Элэгний С вирусын халдвартай 40 мянган хүн эдгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Элэгний С вирусын халдвартай 40 мянган хүн эдгэжээ

Элэгний С вирусын халдвартай 40 мянган хүн эдгэжээ

Дэлхийн хепатитын өдрийг угтан Оном сангаас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглах нь” сэдэвт хурлыг өнөөдөр /2018.07.27/ зохион байгууллаа. Хуралд Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ, Элэгний төв эмнэлэг, АНУ-ын Жейсон Кросс тэргүүтэй эрдэмтэд оролцлоо.

Энэ үеэр хепатитын вирусын шинжилгээг орон нутагт тээвэрлэхгүйгээр тухайн бүс нутагтаа оношлох боломжтой 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий  50 аппаратыг нэвтрүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ.  Оном сангийн ТУЗ-ийн дарга доктор Д.Наранбаатар дараах мэдээллийг өгөв. 

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Хөтөлбөрийн үр дүн хэр байна вэ?

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Манайх өнгөрсөн онд 353 мянган хүн элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаас  30 гаруй мянга нь элэгний С вирусын халдвартай, 28 мянган хүн В вирусын халдвартай болох нь тогтоогдлоо. Тэднээс одоогоор 40 гаруй мянган хүн эдгэрсэн байна. Мөн урьдчилсан сэргийлэлт, эрт илрүүлэг шинжилгээ эрчимтэй явагдаж байгаа. Гэхдээ элэгний В,Д вирусын асуудал орхигдоод байдаг. Учир нь дэлхий нийтэд эмчилгээ муу учраас тэр юм. Өнөөдрийн байдлаар Монголд элэгний В, Д вирусын халдвартай 140 мянган хүн байгаа юм. 

-Хөтөлбөрийн хүрээнд ямар шинэ технологи нэвтрүүлж байна вэ. Эдгээр аппаратын дэвшлийг дурдвал?

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусыг нарийвчлан тоолох аппаратыг Монголдоо оруулж ирж байгаа. Энэ аппарат нь аймаг, сумандаа элэгний вирусыг нарийвчлан илрүүлэх, РНХ/ДНХ тоолох ач холбогдолтой. Бүх аймгуудад нэвтрүүлэхээр ярьж байна. Юун түрүүнд элэгний өвчлөл хамгийн их аймгуудад хуваарилах байх. Ирэх сарын дундаас хэтрүүлэлгүй. Эдгээр аппарат нь аймгийн төвд молекул биологийн нарийвчилсан тоон шинжилгээг хийхээс гадна овор багатай бүрэн автомат учир ажиллагаа хялбар юм. Мөн дэлхий нийтэд түгээд буй блокчейн технологийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр АНУ-ын Римеди компанитай хамтран ажиллаж байна. 

Хепатит В вирусийн халдвар бага насны хүүхдүүдийн дунд  их байсан

Эрдэмтэн судлаач Р.Арслан “Монголчууд 1960 –аад оны үед бүхий л өвчнийг тариагаар анагаадаг байж билээ. Эм, бэлдмэл ховор байсан учраас аль болох тариураар эмчлэхийг илүүд үздэг байж. Тухайн үед бага насны хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа, сүрьеэ зэрэг бусад өвчнүүд элбэг тохиолддог байсан. Өөрөөр хэлбэл айл өрх, эмнэлгүүд тариурыг буцалгаж, дутуу ариутгаснаас болж бага насны хүүхдүүдийн дунд “шар” өвчин буюу хепатит В вирусын халдварын тархалт их өндөр болсон юм.

Түүнийг судалдаг эмч мэргэжилтэн  тухайн үед бараг байгаагүй. Миний бие 1970 оны эхээр ийлдэс хепатит, халдварт хепатитын талаар асуудал дэвшүүлж дотоод дах бүхий л нөөц бололцоогоо ашиглаж судалгаа хийж эхэлсэн. Тэр үед В вирусээр өвчлөгсдийн 70 хувь нь хүүхдүүд байж билээ. Судлаад үзэхээр зүү, тариураас үүдэн өвчний тархалт нэмэгдсэн болохыг олж тогтоосон.

Ингэхдээ айл өрх, эмнэлгүүд тариураа 5-10 минут буцалгаад хэрэглэдэг байсан нь энэ өвчний тархалтыг нэмэгдүүлж, монголчуудыг элэгний өвчтэй болоход нөлөөлсөн. Харамсалтай нь тариа хийвэл өвчин хурдан эдгэдэг гэсэн буруу ойлголтоос үүдэн өнөө цагт элэгний өвчин хаа сайгүй тархсан байна. Түүнээс хойш 20 жилийн дараа буюу 1991 оноос нэг удаагийн зүү тариур манай улсад нэвтэрч, үр дүнгээ өгсөн байдаг” гэж ярилаа.

 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж