Бороотой энэ өдөр /2018.7.27/ Сүхбаатарын талбайд олон үйл явдал давхацсаны нэг нь Монголд анх удаа ирж байгаа 400 жуулчин байлаа. Тэд ОХУ, БНХАУ, Монгол Улс хоорондын ‘Цайны зам’ хөтөлбөрийн хүрээнд аялахаар ирсэн нь энэ. Монгол Улсад ирж байгаа жуулчдын 80 гаруй хувийг хоёр хөршийн иргэд эзэлдэг. Тухайлбал, өнгөрсөн жил 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан. Үүнээс 140 мянгыг ОХУ-ын жуулчид эзэлж байсан бол БНХАУ-аас 160 мянган жуулчин иржээ. БНХАУ-аас энэ жил ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэх бололтой. Учир нь дээрх 400 жуулчин нь БНХАУ-аас Монголд анх удаа ирж буй жуулчид юм.
Жуулчид Төмөр замын вакзолаас шууд Сүхбаатарын талбайд ирсэн юм. Талбайд зургаа даруулсны дараа Гандантэгчинлэн хийд орох юм байна. Харин маргааш Тэрэлж, Цонжинболдог орох бол нөгөөдөр Аглаг бүтээлийн хийд орох юм байна. Ингээд нэг өдөр амраад тав дахь өдрөө буцах ажээ.
Хэдэн зуун жуулчин долоо хоног бүр ирнэ
Энэ үеэр албаны хүнийг сэтгэгдлийг сонслоо. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин “Монгол Улсын хэмжээнд нэгэн зэрэг 400 жуулчин ирж байгаа нь аялал жуулчлалын салбарт томоохон дэм болж байна. Тэртээ 1728 оны үед иргэд Нийслэл хүрээгээр дайрч Европ гардаг уламжлалтай байсан. Энэ нь Ази, Европыг холбосон түүхэн уламжлал болж, уг чиглэлд галт тэрэгний цуваа бий болсон ч уламжлал 1930 оноос эхлэн тасарсан. Сүүлийн үед бид энэ уламжлалыг сэргээхийг зорьж байгаа. Үүний нэг нь энэ үйл ажиллагаа. Хятад жуулчдын худалдан авах чадвар Европын орны жуулчдаас өндөр байдаг. Нэг хятад жуулчин зочид буудал, хоол, худалдан авалт зэрэгт 1000 гаруй ам.доллар зарцуулдаг. Тэгэхээр нэг хятад жуулчнаас энэ хэмжээний мөнгө Монголд орж ирдэг гэсэн үг. “Цайны зам” хөтөлбөрийг дэмжиж Хятадын аялал жуулчлалын яамны зүгээс жуулчдыг Монголд ирэхийг уриалж байгаа. Энэ хүрээнд хэдэн зуун жуулчин долоо хоног бүр Монголд ирнэ” гэлээ.
Чингисийн үеийн гэрийг харах сонирхолтой байдаг
-‘Цайны зам’ хөтөлбөрийн хүрээнд анх удаа ийм аялал зохион байгуулж байна. Жуулчид маань Улаанбаатарт анх удаа ирээд цөөн цаг болж байгаа ч сэтгэгдэл өндөр байна. Хятадаас Монгол руу ирж байгаа жуулчид Монголын унаган байгаль, Чингисийн үеийн гэрийг харах сонирхолтой байдаг. Бид хөтөлбөртөө тэдний хүсэлтийг багтаасан. Хөтөлбөрийн дагуу жуулчид Монголд тав хонох болно.
Жил бүр зохион байгуулна
-Манай групп бусад групптэй хамтран долоо болон наймдугаар сард хоёр удаа 400 хүний бүрэлдэхүүнтэй жуулчдыг Монголд авчирна. Аялал бүрдээ жуулчдад Монголын байгаль, хоол, нүүдэлчин ахуйн соёлыг бага багаар таниулах юм. Цаашид уг үйл ажиллагааг жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Монголд хийсэн аяллынхаа талаар өөрийн пэйждээ нийтэлнэ
Жуулчдын төлөөлөл Фан Вэн Юий сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Монголд анх удаа ирж байгаадаа баяртай байна. Улаанбаатарт ирээд гурван цаг болж байгаа ч цаг агаараас эхлээд бүх зүйл нь сонирхолтой байна. Би олон дагагчтай өөрийн пэйжтэй. Тэндээ Монголд аялж, үзэж харсан зүйлээ нийтэлнэ. Мөн монгол хоол сонирхолтой санагдаж байгаа. Хятад хүмүүс ногоо их иддэг бол Монголчууд мах түлхүү иддэг юм билээ”
Р.Ренчиндулам