдсоноос гадна байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм учраас ирээдүйд Багануур хот болох боломжтой. Мөн Хөдөө аж ахуйн дээд сургууль,  Цагдаа, Хилийн цэргийн дээд сургууль, Соёлын дээд сургуулиудыг Дархан руу нүүлгэж, тохилог оюутны байр мөн багш нарын орон сууцуудыг бий болгох шаардлагатай байна. Ингэж чадах юм бол Улаанбаатараас дахин 200 мянган хүн гарах боломжтой. Ингэснээр утааны асуудал 70-80 хувиар, машины түгжрэл 50 хувь илт буурна.

Хэрвээ би МАН-ын дарга нарын оронд байсан бол хийх ажил их байна даа. БНХАУ-аас авсан өрийг яаралтай хаах хэрэгтэй. Тавантолгой компанийн ашгаар хааж болно шүү дээ. Хятадын ‘Шинхуа’-тай 10-20 тэрбум ам.долларын нүүрс худалдан авах, худалдаалах гэрээ байгуулах нь зөв шийдэл байсан юм. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж өнгөрсөн жилжингээ ярьж зээл гуйж, тойрч гүйгээд л байсан. Тэдний шаардлагыг шууд хүлээн авч улс орныхоо нийгэм, эдийн засгийн асуудлыг засах ёстой гэж би тухайн үед зөндөө л хэлж байсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ


‘БЕНЗИН ЦАЦАЖ, АМЬ НАСАНД ХАЛДАНА ГЭДЭГ БАЛМАД ХЭРЭГ’

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 13-ны өдөр үл таних залуу хоёр залуугийн биен дээр бензин асгаж шатаасан аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Хэргийг эргэн сануулахад тухайн өдөр ах нь үл таних залуутай эхэлж маргажээ. Дэлгүүрээс маргасаар гарч ирснийхээ дараа үл таних залуу ах руу нь таван литрийн савтай бензин цацаж, галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалсан байдаг. Харамсалтай нь, дүү нь болох 34 настай Б.Цогтсайхан хэдхэн хоногийн өмнө шархаа даалгүй нас барсан байна. 

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр хэрэгт холбогдон шалгагдаж буй 31 настай Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй Багануур дүүрэгт ганцаараа амьдардаг залуу байсан аж. Түүнд эрүүгийн хуулийн 10.1.2.2  зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Эл асуудлаар Хохирогчдын холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Х.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Энэ хэргийн улмаас хохирсон иргэдийн ар гэрийнхэн танай холбоонд хэзээ хандсан бэ. Тухайн өдөр юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Манай холбоонд 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр хохирогчдын хамаатан болох Ж.Бат-Эвлэл гэх залуу хандсан. Тэрбээр бидэнд ирүүлсэн өргөдөлдөө 2018 оны долдугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн харьяат ах дүүсийн хүүхдүүд болох Б.Цогтсайхан, Б.Нэрэн нар нь Хэнтийгээс Улаанбаатар орох замдаа хэрцгий балмад этгээдэд хорлогдоод маш хүнд байдалтай байна. Биеийн байдал хүнд байгаа тул тэдний эрх ашгийг хамгаалахыг надаас хүссэн юм. Хамгийн анх тэдгээр залуусын ар гэрийнхэнтэй холбоо бариад Гэмтэл согог судлалын төвийн гадаа 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр уулзахад бүх болсон процессоо надад хэлсэн.

-Тухайн үед ах дүүсийн биеийн байдал ямар байсан бэ. Ямар шалтгааны улмаас бензин цацахад хүрэв? 

– Хот руу орох замдаа ах нь болох Б.Нэрэн үл таних этгээдтэй маргалдсан юм шиг байгаа юм. Маргаад удаагүй байтал үл таних залуу таван литрийн савтай бензин түүн рүү цацаад асаагуур шидсэн гэсэн. Энэ хооронд дүү нь гэгдэх талийгаач Б.Цогтсайхан ахыгаа хамгаалаад дээр нь хэвтэж. Гэтэл өнөөх үл таних залуу таван литрийн савтай бензинээ дуустал нь юүлж ах дүү хоёрыг галдан шатаасан. Хэрэв ухаантай хүн байсан бол тэр дороо болино шүү дээ. Гэтэл тэгээгүй, санаатайгаар хүний эрүүл мэндэд халдаж, өс хонзонгийн сэдлээр залуус руу халдсан. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй онц ноцтой, балмад хэрцгий хэрэг. Хэргийн улмаас дүү нь 60 хувь, ах нь 25 хувийн түлэгдэлтэйгээр Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн юм. Дүү нь болох Б.Цогтсайхан гэмтлийн эмнэлэгт энэ сарын 21-ны өдөр шархаа даалгүй нас барлаа. Талийгаач эмнэлэгт хүргэгдсэн цагаас хойш асар их тарчилсан.  Энэ сарын 19-ны өдөр хагалгаанд орсон ч нэмэр болсонгүй. Бензин гэдэг чинь шатамхай бодис учраас их хордлоготой бие нь маш муу байсан. Түүнд гуяны арьснаас нь аваад, нуруун дээр нь нөхөлт хийсэн. Хагалгааны дараа бие нь эрс муудан хоёр уушги нь устаж, бөөрний дутагдалд ороод нас барсан даа хөөрхий минь. Талийгаач бүтэн өнчин бөгөөд хоёр хүүтэй юм билээ. Тэр өдөр ТВ4-ийн сэтгүүлч надтай уулзаж хэргийг шуурхай сурвалжилсан. Дараа нь хандивын данс нээж ард түмэн их дэмжлэг үзүүллээ.

– Ахынх нь биеийн байдал ямархуу байгаа вэ?

– Ахынх нь биеийн байдал ерөнхийдөө  тогтворжсон. Түлэнхий гэдэг чинь их хортой байдаг. Манай улс түлэнхийн төвөө найм, есөн жилийн өмнө татан буулгачхаад одоо болтол босгохгүй байна. Гэмтлийн эмнэлгийн хэдэн умгар өрөөг түлэнхийн тасаг гэж нэрлээд агааргүй бүгчим өрөөнд өвчтөнүүдийг  хохироож байна. Яагаад түлэнхийн төвийг ашиглалтад оруулахгүй байгаа юм. Тэнд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн бүхий л зардал ар гэрээс нь гардаг юм билээ. Нэмж хэлэхэд манай улсад нийгмийн нөхцөл байдал их өөрчлөгдөж байна. Дээхэн үед залуус хоорондоо муудалцлаа гэхэд гар зөрүүлдэг байсан бол одоо санаатайгаар бензин цацаад маш аймшигтайгаар нэгнийгээ хөнөөж байгаа нь залуучуудын ухамсар хэрхэн доройтсоныг харуулж байна. Хэдий хоорондоо маргасан ч монголчууд нэг нэгийгээ тарчлааж алах дээрээ тулаагүй. Тэр бензин цацдаг залуу 31 настай Багануур дүүргийн харьяат нэгэн байсан. Өчигдөр /2018.07.23/ өглөө талийгаачийн ажил явдал болж өнгөрлөө. Моргоос талийгаачийн цогцсыг шилжүүлэхэд эрүүгийн шинжээч ирээд гарын үсгээ зураад явсан. Одоо энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх бол гэхээс санаа зовниж байна. Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр талийгаачийг буруутгах ёсгүй. Тэдний нэг нь гэрч болоод үлдчихсэн учраас энэ хэрэг олон нийтийн анхааралд байна гэдэгт итгэж байгаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ


‘ҮЕРТ ӨРТСӨН ХҮҮХДҮҮД СЭТГЭЛЗҮЙН ХҮНД НӨХЦӨЛД БАЙНА’

 ГБХЗХГ-ын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Т.Шүрэнцэцэг

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долдугаар сарын 14-16-нд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж, олон айл үерт автан, их хэмжээний хохирол амсч, түр хамгаалах байр байгуулаад байгаа билээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ)-аас ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилласан. Ажлын хэсгийн гишүүн, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч Т.Шүрэнцэцэгээс нөхцөл байдлын талаар тодрууллаа. 


-Байгалийн гамшигт өртсөн хүмүүстэй ажиллаад ирлээ. Тэнд одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?

-Үерт аймгийн долоон багийн 530 гаруй өрх өртсөн. Аймгийн онцгой комиссоос зургаан түр хамгаалах байранд 270 өрхийн 518 том хүн, 425 хүүхдийг байрлуулаад байсан.

Бид Баян-Өлгийд долдугаар сарын 19-ний 5.00 цагт очсон. Очоод түр хамгаалах зургаан байр болон нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үед зөвхөн өмсч байсан хувцастайгаа шавар шавхай туучин гарч ирсэн хүмүүсийн хувцсыг солих, аяга таваг, хөнжил гудаснаас эхлээд хүний наад захын хэрэгцээ дутаж байсан. Наад зах нь хүүхэд хоол идэхийнхээ өмнө гар угаах боломжгүй байсан. Ингээд орчны эрсдэлийн судалгаа хийж, хүүхдэд аюул учруулахуйц 28 ил утас, унтраалга, хагарах зүйлс зэргийг аюулгүй болгосон.

Мөн хамгийн эрсдэлтэй, эмзэг 20 өрхийг сонгон авч ажилласан. Эдгээр өрхөд төрөх дөхсөн, есөн сартай жирэмсэн эмэгтэй, 17 хоногтой хүүхэд, бүтэн өнчин хоёр, хагас өнчин 28 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй зургаа, тусгаарлагдсан буюу ээж, аав нь ажлаар өөр газар яваа найм, жирэмсэн 17 эмэгтэй, 34 нярай хүүхэд бий. Эдгээр иргэдтэй гэр бүлийнх нь хамт ажиллахад 101 хүн болж байгаа. Үүний 60 нь хүүхэд. Бид аймгийн V цэцэрлэгт 20 өрхөө байрлуулсан. Энэ байранд долоо хоног байлгах юм.

Дээр дурдсан хоёр өнчин хүүхэд хэнтэй хамт амьдардаг байсан юм бол?

-Өвөө, эмээ болон хамаатан садныдаа байдаг байсан. Тэдэнтэй манай мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Хамгаалах байранд байгаа 20 өрхийг хэвийн байдалд ортол нь мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.  

-Хүүхэд, эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн байдал ямар байна вэ. Тэдэнтэй хэрхэн ажиллаж байна вэ?

-Үерт өртсөн хүмүүсийн сэтгэлзүй хүнд байгаа. Тэр дундаа хүүхдүүдийн сэтгэлзүй тун хүнд байна. Тэд ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон байна. Бид замдаа Ховд аймгийн сэтгэлзүйчийг авч явсан. Ингээд тэнд гурван сэтгэлзүйч ажиллаж байгаа.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын түргэвчилсэн үнэлгээг хийсэн байна. Үнэлгээгээр хүүхдүүдэд дутагдаж байгаа зүйл дээр түлхүү ажилласан байсан. Биднийг очиход 5.2 сая төгрөгийн яаралтай тусламж үзүүлсэн байсан. Үүгээр эхний ээлжид зургаан байранд байрлаж байгаа хүүхдүүдэд өгөх живх, ахуйн хэрэглээний зүйлс, хуурай идэх зүйл авсан байсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж