Ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа гэж Монголбанк болон Засгийн газраас мэдээлж байгаа ч арилжааны банкууд зээл олгохгүй байгаа гэдгийг иргэд хэлж буй. Арилжааны банкууд өөрсдийн эрсдэлээ дааж тухайн сард хэчнээн харилцагчид зээл олгох эсэхээ дотоод журам, шалгуурынхаа дагуу шийдэж байгаа аж. Ингэхдээ зөвхөн өөрсдийн санхүүжүүлсэн барилгаас сонгохыг иргэдэд тулган шаардаж байна гэх гомдол их байдаг
Өнгөрсөн зургадугаар сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 42 хувь нь хөтөлбөрийн, 58 хувь банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр зээл олгожээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.6 хувь буюу 3.9 тэрбум төгрөг 80 мкв хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагдсан аж.
Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөрийг хариуцна
Монголбанк ипотекийн зээлийн хэрэгжилттэй холбоотойгоор банкуудад шалгалт хийх эсэх талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс тодрууллаа.
Тэрбээр “Монголбанкнаас сар бүр ипотекийн санхүүжилтэд 16 тэрбум төгрөг, Сангийн яамнаас улирал бүр 30 тэрбум буюу сар бүр 10 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгож байна. Энэ оны хагас жилийн байдлаар Сангийн яамнаас нийт 60 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас 96 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгосон. Монголбанкнаас гаргасан ипотекийн санхүүжилтийн журам болон МИК-ээс тавьсан худалдан авч буй зээлийн багцад тавих шалгууруудыг хангасан харилцагчдад ипотекийн зээлийг олгоно гэсэн шаардлагыг тавьдаг. Тухайн банк өөрийнхөө зээлийн эрсдэлийг хариуцаж ажилладаг учраас Монголбанкны зүгээс банкуудад яг ийм байршлын орон сууцанд, ийм орлоготой хүмүүст зээл олго гэсэн шаардлагыг тавьж чадахгүй байгаа. Монголбанкны зүгээс ипотекийн зээлийн хэрэгжилттэй холбогдуулан банкуудад шалгалт хийхээр ярилцаж байгаа. Энэ оны есөн сарын сүүл гэхэд бид ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх талаар төлөвлөгөөгөө батлах ёстой. Энэхүү төлөвлөгөөнд үндэслэж 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар хариуцна’ гэлээ.