"Ривер гарден" хотхон усанд автаж, хазайлт өгсөн зүйл байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

"Ривер гарден" хотхон усанд автаж, хазайлт өгсөн зүйл байхгүй гэв

"Ривер гарден" хотхон усанд автаж, хазайлт өгсөн зүйл байхгүй гэв

Нийслэл хотод үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Ривер Гарден хотхоны гарааш усанд автаж, барилгын суурийн давхарт хөрсний ус нэвчиж, хазайлт үүссэн. Зоорийн давхарт нь насосоор ус зайлуулж байсан ажилтан тогонд цохиулж нас барлаа" гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Үнэхээр “Ривер Гарден” гэх энэ тансаг зэрэглэлийн хотхоны барилга байгууламж усанд автаж, хазайлт өгсөн эсэхийг сурвалжлахаар манай сурвалжлах баг тус хотхоныг зорьсон юм.

Ингээд тус хотхоны орчинг сонжон, хэсэг тойрч алхтал хүүхдүүдийн тоглон наадаж буй дуу хангинаж, оршин суугчид зогсоолдоо төвөггүйхэн орж, гарч, амгалан тайван орчин биднийг угтсан юм. “Ривер гарден” хотхон нь хоёр нууртай. Нэг нь байгалийн ундаргатай нуур, нөгөөх нь өөрсдөө бий болгосон хиймэл нуур байв. Биднийг очиход хоёр нуурын усны төвшин хэвийн байсан юм. Гэхдээ нуурын ойролцоо хоёр насос байрлуулсан байгаа нь анзаарагдаж байлаа. Оршин суугчдаас дээрх болсон үйл явдлыг тодруулахад, "Тийм мэдээ сошиал орчинд явж байхыг харсан. Гэхдээ оршин суугчдад мэдрэгдсэн зүйл алга байна" гэцгээж байв.

Бид тус хотхоны борлуулалтын алба руу орж, тодруулга авахыг хүссэн юм. Харин тус компанийн зүгээс нөхцөл байдал дээр нь ажилласан төслийн албаны даргатай биднийг уулзуулж өглөө. Ингээд бид NCD группийн Төслийн албаны дарга Б.Наранчангаас болсон үйл явдлыг тодрууллаа. 


-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хооронд байрлах Ривер гарден хотхон усанд автаж, барилга байгууламжид нь хазайлт үүссэн. Зоорийн давхарт орсон усыг насосоор зайлуулж байсан хүн тогонд цохиулж амиа алдсан гэх хэрэг цахим орчинд түгээд байна. Энэ асуудал дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ долдугаар сард өмнөх жилүүдтэй харьцуулахад хур тунадас ихтэй ялангуяа сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэл төдийгүй улсын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсээд байгааг бид бүгд мэдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай хотхоны хувьд оршин суугчдын амралтын хэсэгт байрлах байгалийн ундаргатай нуурын усны түвшин хэвийн хэмжээнээс нэмэгдсэн тул халихаас сэргийлж шахуурга ашиглан хэвийн түвшинд оруулсан байгаа. Мөн зарим нэг хэсэгт авто замын ус зайлуулах суваг бөглөрсний улмаас зарим таун хаусны хэсэгт ус тогтож, гарашид орсныг нь СӨХ-тэйгөө хамтран яаралтай арга хэмжээ авч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байгаа. Энэ үеэр цахилгааны асуудал, хүний амь эндэх гэх мэт ямар ч асуудал үүсээгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хүмүүс өөр хотхонтой андуурсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Манай хотхон дээр бол ийм асуудал үүсээгүй ээ. 

-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хэчнээн хотхон байна вэ? 

-Сүүлийн үед бүтээн байгуулалтын ажил ихээр өрнөж шинэ хотхон хорооллууд нэлээд ашиглалтад орж байгаа болохоор нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Яг энэ ойр орчимд гэвэл манай Ривер гарден 1,2 хотхон “Time square” хотхон, “Хан хиллс” хотхон, манай хотхоны хойд талд “Маршал таун” хотхон байдаг. Хажуу талд “Их монгол плаза” гээд шинэ барилга байна. Их модун констрашн гээд компани орон сууц барьж байна.

-Нуурын ойролцоо хоёр насос харагдаж байсан. Усны төвшин буураагүй юм бишүү?

-Нуурын ойролцоо хоёр шахуурга тавьсан. Учир нь бороо үргэлжлэн орж байна цаашид ч орох төлөвтэй байна үүнтэй холбоотойгоор оршин суугчдын ая тухыг хангах үүднээс нуурын түвшин нэмэгдэх үед ажиллуулах зорилгоор бэлэн байдалд  урьдчилан сэргийлэн үүднээс шахуурга байрлуулсан байгаа. 

-ОБЕГ-аас мэдэгдэл хийхэд танай хотхоны байрлаж буй хороог дурдсан. Ус гарааш руу нэвтрэх үед ОБЕГ-т дуудлага өгсөн үү. Тэд танай хотхон дээр ирж ажилласан уу?

-СӨХ-өөс манай компанид дуудлага өгсөн. Ингээд манай компанийн холбогдох албадын хүмүүс СӨХ-тэй хамтран ажиллаж, шуурхай арга  хэмжээ аван нөхцөл байдлыг хэвийн болгосон. Бид оршин суугчдын тав тухыг хангахын тулд гамшгийн нөхцөлд бэлэн байх дотоод журамтай. Энэ журмын дагуу бидэнд нөөц хангалттай бий. 

Ингээд бид ОБЕГ-ийн “Олон нийттэй харилцах алба”-наас цахим орчинд тархаад байгаа болон дээрх мэдээллийг тодруулсан юм. ОБЕГ-аас мэдэгдэж буйгаар, "Бид өчигдөр /2018.07.26/ мэдээлэл хийхдээ огт тийм мэдээлэл өгөөгүй, манай газар Д.Самбуу гэх нэртэй дэд ахлах огт ажилладаггүй. Цахим орчинд тархсан мэдээлэл худал, үндэслэлгүй, ОБЕГ-ын нэрийг ийнхүү ашиглаж байгаад бид албан ёсны тайлбар өгнө" гэж мэдээлэл өглөө.

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж