“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай-г  хэн хулгайлав

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

ВЭЙСЕЛ АКЧАЙ

“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай-г  хэн хулгайлав

“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай-г  хэн хулгайлав

Монголын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж “хүн хулгайлсан” байж болзошгүй хэрэг өнөөдөр /2018.07.27/ 13.00 цагийн орчимд гарчээ. Тухайлбал, Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай /Veysel Akcay/-г хар өнгийн ‘Старекс’ маркийн автомашинтай үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас ‘хулгайлж’, улмаар онгоцны буудал руу авч явсан талаарх мэдээлэл Туркийн зарим сайт болон Twitter хуудаснаа нийтлэгдэж дуулиан дэгдээд байна. 

Бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад ‘Вэйсел Акчай-г хулгайллаа гэсэн гомдлыг ирүүлсэн. Гомдлын дагуу шалгаж эхлээд байна’ гэлээ. 

Үүнийг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны долдугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэнээс хойш гол зохион байгуулагч гэх Фетулла Гуленаар удирдуулсан хөдөлгөөнийхөн /FETO/ дэлхийн улс орнуудад кампанит ажлууд өрнүүлж эхэлсэн, мөн тус улсын Тагнуулын төв газраас бусад орны нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах болсон талаар Туркийн хэвлэл мэдээллийн сайтууд бичих болсон. Тухайн 2016 оны эцсийн байдлаар нэг жилийн дотор гадны 18 орноос FETO-ийн 80 орчим хүнийг баривчилсан гэх мэдээлэл ч нийтлэгдэж байв.  Монголын хувьд тухайн үед БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тус сургуулийг нь хаах тухай ямар нэгэн яриа Туркийн талтай хийгээгүйг мэдэгдэж байсан.

Дээрх төрийн эргэлтийн дараахан тус улсын Засгийн газар дэлхийн улс орон дахь Турк сургуулиудаа “Боловсролоо хямдхан худалдахгүй” гэсэн шалтгаанаар хаах тухайгаа зарлаж, мөн Фетулла Гулентай холбогдсон Турк улсынхаа буюу дотоодынхоо 2000 сургуулийг хааж, 61 мянган багш, ажилчдыг ажлаас нь чөлөөлснийг хоёр жил орчмын өмнөх мэдээллүүдээс харж болно.

Монгол Улсад Турк, Монгол иргэдийн хамтран байгуулсан таван сургууль бүртгэлтэй. Түүний гурав нь Орхон, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг “Улаанбаатар Элит” сургууль “Баянгол” зочид буудлын ойролцоо байрладаг. Харин дээрх дөрвөн сургуулийн толгой болох “Улаанбаатар эмпати” Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль нь Амгалан дулааны цахилгаан станцын урд байрладаг.

Нэг жилийн сургуулийнх нь төлбөр 4.8-7.5 сая төгрөг байдаг,  тэнд суралцагчдын тоо нэмэгдсээр байдаг. Турк сургууль төгссөн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн дээд оноо авах тохиолдол ажиглагддаг болохоор Монгол дахь Туркийн таван сургуульд суралцагчдын тоо жил тутамд нэмэгдэж 3000 орчимд хүрээд байгаа гэсэн мэдээлэл бий.

Монголд 24 жил ажилласан Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчай-ийн талаарх мэдээлэл одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна. Туркийн талаас хэвлэл мэдээллээр дамжуулж байгаагаас үзвэл түүнийг Монголын газар нутаг дээрээс баривчиллаа гэж үзэж байгаа бололтой. Хэрэв тийм бол олон улсын холбогдох гэрээ, конвенциудыг зөрчиж байгаа хэрэг болно. 

У.ОЙДОВ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж