Жилийн дөрвөн улиралд жуулчдын цуваа тасардаггүй байгалийн үзэсгэлэнт газар болох Орхоны хөндийд Ардчилсан намын удирдлага, намын дэргэдэх байгууллагууд, гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий мянга гаруй хүн цуглаж, “Төвийн бүсийн чуулга, уулзалт”-аа амжилттай зохион байгууллаа.
Гурван өдрийн турш үргэлжилсэн энэ удаагийн бүсийн чуулган орон даяар амжилттай өрнөсөн “Монголоо сонсъё” аяны дараа зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой. Учир нь Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллан, иргэдээ сонсч, бодит байдлыг дэргэдээс нь харж, гарц шийдлийг эрэлхийлсэн Ардчилсан нам энэ удаад гишүүдийнхээ идэвх, оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор бүсийн чуулгануудыг зохион байгуулж буй.
Энэ оны зургадугаар сард Баян-Өлгий аймагт “Баруун бүсийн чуулга уулзалт”-аа зохион байгуулсан бол ирэх сард Сэлэнгэ аймагт хангайн бүсийнхэн чуулахаар бэлтгэлээ базааж байна.
Чуулга уулзалтад оролцохоор ирсэн Архангай, Өвөрхангай, Төв, Дархан-Уул аймаг, нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд “Сэдэл-Санаа-Манлайлал” тэмцээнд оюун, ухаанаа уралдуулж, спорт, урлагийн олон төрлөөр авьяас чадвараа сорьжээ. Үүний зэрэгцээ Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг гишүүдээр хэлэлцүүлж, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Оюутнуудын нийгмийн оролцоо”, “Ардчиллын түүх ба ахмадуудын оролцоо”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, “Орон нутгийн засаг захиргааны уялдаа холбоо” зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулсан байна.
Улаан цутгалан, Найман нуурын сав газар, Орхоны хөндий зэрэг байгалийн үзэсгэлэнт газар бүхий Өвөрхангай аймгийнхан аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа чуулга уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Улаанбаатар хотоос хэдэн мянган км алслагдсан баруун бүсийнхнийг бодвол дэд бүтэц, зам харилцаа харьцангуй сайтай Өвөрхангай, Архангай, Дархан-Уул, Төв аймгийнхан аялал жуулчлалын салбарыг бүс нутгийн хөгжлийн шинэ гарц гэдгийг хэлж байсан юм. Өнөөдрийг хүртэл нэгдсэн бодлогогүй, дур зоргоороо явж ирсэн аялал жуулчлалын салбарыг төр нэгдсэн бодлогоор зангидаж, бүс нутгийн онцлогт тохирсон стратеги төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх цаг нь болсныг “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018”-д оролцогчид сануулж байв.
Орон нутагт нүүрлэсэн ажилгүйдэл, ядуурлын асуудлыг ажлын байр нэмэгдүүлэх замаар л шийдэх учиртай. Харин тус бүс нутгийнхан иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх гарцыг аялал жуулчлалын салбар хэмээн харж байна.
Зөвхөн Өвөрхангай ч бус бүсийн чуулганд оролцохоор цугласан төлөөллүүд орон нутагтаа тулгамдаад буй асуудлын талаар ярилцаж, санал бодлоо нээлттэй илэрхийлж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлсэн нь энэ удаагийн арга хэмжээний онцлог байсан юм. Хүүхдийн мөнгийг алагчлан олгож буй явдал, бэлчээрийн даац, малын чанарт анхаарах, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжгүй байдал зэрэг өнөөгийн эрх баригчдын харалган шийдвэр, бодлогын алдааны талаар санал бодлоо хуваалцлаа.
Эх сурвалж. АРДЧИЛСАН НАМ