Танихгүй эмэгтэйн захидал

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Танихгүй эмэгтэйн захидал

Танихгүй эмэгтэйн захидал
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р… галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав. Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас Танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р… өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. “Намайг хэзээ ч Танихгүй чамдаа” гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа. Хэнд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ. …
Миний хүү өчигдөр нас барлаа. Түүнийхээ үхэлтэй тэмцэж буй бяцхан биеийг аврах гэж гурван өдөр гурван шөнө сахив. Халуу шатсан духан дээр нь мөсөн жин тавьж, жижигхэн гарыг нь өдөр шөнөгүй атгаж, дөчин нэгэн цаг орноос нь ч холдолгүй биеийг нь хөртөл хамт байсан. Гурав дахь өдрийн шөнөөс нь миний тамир барагдаж өөрийн мэдэлгүй нүд анилдан хатуу сандал дээр суугаагаараа гурав дөрөвхөн цаг цурамхийх чөлөөнд үхэл хүүг маань аваад явчихсан юм. Одоо хүү маань өөрийнхөө нарийхан орон дээр намайг сэрэхэд хэвтэж байсан тэр л чигтээ цагаан цамцтайгаа, ухаалаг хархан нүд нь аниастай хэвтэж байна. Хүүгийн минь бяцхан нүүрэнд туссан лааны гэрэл хөдлөхөд тэр минь амьд ч юм шиг харагдан, одоохон босож ирээд хүүхдийн гэнэн хонгор дуугаар ээждээ ямар нэгэн юм хэлнэ дээ гэж итгэхэд ч бэлэн сууна. Гэвч хүүгийнхээ хэзээ ч сэрэхгүйг мэдэж байгаа болохоор өөртөө тэгж бүтэлгүй найдлага төрүүлэхгүйн тулд тийшээ харахыг ч би хүсэхгүй байгаа юм.
Миний хүү өчигдөрхөн нас барж, одоо надад ганцхан чи, миний амьдралын тухай юу ч мэдэхгүй, амьдралаар ажиггүй тоглож яваа ганцхан чи л үлдлээ. Миний үргэлж хайрлаж явсан, намайг хэзээ ч мэдэхгүй ганцхан чи минь л надад байна. Би тав дахь лаагаа асааж, захидал бичиж буй ширээнээ тавив. Энэ аймшигт хоромд нас барсан хүүгийнхээ дэргэд уй гашуугаа хэнтэй ч хуваалцаж чадахгүй ганцаараа байхдаа чамаасаа өөр хэндээ ч хандах билээ. Одоо надад ганцхан чи л бүхнийг орлон үлдлээ. Би бүрэн гүйцэд ойлгуулж чадахгүй ч байж мэднэ. Яагаад гэхээр толгой минь өвдөж ухаан санаа минь самууран байна. Хэрвээ хүүгийнхээ адил томуу хүрээд халуурч байгаа бол айх ч юм алга, хүүгийнхээ хойноос яваад л өгнө.
Байсхийгээд л нүд минь харанхуйлж захиагаа дуусгаж чадахгүй болов уу гэхээс айж байгаа ч намайг хэзээ ч таньж мэдэхгүй хайрт чамдаа бүхнийг ойлгуулах гэж эхний бөгөөд эцсийн удаа бичиж буй захиагаа ямар ч гэсэн гүйцээх л болно. Би чамдаа юуны өмнө чи хэзээ ч мэдээгүй атлаа бүхий л амьдрал нь хар нялхаасаа чамтай холбогдсон өөрийнхөө тухай ярих гэсэн юм. Харин чи миний энэ нууцыг надад хариу хэлэх ямар ч боломжгүй болж, намайг үхсэний дараа л мэдэх болно. Яагаад тэр вэ гэвэл халуундаа чичрэн байсан бие минь хөрч эхлээд хэзээ хэзээгүй үхэх гэж байгаагаа улам гүнзгий мэдэрсээр байна. Хэрвээ үхдэггүй юмаа гэхэд энэ захидлыг урж хаячихаад урьдынх шигээ хэнд ч юу ч хэлэхгүй үг дуугүй явах болно. Энэ захиа хэзээ нэгэн цагт чиний гарт ордог юмаа гэхэд өөрийнхөө бүхий л амьдралын турш сүүлчийн мөчөө хүртэл чамайг л гэж амьдарч байсан энэ эмэгтэй хорвоог орхиод явчихсан байна. Нэгэнт үхсэн хүн юу ч шаардаж баяр гуниг, дурлал хайр алийг нь ч хүсдэггүй болохоор чи миний үгнээс айх хэрэггүй ээ. Гагцхүү миний бичсэнд итгээрэй. Хорвоод ганцхан үрээ алдчихаад байгаа эх хүн яаж худлаа хэлэх вэ? Би чамаасаа энэ бүгдэд итгээрэй гэж залбиран гуйж байна. Би чамдаа өөрийнхөө амьдралынхаа тухай юу ч орхихгүй ярья. Чамайг харахаас өмнө миний амьдрал нэг л бүрхэг бүүдгэр мананд хучигдсан мэт өөрт минь тодорхой юу ч санагдахгүй юм. Миний амьдралын сүүлчийн амьсгал шингэсэн энэ захиаг уншиж буй одоо чиний амьдарч байгаа өрөөний чинь өөдөөс харсан шатны дэргэд би анх чамайг харсан юм. Тэгэхэд би дөнгөж арван гуравтай байлаа. Манайх танай өөдөөс харсан хаалганд амьдардаг байсан. Үргэлж л гашуудлын хувцастай явдаг түшмэлийн бэлэвсэн эхнэр, туранхай жаал охин хоёрыг чи одоо мартаа биздээ. Бид өөрсдийн хомс тарчиг амьдралыг бусдаас нуудаг байв. Магадгүй чи бидний нэрийг хэзээ ч сонсоогүй байх. Учир нь манай хаалганд нэртэй пайз ч байхгүй, манайхаар хэн ч ирдэггүй, биднийг хэн ч асууж сурдаггүй байсан билээ. Энэ бүхэн арван тав зургаан жилийн өмнө болсон болохоор чи мэдээж санахгүй л байгаа. Харин би бол огт санаад оромгүй жижиг зүйлийг ч өнөөдөр л болсон юм шиг тодхон санаж байна. Чиний тухай сонсож, чамайг анх харсан, миний өмнө бүхий л дэлхий ертөнц нээгдсэн тэр өдрийг би санахгүй байж яаж чадах юм бэ? Хайрт минь намайг бүр эхнээс нь ярихад битгий дургуйцээрэй. Бүхий л амьдралынхаа туршид чамд дурлаж, хайрласан сэтгэлийг минь бодож хэсэгхэн хором тэсвэрлэж сонсоорой. Чамайг нүүж ирэхээс өмнө танай байранд ой гутам хэрүүлч зодоонч айл суудаг байсан болохоор бид ч тэднийхтэй сайн харилцаатай байгаагүй. Гэрийн эзэн архичин хар юм эхнэрээ сав л хийвэл нударгална.
Айл амьтан унтчихсан хойно сандал ширээ тачигнуулан аяга тавгаа хагачиж, төдөлгүй үс гэзэг нь сэгсийж цус нөжиндөө хутгалдсан эхнэр нь гарч зугтаах ба согтуу нөхрийх нь хараал зүхэл урсган элдэх чимээг сонсож тэднийг зохицуулахаар хөршүүд нь арга буюу сэргийлэх дууддаг байв. Ээж маань энэ эр эм хоёроос хөндий байж, намайг хүүхдүүдтэй нь ч ярихыг хориглодог байсан бөгөөд, тэд аятай тохиолдол бүрт надаас хариугаа авдаг байсан юм. Хүүхдүүд нь гудамжинд таарчихаад хүртэл араас харааж зүхнэ. Нэг удаа цасаар шидэхэд нь миний нүүр нил цасанд будагдаж билээ. Ойр тойрных нь айл амьтан ч тэднийхнийг нэг нүдээр хялайдаггүй байсан юм. Гэтэл нэг удаа яагаад ч юм бэ? Магадгүй нөхөр нь хулгайн хэргээр шоронд орж тэднийх гэр бүлээрээ нүүгээд явчихсан хойно л бид арайхийн чөлөөтэй амьсгалах болсон билээ. Түүнээс хойш хоёр гурав л хоносон байх, байрыг худалдах зарлал гарч, удалгүй нэгэн нэр цуутай зохиолч суухаар болсныг бид мэдсэн юм. Тэгэхэд л би анх чиний нэрийг сонсож билээ. Дахиад хоёр гурав хоносны дараа засварчид ирж, өмнө нь байсан айлын тортог буртгийг цэвэрлэж, будаж янзлав. Тэд үргэлж хадаж, хусаж, нүдэж байсан ч ээж маань бузар булай хөршөөсөө салж амарсандаа баяртай байлаа. Чамайг харах цаг хараахан болоогүй бололтой. Бүхнийг чиний зарц дунд зэргийн нуруутай, бууралтсан үстэй, юмыг дээрээс нь доош нь нүдээ гүйлгэн ширтэж хардаг, ажилсаг байрын хүн жин тан болгож байв. Тэр ямар ч хүнтэй эелдэг зөөлөн харьцах ба хэнийг ч их бага гэж үздэггүй, бусад зарц нартайгаа элдвийн үг ярьдаггүй зөвхөн үүргээ л гүйцэтгэдэг онцгой чанар нь биднийг бишрүүлсэн юм. Анхны өдрөөсөө л миний ээжтэй яг л язгууртан эмэгтэйн адилаар хүндэтгэн мэндэлж, намайг бяцхан охин гэж үл тоомсорлолгүй үнэн санаанаасаа эелдэг харьцаж байлаа. Тэрээр чиний нэрийг хэлэхдээ гүн хүндэтгэлтэй биширмээр өгүүлж байгаа нь ердийн зарц нарын эзэндээ ханддагаас их л өөр байж билээ. Энэ эелдэг хөгшин Иоганид, чиний дэргэд үргэлж хамт байдагт нь би хэдийгээр атаархдаг байсан ч сүүлдээ түүнийг хайрлах болсон юм. Би яагаад ийм инээд хүрмээр жижиг зүйлийг хүртэл орхихгүй байгаа юм бэ? Гэвэл өөрийнхөө чамд ямар байсныг бүр эхнээс нь ойлгуулахын тулд л тэр шүү. Чамайг миний амьдралд оролцохоос бүүр өмнө эргэн тойрон чинь бүрхүүлтэй мэт нэг л нууцлаг битүү, баялаг гэрэл гэгээнд хучигдан манай байрныхан чамайг бүгдээрээ л тэсэж ядан хүлээцгээж билээ. Манай байранд ямар сайхан хүмүүс амьдардгийг чи мэднэ. Намайг нэг удаа хичээлээсээ тараад ирж явтал манай байрны үүдэнд тавилга ачсан бүрхүүлтэй тэрэг зогсож байв. Зөөгч нар том юмнуудыг аль хэдийн дээш гаргачихсан дотор нь тавьдаг жижиг сажиг зүйлсийг л зөөж эхэлж байлаа. Би хаалга налан зогсоод хэзээ ч харж байгаагүй чамин ганган эд хогшлыг нүд салгалгүй ширтэж эхлэв. Энэтхэг бурхад, Итали баримлууд, том том гоёмсог зургууд, хамгийн сүүлд нь хэрвээ би өөрийнхөө нүдээр хараагүй бол итгэхийн аргагүй ховор нандин номууд байлаа. Зарц Иогани тэдгээрийг харж хандан зөөлгөж байв. Учиргүй сонирхсондоо зүрх минь догдлон хэдийгээр зарц намайг хөөгөөгүй, би өөрөө номуудыг үзэхийг хичнээн хүсэж байсан ч гэсэн нэг ч номонд гар хүрч зүрхэлсэнгүй. Би зөвхөн нэрсийг нь л харж байв. Тэр номнууд англи, франц, зарим нь миний огт мэдэхгүй хэлээр бичигджээ. Хэрвээ ээж намайг дуудаагүйсэн бол тэнд хэдэн цаг ч зогсох байсныг бүү мэддээ. Чамайг Танихгүй мөртлөө тэр оройжингоо л би чиний тухай бодлоо. Надад өөрөө уншсаар байгаад ноорчихсон арваадхан ширхэг хямдхан номнууд байдаг байв. Миний толгойд ийм олон ном уншсан, ийм олон хэл мэддэг боловсролтой чинээлэг ямар хүн байдаг бол гэсэн бодол орж ирлээ. Ийм хүн бурхан шиг л байдаг байх гэж бодлоо. Санаандаа чамайг газарзүйн багш шигээ урт цагаан сахалтай, нүдний шилтэй, түүнээс ч илүү эелдэг сайхан хүн байх ёстой гэж бодож байсан юм. Тэгээд тэр шөнөдөө чамайг анх удаа зүүдэлж билээ. Дараа өдөр нь чамайг ирэхэд зөндөө олон удаа сэмхэн шагайсан ч чамайг олж харж чадсангүй. Миний сониуч зан туйлдаа хүрэв. Гурав өдөр нь чамайг хараад хүүхдийн сэтгэлээр ургуулан бодож байсан нүдний шилтэй, сайхан сэтгэлт хөгшин биш харин хичнээн жил өнгөрсөн хойно ч ерөөс өөрчлөгдөөгүй одоогийн байгаа төрхөөрөө л чи харагдсан юм.
Чи тэгэхэд цайвар хүрэн өнгийн гоёмсог биеийн тамирын хувцас өмсчихсөн залуу хүний сэвэлзсэн алхаагаар шатны гишгүүр алгасан харайсаар гарч ирсэн. Гартаа бүрх малгайгаа барьсан чиний цайвар үстэй сэргэлэн царайг би гайхан ширтэж билээ. Үнэнийг хэлэхэд би гол шиг сайхан залууг хараад айх шиг болсноо санаж байна. Гайхалтай их юм уншсан, боловсролтой өөрийн уран бүтээлд хатуу чанд атлаа залуу хүний адал явдалт тоглоомд дуртай чиний хоёрдмол амьдрал намайг төдийгүй бусад хүмүүсийн гайхшийг төрүүлэх нь аргагүй юм байна гэдгийг би тэрхэн агшинд тун ч хурцаар мэдрэв. Би санамсаргүйгээр чиний хоёрдмол амьдралын нэг нь хүмүүсийн боддог шиг ил тод гадаад байдлаар чинь илэрхийлэгдэж байдаг, нөгөө нь бол зөвхөн чиний өөрөө л мэддэг нууцлаг битүү амьдрал гэдгийг арван гурван настай охины балчирхан ухаанаар ойлгосон юм. Одоо чи хүүхдээрээ шахуу надад ямар их гайхамшигтай сэтгэл татам оньсого шиг хүн санагдсанаа ойлгож байгаа биздээ. Хайрт минь? Хэн хүний мэдэх ном зохиол бичсэн хүндэтгэн биширч байсан хүн маань хорин тавхан настай ганган хээнцэр залуу байсан болохоор л тэр. Энэ өдрөөс л миний амьдарч байсан хүүхдийн ертөнц маань надад ямар ч сонирхолгүй болж, арван гуравхан настай охин намайг ганцхан чиний амьдрал, чиний тухай бодохоос өөр юу ч эзэмдэхээ байсан юм. Би чиний сонирхдог зүйлс,танайхаар ирдэг хүмүүсийн тухай сонирхон судалж, ялангуяа танайд янз бүрийн насны, есөн шидийн хүмүүс тасардаггүй нь миний сонирхлыг улам ихээр татдаг байв. Чиний танилууд зөвхөн театрт л харсан хатагтай нар, дохиур барьсан гараас нь өөр юм олж үзээгүй хөгжмийн нэрт удирдаач, худалдааны сургуулийн оюутан бүсгүйчүүд, даржин оюутнууд гээд л зөндөө хүмүүс хөл татрахгүй, тэр дундаа олон бүсгүйчүүд ирнэ. Би эдгээр бүсгүйчүүдийг огт гайхдаггүй тэр ч бүү хэл нэгэн өглөө хичээлдээ явахдаа танайхаас шигүү торон гивлүүртэй хатагтай гарч явааг хараад огтоос тоогоогүй билээ. Тэгэхэд дөнгөж арван гурав хүрч байсан би чамайг харуулдан дагаж, нуугдан хүлээдэг байсан хачин сонирхлоо хэмжээгүй дурлалынхаа эхлэл байсныг яаж мэдэх билээ дээ.
Гэхдээ би бүх л сэтгэл зүрхээ чамдаа үүрд өгсөн өдөр цагийг тодхон санаж байна. Би найз охиныхоо хамт зугаалганаас буцаж ирээд орцныхоо үүдэнд дэмий ярин зогсож байтал бидний хажууханд нэгэн суудлын тэрэг ирж зогсов. Тэр машинаас чи нөгөө л өөртөө итгэлтэй хурдан шалмаг хөдөлгөөнөөр буугаад шат өөд хурдлан өгсөв. Би өөрийн мэдэлгүй чамд хаалга онгойлгож өгөхөөр ухасхийхдээ чамтай золтой л мөргөлдчихсөнгүй. Чи намайг зөөлөн энхрий дулаар харцаар харж нөхөрсөг намуухан дуугаар “Их баярлалаа бүсгүй минь” гэв. Ингээд л бүх юм гүйцсэн ч тэрхэн зуур чиний зөөлөн дулаан харцыг мэдрэхдээ өөрийгөө чинийх гэдгийг би ойлгосон юм. Гэвч би тун удалгүй чамайг бүх л хүмүүстэй тэр дундаа, худалдагч, үйлчлүүлэгч зэрэг эмэгтэй хүн бүхэнтэй харьцахдаа тийм эелдэг зөөлөн энхрий ялдам, чин сэтгэлийн наалинхай зангаар харьцдаг энэ нь ямар ч илүү зорилгогүй болохыг мэдсэн билээ. Гэсэн ч арван гурван настай жаахан охин би үүнийг огтхон ч сэжиглэлгүй, сэтгэлд минь нар гийх шиг л болсон юм. Тэр энхрий ялдам зан ганцхан надад зориулагдсан гэдэгт итгэж бүсгүй хүний зөн билэг маань үүрд чинийх байхсан гэдэг бодол төрүүлсэн юм шүү. Найз охин маань надаас “Энэ чинь хэн бэ?” гэж асуусан. Би түүний асуултад тэр дороо хариулж чадаагүй. Энэ аз жаргалтай хоромд би нэрийг чинь ч хэлж зүрхэлсэнгүй. “Манай байранд амьдардаг” юм гэж би ичингүйрэн бувтнав. “Тэгвэл чи яагаад улайж орхив” хэмээн найз маань хүүхдийн хорлонтой зангаар тавлан инээв. Намайг шоолж нууцыг минь мэдэх гэсэнд миний хүзүү хүртэл халуу оргин ичсэндээ түүнд хандан заналхийлсан дуугаар “Усан тэнэг” гэж хашгирлаа. Найз маань намайг шоолон улам чангаар хөхрөхөд би хэрвээ чаддагсан бол багалзуурдаад авмаар байсан ч хүч хүрэхгүйдээ бачимдан нүдийг минь нулимс бүрхэв. Тэгээд бушуухан эргэж дээшээ гүйлээ. Энэ учралаар л би чамд дурласан юм. Чамд ийм үг хэлсэн хүн зөндөө байгааг би мэдэж байна. Гэсэн ч надаас өөр хэн ч ингэж боол мэт үнэнчээр дурлаагүй гэдэгт итгээрэй.
Миний энэ дурлал чамаас бусад хүүхнүүдийн адил юу ч улиглаж шаардаагүй, энэ дэлхий дээр өөр юугаар ч сольшгүй хүүхэд насны минь дүрэлзсэн халуун дурлал хэвээрээ чамд үнэнчээрээ үлдсэн юм. Бусад хүүхнүүд бол аль хэдийн хамаг юмаа хэнд ч хамаагүй чалчиж, зарим нь айдсаа бусдад нялзаахыг санаархдаг, тэд бүгдээрээ энэ тухай үе үе сонсож, уншиж мэдсэн байдаг бөгөөд энэ нь хэн бүхэн зайлшгүйгээр дайран өнгөрдөг зүйл билээ. Тэд дурлалыг тохуурхан дооглож, үүнийг эрэгтэй хүүхдүүд анх удаа тамхи татсанаа гайхуулдаг шиг сайрхан ярьцгаадаг. Би хэнд ч итгээгүй болохоор хэн ч надад зөвлөж болгоомжлуулсангүй. Ямар ч туршлагагүй гэнэхэн амьтан би харанхуй ангал мэт өөрийнхөө хувь заяа руу өөрөө л зүтгэсэн юм. Эцэг маань эрт нас барж, тэтгэврийн хэдээрээ амь зуудаг ядуу бэлэвсэн эхээсээ хөндий байдаг, сургуулийн хөнгөн зантай найз охид маань намайг ойлгодоггүй болохоор би ганцхан чамд өөрийн хүсэл мөрөөдөл болсон чамдаа л итгэдэг байлаа. Би чамд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Чи бол миний хувьд бүхнийг орлосон амьдрал минь байсан юм. Чамд хамаатай бүхэн сэтгэлийг минь эзэмдэж миний амьдралд нөлөөлөх боллоо. Хайхрамжгүй тааруухан сурч байсан би ангидаа тэргүүний сурагч болж чиний номд дуртайг мэдсэнээсээ хойш хэдэн зуун ч ном уншив. Мэдэхгүй. Чамайг хөгжимд дуртайг мэдээд төгөлдөр хуур хөгжмөөр уйгагүй хичээллэдэг болсон минь ээжийн гайхшийг төрүүлж билээ. Чиний нүдэнд арчаагүй муухай харагдахгүй гэж даашинзаа үргэлж цэвэрлэж индүүднэ. Ээжийн хуучин бошинзоор хийсэн дөрвөлжин нөхөөстэй хормогчноосоо хачин их ичдэгсэн. Энэ нөхөөсөө чамд харагдуулахгүйг хичээж номынхоо цүнхийг баруун гартаа барин шатаар гүйж гардаг байв. Чамайг харчих вий гэхээс ухаан алдталаа айна. Миний айдас ямар хөгийн байгаа вэ. Гэтэл чи намайг бараг хэзээ ч хараагүй шүү дээ. Би бүх л өдөржин чамайг харуулдаж өнжинө. Манай хаалганы зэс хүрээтэй шагайвчаар танай хаалга яг харагдана. Намайг шоолж инээх хэрэггүй хайрт минь. Тэгэх тусмаа одоо бүүр ч хэрэггүй, энэ нүх надад бүх л бүтэн ертөнцийг нээдэг байсан болохоор чамайг л харах гэж гартаа ном барин ээжийг мэдчих вий гэж айн айн өдөржин бээртлээ суудаг байв. Чамайг ойртон ирэхийг мэдмэгцээ би чивчирсэн хөгжмийн утас луугаа чичирч эхэлдэг байлаа.
Би чамайг хэзээ ч орхилгүй чиний юу хийж буйг байнга ажиглаж яг л чиний дандаа хэрэглэж, үргэлж халаасандаа авч явдаг цагны чинь пүрш шиг үл анзаарагдах хэрнээ хэзээ ч хамт байсны минь мэдэхгүй. Чиний тухай бүгдийг өөрөөр хэлбэл юу сонирхдог, ямар ааш араншинтай, хэдэн зангиа, хэдэн костюмтай, тэр битгий хэл ямар өнгөтэй болохыг ч би мэддэг байсан. Удалгүй чиний танилуудыг хүртэл андахаа байж тэднийг өөртөө таалагддаг таалагддаггүй гэж хоёр хэсэгт хувааж билээ. Би арван гурваас арван зургаан нас хүртлээ чамтай хамт амьдарч чиний төлөө л төрсөн юм шиг байдаг байсан. Би ямар их тэнэг юм хийдэг байсан гэж чи санана. Чиний гар хүрсэн хаалганы бариулыг үнсэж, чиний татаад хаячихсан тамхины ишийг түүдэгсэн. Орой бүр ямар нэг шалтаг олж зөвхөн чиний гэрэлтэй цонхыг харж чамайг тэндээ сууж буй эсэхийг мэдэх гэж өчнөөн, төчнөөн удаа гудамжинд гүйж гараад л… Тэгээд чамайг аль нэг тийшээ явахаар болж, зарц хөгшин чиний шар чемоданыг доош нь буулгаж ирэхийг харахаараа зүрх минь базагдах шиг болж, олон арван хоногоор миний амьдрал утга учраа алдан хүйт даадаг байв. Гунигтай, дүнсгэр, уур уцаартай болсон миний нүдэнд нулимс цийлэгнэн хичнээн зовж шаналж байгааг ээж маань ч үл анзаарна. Би чамдаа хүүхдийн инээдэмтэй түүх ярьж байгаагаа мэдэж байна. Энэ бүхэн ичгэвтэр хэдий ч би хэзээ ч ичихгүй, яагаад гэхээр миний дурлал тэртээ хүүхэд ахуй цагий минь бахархал болсон ариун нандин асаж дүрэлзсэн хэвээр байгаа билээ. Миний зүсийг ч бараг мэдэхгүй чамд тэр үед чиний төлөө амьдарч байсныгаа бүтэн цаг, бүх л өдөржин ярьсан ч чадна. Би чамтай шатан дээр таарчихаараа гал шиг харцтай чинь тулгарахаасаа айж толгойгоо гудайлган хажуугаар чинь галаас зугтан ус руу гүйж буй хүн шиг хурдхан өнгөрдөг сөн. Хэдийгээр би чиний тэр үеийн амьдралын тухай бүхэл өдөржингөө өчүүхэн ч зүйл орхилгүй ярьж чадах боловч чамайг зовоож залхууг чинь хүргэхийг хүсэхгүй байна. Би зөвхөн хүүхэд насныхаа аз жаргалтай мөчүүдийн тухай л дурсах гэсэн юм. Чи намайг битгий шоолоорой. Энэ явдал өчүүхэн зүйл боловч жаал охин надад хэмжээлшгүй их аз жаргал байсан юм шүү. Лав нэг сайн өдөр тохиолдсон санагдана. Тэр үед чи эзгүй, зарц чинь том хивс сэгсэрч цэвэрлээд, танай өрөөний хаалгаар оруулж яваа харагдсан. Хөгшин зарцыг хүч хүрэхгүй ядарч байхыг нь хараад шууд зориг гарган очиж, би хамжилцах уу гэж асуухад зарц өвгөн гайхсан боловч туслахад минь татгалзсангүй.
Чиний өрөөнд би тэгэж анх удаа орж үзсэн юм. Өрөөнд чинь байгаа эд агуурс, чиний суудаг ертөнц, хөх ваартай цэцэг тавьсан чиний бичгийн ширээ, ном шүүгээг ямар их хайр хүндэтгэлтэйгээр элэгсэг дотно харж байснаа хэлэх үг олдохгүй байна. Чиний үнэнч зарц Иогани мэдээж намайг дэргэд нь очиж харахыг зөвшөөрөхгүй байсан болохоор чиний амьдралыг хальт хараад өнгөрч билээ. Харин ингэж цорын ганц удаа харахдаа би чиний тасалгааны юм болгоныг нүдэлж аваад энэ явдал чамайг хүсэн мөрөөдөж, өдрийн бодол шөнийн зүүд болж санаашран суухад сэтгэлийн тэжээл болдог байж билээ. Өчүүхэн энэ мөч, энэ явдал миний хүүхэд ахуйн амьдралд хамгийн аз жаргалтай нь байж. Намайг гэж Танихгүй чи минь дэргэд чинь амьдралаа чамд зориулсан нэг хүн яаж уйтгарлаж, яаж тэсэж ядан байсныг мэдэж аваг гэсэндээ л үүнийг ярьж байгаа юм шүү. Чамд ярьж буй энэ явдлын дараахан өөр нэг аймшигтай явдал тохиолдсон юм. Би чамаас бусад юм болгоныг мартаж, ээжийгээ ч тоохоо больж, ер юуг ч анхаарахаа байсан гэж чамд хэлсэн шүү дээ. Инсбург хотоос ээжийн минь холын садан сүлбээ нэг хижээл насны худалдаачин манайхаар байсхийгээд ирж удтал ярьж суудаг байсныг би анзаарсангүй. Заримдаа тэр хүн ээжийг минь театрт юм үзүүлэхээр авч явахад нь би харин баярладагсан. Ганцаараа үлдээд ямар ч саадгүй чамайг бодож, чиний ирэхийг харуулдан суух нь миний ганц дээдийн жаргал байсан юм. Тэгтэл нэг өдөр ээж минь намайг өрөөндөө дуудаж аваачаад их чухал юм ярина гэхэд нь ямар нэг юм тааварлан, сэжиг аваагүй байгаа гэж айхаас царай минь хувхай цагаан болоод, зүрх хүчтэй цохилж эхлэв. Хамгийн түрүүнд л ертөнцтэй намайг холбож өгч байгаа нууц чи минь л бодогдов. Гэтэл ээж минь өөрөө сэтгэл зовсон байдалтай намайг их л энхрийлэн хэд хэд үнсээд (уг нь ер үнсдэггүй юмсан) зөөлөн вандан дээр хажуудаа суулган царай нь улайж түгдэрснээ өөрийн нь холын хамаатан бэлэвсэн эр сууя гэж гуйхад чамайг бодоод л суухаар шийдлээ гэж ярив. Зүрх минь улам ч хүчтэй булгилж, би юуны түрүүнд ганцхан чамайг л бодож “Би эндээ байх уу?” гэж арай ядан асуухад ээж минь “Үгүй ээ. Бид Инсбург руу нүүнэ. Тэнд Фердинандад сайхан байшин бий гэнэ” гэлээ. Би өөр юу ч дуулсангүй нүд минь харанхуйлаад явчихсан.
Би муурч унаснаа сүүлд нь мэдсэн. Хаалганы цаана хүлээж байсан миний хойт эцэг болох гэж байгаа тэр хүнд намайг гэнэт гуйвалзан шалан дээр гараа алдлан савж ойчсон гэж ээжийнхээ хэлж байгааг сонслоо. Тэрнээс хойших хэдэн өдөр юу болж өнгөрсөн, арчаагүй жаал охин би томчуултай яаж тэмцэлдэж байснаа санахаас дотор арзасхийж одоо ч тэр тухай бичихэд гар минь салганаж байна. Тэгээд би нууцаа задалж хэрхэвч болохгүй байсан болохоор намайг тэнэг зөрүүд зан гаргаж байна гэж бодоцгоосон биз. Тэгээд надтай ярих хүнгүй болж, юм болгоныг надаас далдуур хийж, намайг сургуульдаа явсан хойгуур нүүхээр юмаа төхөөрч, сургуулиасаа буцаж ирэхэд минь нэг юм худалдчихсан, нэг юм алга болчихсон байдаг байлаа. Миний нүдний өмнө өрөө тасалгаа минь хоосорч, түүнтэй хамт амьдрал минь сарнин эвдэрч байлаа. Нэг өдөр сургуулиас ирэхэд гэрийн хэрэгсэл хогшлыг маань хүн аваад явчихжээ. Хов хоосон өрөөнд ачиж явуулахад бэлтгэсэн хэдэн авдар, ээж бид хоёрын эвхмэл ор үлджээ. Бид сүүлчийн ганц шөнийг өнгөрөөж, өглөө нь Инсбург тийш явах ёстой болсон байв. Би тэр сүүлчин өдөр чамаас хол амьдарч чадахгүйгээ гүйцэд тодорхой ойлгож, намайг аврах хүн ганц чи гэж бодсоон. Би чухам юу бодож байсан, цөхрөнгөө барсан тэр үедээ би ухаалаг зөв шийдсэн эсэхээ хэзээ ч мэдэхгүй юм. Харин ээжийгээ гараад явмагц би сургуулийнхаа хувцастай чигээрээ танайх руу гүйж очлоо. Үгүй. Үнэндээ би өөрөө очоогүй, харин ямар нэг далдын хүч намайг чиний хаалганы дэргэд түлхэн аваачихад хоёр хөл минь хөшиж хамаг бие дагжин чичирч байв. Би чухам яах гэснээ өөрөө ч сайн мэдэхгүй, би чиний хөлд сөхрөн унаж намайг боол, шивэгчин болгоод ч атугай гэртээ аваад үлдээч гэж сөхрөн гуйхад бэлэн байсаан.
Арван тавхан настай охины хийрхүү занг чи шоолон элэглэх болов уу даа. Гэвч хонгор минь ээ, үүдний чинь хүйтэн шалан дээр яаж айн дагжиж, зогсож байсныг минь чи мэддэгсэн бол шоолохгүйсэн биз дээ. Чухам яахаа шийдэж ядан үүдэнд чинь зогссон тэр хэсэгхэн хугацаа надад бүхэл бүтэн үе өнгөрөх шиг санагдсан. Тэгээд нууц далдын ямар нэг хүний эрхээр чичирч салгалсан гараараа өөрийн эрхгүй чиний хаалганы хонхыг дартал хонх огцомхон жингэнээд чимээгүй болсон нь одоо ч чихэнд дуулдах шиг болж байна. Тэгээд чамайг хаалгаа тайлж өгөхөөр ирж явна уу, үгүй юу гэж сэтгэл түгшин чагнаж байхад цус минь гүйхээ болиод зүрхний минь цохилт зогсох шиг санагдаж билээ. Гэвч чи гарч ирсэнгүй. Хэн ч гарч ирсэнгүй. Чи лав гэртээ байгаагүй. Иогани хоршооноос юм авахаар явсан байсан биз. Тэгээд би эмх замбараагаа алдаж, хоосорсон өрөө рүүгээ салганан очоод баглаатай юман дээрээ тэгнэн унахад, хонхны чинь дуу чихэнд хадаастай үлдсэн юм. Дөрөвхөн алхам ингэж явахдаа би гүн хунгар дундуур хэдэн цаг явснаас илүү их ядарсан байж билээ. Гэвч ямар ч байсан хамаагүй намайг аваад явахаас нь өмнө чамайг олж харах, чамтай ярилцах хүсэл зориг улам улам бадарч байлаа. Надад миний ухаан санаанд чамаас өөр юу ч байгаагүйг тангараглая, чамд. Би чамайг бодохоос өөр юу ч мэддэггүй байсан юм шүү. Би зүгээр л чамайг олж уулзаад ойр дэргэд минь байгааг чинь мэдрэхсэн гэж хүсээд тэр, хайрт минь. Ээжийгээ дөнгөж орондоо зүүрмэглэмэгц би үүдний өрөөнд сэмээрхэн гарч ирж чамайг ирж байна уу, үгүй юу гэж чагнан зогсов. Би чамайг нэгдүгээр сарын тэсгэм хүйтэн тачигнасан тэр шөнийн турш ингэж хүлээж байхад, хамаг бие янгинаж жигтэйхэн их ядарлаа. Ядаж суух сандал ч байхгүй болохоор хүйтэн шалан дээр тэр чигээрээ хэвтэхэд хаалганы доогуур жавар үлээж байлаа. Хэрэв бие дулаацвал унтаж орхиод чиний ирэхийг мэдэхгүй өнгөрөөчихнө гэж айхдаа хатуу нүцгэн модон шалан дээр хөнжил нөмрөлгүй дан ганц дээлтэйгээ хэвтлээ. Би хөл гараа бүлээцүүлэхийн эрхээр өвдтөл нь үрж байсан даа. Тэр харанхуй хонгилын мухарт тэсэхийн аргагүй хүйтэн болохоор би жаахан ч болов бүлээцэхийн тулд бас ч холхиж эхлэв. Би өөрийнхөө хувь заяаг хүлээж байгаа юм шиг чамайг хүлээгээд л хүлээгээд л байлаа. Лав шөнийн хоёр гурван цагийн үед дор хаалга дуугарч, дараа нь шат өөд хүн өгсөх хөлийн чимээ сонсдов. Тэрхэн агшинд би хүйтнийг огт мэдрэхээ больж хамаг бие халуу оргиод явчихлаа. Би хаалгаа аяархан онгойлгоод, урдаас чинь гүйж очоод өлмий дор чинь унахад бэлэн байв… Тэгэхэд жаал охин би яаж тэнэглэх байсан бол, чухам бүү мэд. Хөлийн чимээ ойртож, гэрэл үзэгдэхэд чамайг мөн болов уу? гэж бодсоор хаалганыхаа бариулаас бариад чичрэн зогсож байв. Хайрт минь нээрээ чи мөн байж билээ. Харин ганцаараа биш нэг хүүхэн дагуулаад иржээ… Торгон хувцас шажигнаж, бачимдсан эмэгтэй хүний сөөнгө инээд, чиний намуухан дуу гарахыг би сонссон. Тэр шөнийг би яаж зовж тарчилж өнгөрөөснөө санахгүй байна. Өглөөний найман цагт намайг Инсбург хот руу аваад явлаа. Дахиад эсэргүүцэх сөгөө үнэндээ байсангүй…
Балчир үр минь өчигдөр шөнө үхлээ. Хэрэв би амьд явах учиртай бол дахиад л гав ганцаараа үлджээ. Маргааш бараан хувцастай хар элгийн хүмүүс австай ирж хөөрхий муу ганц үрийг минь авсална. Найз нөхөд цэцэг аваад ирэх ч магадгүй дээ. Гэтэл авсны дэргэд цэцэг байх нь ямар хэрэгтэй юм бэ. Миний сэтгэлийг тайтгаруулах гэж элдэв үг ярина биз. Тэгээд надад ямар тус хүргэх юм бэ? Тэгсэн тэгээгүй би дахиад л ганцаараа боллоо гэдгээ мэдэж байна. Хүн амьтны дотор байгаа мөртлөө ганцаардахаас илүү аймшигтай юм байдаггүй гэдгийг би сайн мэднээ. Би үүнийг арван зургаатайгаасаа арван найм хүртлээ Инсбург хотод тамтаггүй хоёр жилийг өнгөрүүлэхдээ мэдсэн юм. Би тэгэхэд ёстой л торонд орсон болжмортой адилхан суудагсан. Миний хойт эцэг болох үг дуу цөөтэй, тайван зантай тэр хүн надад тун сайн байдаг байв. Ээж минь миний өмнө санамсаргүй буруу хэрэг үйлдчихээд түүнийгээ цагаатгах гэж байгаа мэт хүссэн бүхнийг минь биелүүлдэг байсан юм. Залуучууд надад нүүр талтай болох гэж яддаг байсан боловч би тэднийг огт хавьтуулахгүй түлхдэг байсан юм. Би чамаас алсад жаргалтай байхыг хүссэнгүй. Би өөрийгөө зориуд ганцаардуулж уйтгарын байдалд байсан. Ээжийнхээ авч өгсөн шинэ даашинзуудыг ч өмсдөггүй, театрт юм үзэх, зугаалгаар явахад нь хүртэл нэг ч удаа дагаж явдаггүй байлаа. Би гэрээс бараг гардаггүй болохоор бүтэн хоёр жил амьдарсан энэ жижиг хотын дөнгөж арваадхан гудамжийг мэднэ. Чамтай уулзахгүй байх гэдэг айдсаар өөрийгөө тарчилган, улам шаналж байсан.
Гэхдээ би энэ айдсаа өөрөөсөө ор мөргүй зайлуулахыг хүсэхгүй байв. Учир нь зөвхөн чинийхээ төлөө л амьдармаар байлаа. Би гэртээ бүх л өдөржингөө юу ч хийлгүй чамайгаа л бодож өнгөрөөдөгсөн. Чамтай уулзсан тааралдсан тэр мөчүүдийнхээ тухай өчүүхэн ч юм орхилгүй дахин дахин бодож яг л жүжиг үзэж байгаа мэт санаандаа төсөөлнө. Тийм ч болохоор хүүхэд ахуй насандаа тохиолдсон бүх л учрал тохиолдлыг өчигдөрхөн болсон юм шиг тун ч тодорхой санаж байна. Тэр үед би зөвхөн чамтай амьдарч байв. Чиний номнуудыг гарах бүрд нь худалдан авч хэрвээ сонин дээрээс нэрийг чинь олж уншвал бөөн баяр болно. Намайг чиний бичсэн бүх шүлгийг цээжээр мэддэг гэхэд чи итгэхгүй байх. Хэрвээ намайг шөнө дунд сэрээгээд аль нэг хэсгээс уншаач гэвэл би одоо ч гэсэн уншиж чадна. Хэдийгээр арван гурван жил өнгөрсөн боловч чиний үг болгон надад Евангели судрын амны уншлага шиг үнэтэй байсан болохоор хэзээ ч мартдаггүй. Бүхнийг чамтай холбон бодож сонин дээрээс шинэ жүжиг концертын тухай уншихдаа хүртэл түүнд минь таалагдаа болов уу, яагаа бол гэж санана. Орой болонгуут л чамайг санаандаа ургуулан одоо концертын танхимд орлоо. Хүмүүсийн дундуур явсаар суудалдаа суулаа гэж бодно. Нэг л удаа чамайг концерт үзэж байхыг харснаасаа хойш үргэлж л ингэж төсөөлдөг болсон билээ. Хэн ч хэзээ ч үл мэдэх хүүхэд насныхаа аймшигт ганцаардлын тухай, хэн ч мэдрэн ойлгоогүй юмны тухай ярьж байгаа минь хэнд хэрэгтэй юм бэ? Тэр үед би хүүхэд байсан гэж үү? Би чинь тэгэхэд арван долоо найм хүрчихсэн, гудамжаар явж байхад залуучууд өдөж хоргоохоор миний уур их хүрдэг байв. Өөр хэн нэг хүнд дурлана гэж би хэзээ ч боддоггүй, энэ бол яагаад ч байх боломжгүй, хэрвээ ийм юмтай орооцолдоход хүрвэл үхсэн минь дээр гэж боддог байлаа. Хүүхэд нас минь өнгөрөх тусамд чамд тэмүүлэн тачаадах минь улам гүнзгийрч илүү энхрий ялдам, бүр ч хүчтэй дүрэлзэхийг яана. Чам руу өөрийн эрхгүй тэмүүлж, бушуухан л үг дуугүй захируулах юмсан гэх бодлоор бялхсан байсан амьдралын наана цааныг мэдэхгүй охин нас минь өнгөрч, харин танай хонхыг дараад чамд өөрийгөө тушаах гэсэн ганцхан хүсэл намайг эзэмдэх боллоо. Ойр дотны хүмүүс намайг хулчгар, бүдүүлэг амьтан гэж тооцдог ч би шүд зуун нууцаа хадгалсаар байв. Би нэг юмыг хатуу шийдсэн. Ямар ч байсан Вена хотод буй чам руугаа очно гэж эргэлтгүй шийдэв. Би санасандаа хүрэхээр зориг шулуудаж, манай гэрийнхэн миний зан авирыг ойлгохгүй гайхшаа барна. Хойт эцэг минь намайг өөрийн төрсөн охин шиг хайрладаг байсан юм. Гэвч би өөрийнхөөрөө зүтгэж, ажил хийж өөрийгөө тэжээх хүсэлтэй байгаагаа эрс хамгаалсаар байв.
Аргагүйн эрхэнд минийхээр болж, намайг өөрийнхөө хамаатны бэлэн хувцасны дэлгүүрт ажиллуулахаар Вена руу явуулах болов. Эцсийн эцэст миний зам намайг хөтөлсөөр намрын нэгэн бүрхэг орой Вена хотноо авчирсан гэдгийг чи минь хэлэлтгүй ойлгох бизээ. Галт тэрэгний буудалд чемоданаа орхичихоод танайх руу явдаг трамвайнд сууж хуучин байрандаа ирэв. Чиний цонх гэрэлтэй байгааг харуутаа л зүрх минь хэм алдан булиглав. Намайг хүйтэн хөндий дуу шуугианаар угтсан хот сая л нэг хөгжөөнтэй сайхан санагдаж, хүсэл санааг минь эзэмдсэн чиний тухай бодол амилж байгааг мэдэрлээ. Чамаасаа ямар ч олон уул тал, гол мөрнөөр алслагдаж, холын хол амьдарч байснаа, чиний гэрэлтэй цонхны шил л миний баярласан нүднээс чамайг тусгаарлаж байгааг хөөрч догдолсон би тэр даруйдаа ухаарсангүй. Зөвхөн өөрийн хуучин байшин, чинийхээ амьдардаг өрөөг л шуналтай харсаар удаан зогсов.
Энэ жаргалтай мөчийг би бүтэн хоёр жил хүлээж одоо л нэг учирч байна. Намрын дуниартсан урт орой, чиний цонхны гэрэл унтартал зогссоор л байв. Дараа нь өөрийнхөө амьдрах газрыг хайхаар явсан. Орой бүр л чиний цонхон дээр зогсоно. Би дэлгүүр дээрээ оройн зургаан цаг болтол хүнд хүчир ажил хийдэг байсан бөгөөд чиний гэрэлтэй цонхыг харахаар миний зүдгүүртэй сэтгэлийн зовлон нимгэрсэн байдаг болохоор ажлаа баяртай хийдэг байсан юм. Миний ард төмөр самбар нижигнэн хаагдахад би танайх руу яардаг байлаа. Дахиад ганц удаа ч болсон чинийхээ царайг харж чамтай уулзахсан гэдэг миний цорын ганц хүсэл танайх руу хөтөлдөг байв. Долоо хоногийн дараа санамсаргүй байж байгаад чамтай тааралдав. Танай цонхны доор зогсож байсан чинь чи гудамж хөндлөн ирж яваа харагдлаа. Чиний харц над дээр тусахад би арван гуравтай жаахан охин байсан шигээ хацар минь халуу шатан ичингүйрч чиний дэргэдүүр толгойгоо бөхийлгөн өнгөрөв. Дараа нь ийм өчүүхэн зан гаргаж зугтаасандаа өөрөөсөө хүртэл ичив. Одоо бол би сургуулийн сурагч биш аль хэдийнээ насанд хүрсэн тэгээд ч чамтай л уулзах гэж, олон жилийн турш надад дурлаасай гэж хүсэж мөрөөдөж явсан биш билүү. Би орой бүр, тэр ч бүү хэл цасан шуургатай байсан ч танай гудамжинд очдог байсан боловч чи намайг олж харахгүй урт хугацаа өнгөрлөө. Би заримдаа бүтэн цагаар хий дэмий хүлээнэ. Заримдаа чамайг зочдоо гаргаж өгч байгааг харна. Азгүй би нэгэнт бяцхан охин биш болохоор энэ бүхний цаана ямар харьцаа байдгийг нарийн ойлгож чамайг өөр бүсгүйн гараас барьж явахыг хараад зүрх минь шархиран учиргүй их шаналдаг байв. Энэ бол надад тийм шинэ зүйл байгаагүй бөгөөд бага охин байхын л чамайг өөр бүсгүйчүүлтэй уулздагийг мэддэг байсан боловч миний шаналан зовох улам их болов. Нэг удаа хүүхдийн бардам шулуун зангаар хуучин байснаараа үлдэхээр шийдэж танай гадаа очилгүй өнжсөн. Тэр орой надад ямар хэцүү, хоосон ханхай байсан гэж чи санана. Маргаашнаас нь дахиад л очиж, нөгөө цонхон дороо чамайг хүлээдгээрээ хүлээж байхдаа чамайгаа олж харсан. Нэг л мэдэхэд би чамтай танилцах юмсан гэдэг хүслээ өөрөөсөө аль хэдийнээ зайлуулж зөвхөн харж л байх юмсан гэдэг хүсэлтэй болчихсон байв. Тэр үед гудамжаар ямар нэг юм ачсан цуваа өнгөрч чи аргагүй байдлаас болж над руу шахаж зогсох хэрэг гарав. Чи намайг харахад, чинийхээ нүднээс нөгөө л охин байхын танил энхрий ялдам харцыг олж хараад надад ямар хачин санагдсан гэж бодно. Энэ бол урин дуудсан, намайг хэзээний байлдан дагуулсан, чиний өнөөх гайхамшигтай, намайг чамд ухаан алдтал дурлуулсан тэр л харц байлаа. Дараагийн эгшинд чи аль хэдийнээ миний дэргэдүүр өнгөрөөд явчихсан байв. Зүрх минь галзуурсан мэт цохилж өөрийн мэдээгүй алхсан атлаа эргэж харахад чи бас зогсоод намайг эргэн харлаа. Чиний харж байгаа харцыг хараад би намайг Танихгүй байгааг чинь эргэлзэхгүй ойлгов. Тэр үедээ ч дараа нь ч, чи намайг таниагүй билээ. Чамтайгаа учирчихаад жаргалтай байсан ч ямар их урам хугарснаа чамдаа би хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй байна. Хайрт минь, тэгэхэд л би анх удаагаа чамайг огт таньж мэддэггүй чигээрээ байсан болоосой гэж бодов. Ямар их урам хугарснаа чамд хэрхэн ойлгуулах билээ. Инсбургт би хоёр жил болохдоо чиний тухай үргэлж бодож, Вена хотод очоод чамтайгаа уулзах тэр баярт мөчийг хамгийн сайхан сэтгэл хөдөлмөөр, бас хамгийн гунигтайгаар дурсан дүрслэн боддог байсан юм.
Би тэнд байхдаа чи намайг үзэн ядаж өөрөөсөө түлхэн зайлуулж байгаагаар төсөөлдөг асан. Яагаад гэхээр би дэндүү жижигхэн царай муутай амьтан билээ. Хөөрхий би зовон, чиний хөндий хүйтэн байдал хайхрамжгүй занг ухамсарлан тэвчдэг байлаа. Одоохон ингээд хагацах гэж байхдаа чамайг надад дурлахгүйг улам хурцаар мэдэрч байна. Гэхдээ энэ бүхнээс намайг хамгийн аймшигтай алж байгаа юм нь миний сэтгэлийг чи хэзээ ч ойлгоогүй явдал билээ. Охид бүсгүйчүүдийн зүс царай олон жилийн дотор өөрчлөгдөн хувирч өмссөн хувцас нь хүртэл хүнийг өөрчилдөг болохоор бүсгүй хүнийг таних нь эрчүүдэд тийм ч амаргүйг би одоо л ойлгов. “Чи намайг юм ойлгодог болгосон юм”. Үнэнийг хэлэхэд ухаанаар л өөрийн хувь заяаг өөрчилж чадах ажээ.
Би одоогийнхоосоо залуу байсан болохоор чиний мартамхайг эс тооцон намайг хаана ч гэсэн бодож хүлээж байгаа гэж чиний тухай сэтгэлээ хууран боддог байсан даа. Хэрвээ би өөрийгөө чиний тухайд юу ч биш тэр ч байтугай миний тухай хальтхан ч гэсэн бодох нь чамд ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй гэдгийг мэдсэн бол амьд явж чадахгүй биз. Миний талаар юу ч санахгүй байгаа чинь надад илэрхий мэдэгдэж байсан болохоор энэ нь миний хувьд чамайг надтай холбож байсан тэр дурсамжийн нарийхан холбоог үгүй хийх шахсан амьдралд минь тохиолдсон анхны хүнд цохилт байсныг би үнэндээ тэгэхэд л ойлгосон. Тэгэж уулзахдаа чи намайг үнэхээр таниагүй. Хоёр өдрийн дараа чи бид хоёр дахин тааралдахад чи намайг хэдхэн хоногийн өмнө учирсан өнөөх аятайхан бүсгүй байна гэж бодсон болохоос намайг мөн л таниагүй билээ. Чи намайг гайхсан элэгсэг харцаар ширтэхдээ уруул дээр чинь инээмсэглэл тодрохыг би ажив. Чи дахиад л миний дэргэдүүр өнгөрөхөд аз жаргалдаа би чичрэн мансуурч чамайг надтай ярилцаасай гэж дотроо залбирч байлаа. Би аажуухан алхаж явахдаа чамаас зугтаасангүй. Харин анх удаагаа л чиний анхаарлыг татав гэдгээ мэдрэв. Мэгдэн сандарснаасаа болоод зүрх минь дэлсэн золтой л зогсчихоогүй байтал чи минь ашгүй гүйцээд ирлээ. Бид хуучин танилууд шиг хөгжилтэй ярилцсаар (бурхан минь чи намайг хараажаар ерөөсөө Танихгүй, миний амьдралыг мэдэхгүй байв) гудамжны үзүүр хүртэл хамт явав. Чиний ил цагаан хөгжилтэй яриа миний сэтгэлийг татаж, чи юу асуусан ч хариулах хүч тэнхээ өгч байв. Чи надаас оройн зоог хамтдаа идэх үү? Гэхэд би татгалзсангүй. Чамд би яахин татгалзах билээ. Бид нэгэн жижигхэн ресторанд хооллосныг чи санаж байна уу. Нээрээ чи минь тиймэрхүү олон уулзалтаас зөвхөн тэр оройг л яаж ялгаж чадах билээ дээ. Би тэгэхэд чиний хувьд хэн ч биш байсан юм чинь. Гинжин хэлхээ адил тасралтгүй үргэлжилсэн олон зуун үдшийн л нэг шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, чи миний тухай санаж ч магадгүй. Чинийхээ дэргэд дуу хоолойг чинь сонсож суухдаа дэндүү жаргалтай байсан болохоор би яриагүй. Энэ үнэтэй учралыг алдчихгүй гэсэндээ би ямар нэгэн асуулт тавьж илүү үг дуугарахаас айж байсан. Миний хүсэн мөрөөдөж явсан хүнийг чи энгийн өрөвчхөн, сэтгэлд нийцтэй зангаараа баталсныг би ямагт талархан дурсаж явдаг юм. Урьд нь би чамд өөрийн бүх амьдрал хүсэл сэтгэлээ зориулаагүй байсан ч гэсэн чи анхны хормоос эхлээд л надтай эелдэг зангийн үүднээс бус чин сэтгэлээсээ нөхөрсөг сэтгэл булаам зангаар харьцаж эхэлсэн нь намайг өөртөө татаж чадсан билээ. Миний таван жилийн турш хүлээсэн хүлээлтийг талаар өнгөрүүлэлгүйгээр чи миний ямар их хүсэл мөрөөдлийг биелүүлснээ яаж мэдэхэв дээ. Биднийг ширээний араас босоход хэдийнэ орой болчихсон байлаа. Рестораны үүдэнд очоод чи надаас “Завтай юу, эсвэл яарч байна уу?” гэж асуув. Чамтайгаа хамт явахад бэлэн байгаагаа би хэрхэн нууж чадах билээ. Би завтай гэж хэллээ. Чи хэсэг зуур зогсосхийснээ “Манайд очиж жаахан ярилцах уу?” гэв. Дотоод сэтгэлдээ дийлдэн “дуртай зөвшөөрнө” гэж яаран хэлчихсэн хойноо л би тэрхэн дороо миний үг чамайг баярлуулаагүйгээр үл барам яс чинь хавтайх шиг болж чи үнэхээр цочирдсон. Одоо бол чиний гайхсаныг ойлгож байна. Эмэгтэйчүүл голцуу нууцхан хүслээ нууж, хамт явахаас айж буй дүр эсгэн шаргуу гуйсны дараа л сая зөвшөөрч ам тангараг авдаг гэдгийг би мэддэг болсон билээ. Ийм хурдан зөвшөөрөх нь явж сурсан янхан юмуу, эсвэл ямар ч туршлагагүй гэнэхэн охидын шинж байдаг. Гэхдээ миний хариулт бол уйтгар шаналгаатай олон өдрийн хүлээлтээс болж сэтгэл минь надад баригдалгүй өөрийн эрхгүй уруул даван гарчихсан бодлын минь үг гэдгийг чи хэрхэн тааварлах билээ.
Тиймгүй бол миний чамайг сонирхож байгааг чи гайхахгүйсэн. Чи гайхсанаа нууж ядан намайг харж байгааг чинь би мэдэрсэн. Чиний өндөр мэдлэг, зөн билэг чинь энэ итгэмтгий аятайхан бүсгүйн үгийн цаана ямар нэгэн онцгой нууц байгааг чамд хэлээд өгөө биздээ. Болгоомжтой атлаа хэтэрхий шимтсэн асуултуудаас чинь энэ оньсогыг таахыг хүссэн сонирхол төрснийг би ойлгов. Би шууд хариулахаас татгалзаж, зайлсхийж чамд өөрийнхөө нууцыг дэлгэснээс тэнэг юм шиг санагдаад өнгөрсөн нь хавьгүй дээр гэж бодлоо. Чи намайг дагуулан гэртээ орлоо. Хайрт минь намайгаа уучлаарай. Гэхдээ танайд орохоор шатаар өгсөж явахдаа аз жаргалдаа бахардан үхэхээс наагуур догдолж явсныг чи ойлгохгүй л дээ. Одоо энэ тухай нулимс гаргахгүй санахад надад хүнд байна. Гэвч нулимс минь хатжээ. Чи бодоод үз л дээ. Тэнд миний хүүхэд нас, хачин дурлалтай холбоотой бүхэн байсан болоод л тэр. Олон удаа чамайг хүлээж зогссон орц, чамайгаа анх харж хөлийн чимээг чагнадаг байсан шат, гэртээ орон ортол чинь хардаг асан хаалганы шагайвар, үүдэнд чинь байнга хэвтдэг хөл арчдаг хивсэнцэр миний нэг удаа сөхрөн сууж байхдаа сонсоод босон харайсан түлхүүр цоожны харжигнах чимээ…Сэтгэлд минь гэрэлтэн үлдсэн хүүхэд ахуйн минь амьдрал энэ л давчуу газарт өнгөрч одоо ч энд миний бүх амьдрал эхэлж зөвхөн чамтайгаа хамт чинийхээ, өөрийнхөө гэрт ирлээ. Чи минь бод л доо. Миний хэлж байгаа бүхэн чихэнд минь чийртэй сонсогдож байж болох юм. Гэхдээ би өөрөөр хэлж чадахгүй. Миний хувьд танай хаалганаас наана байгаа бүх амьдрал нэгэн хэвийн үргэлжилсэн мохоо амьдрал байсан бол танай хаалганы цаанаас ид шидэт үлгэрийн хаант улс Алладины хаант улс эзэлж байлаа. Бидний одоо ирж байгаа энэ хаалгыг би хичнээн удаа гялалзсан нүдээр ширтдэг байсныг чи мэдэхгүй. Энэ агшин миний хувьд ямар агшин байсныг чи зөвхөн мэдэрч л чадахаас хэзээ ч ойлгож чадахгүй. Би танайд шөнийг өнгөрүүллээ. Өглөө нь явах гэж тун их яарав. Миний ажил эрт эхэлдэг болохоор дэлгүүр дээрээ цагтаа амжиж очих гэж яарснаас гадна чиний зарцад харагдахгүйн тулд бушуухан арилж өгөхийг хүслээ. Хувцасаа өмсчихөөд чиний дэргэд очиход чи намайг өөр лүүгээ татан тэвэрч царайг минь харцаа тогтоон удаан харсан. Тэртэээд болсон энэ явдал чамд цухасхан ч гэлээ санагдаж байгаа болов уу? Миний царай баярласнаасаа болоод сайхан харагдсан юм болов уу даа. Дараа нь чи миний уруул дээр үнссэн. Би чамаас аяархан хөндийрч хаалга руу эргэлээ. Чи надаас “Цэцэг авахгүй юм уу?” гэж асуув. Би “Тэгье” гэлээ. Чи бичгийн ширээн дээрх цэнхэр өнгийн болор цэцгийн савнаас дөрвөн ширхэг цагаан сарнай сугалж авлаа. Би энэ цэцгийн савыг бүр хүүхэд байхдаа танай өрөөнд харсан билээ. Чиний өгсөн тэр цэцэгнүүдийг би олон өдөр үнсэж билээ. Бид дахин уулзахаар болзов. Дахиад л бүх юм гайхамшигтай сайхан байлаа. Гурав дахь удаагаа уулзсаныхаа дараа чи томилолтоор хол явах гэж байгаагаа надад хэлэв. Хүүхэд байхдаа би ингэж аялан явахыг чинь үзэн яддаг байж билээ. Чи гэртээ эргэж ирүүтээ надад хэл дуулгана гэж ам гарлаа. Би чамд нэрээ хэлэхийг хүсээгүй учраас өөрөө хүлээн авахын хаяг өгөв. Би нууцаа алдахыг хүссэнгүй. Чи салахдаа надад дахиад сарнай бэлэглэв. Бүтэн хоёр сарын турш би өдөр бүр лавлаж…үгүй ээ үгүй энэ олон өдөр зовж шаналснаа би юунд бичих билээ. Чамайгаа би буруутгаж чадахгүй. Би чамд ямар их хайртай юм бэ? Би чамайг мартамхай итгэлгүй урьд нь ямар л байсан яг байгаагаар чинь хайрладаг байсан бөгөөд тэр л хэвээрээ үлдсэн юм. Чамайг аль хэдийн эргэж ирсэн гэдгийг би гэрэлтэй цонхоор чинь мэдэж байсан ч чи надад захиа бичсэнгүй. Надад чамаас ганц ч мөр захиа ирээгүй. Би чамд бүхий л амьдралаа зориулсан боловч сүүлчийн мөчийг хүртэл чамаас ганц ч зурвас авсангүй. Би цөхрөлгүй тэвчээртэйгээр хүлээсээр л байсан. Гэтэл чи намайг дуудаж нэг ч мөр юм бичсэнгүй. Нэг ч мөр юм…
Өчигдөр миний хүү нас барлаа. Энэ хүү чиний хүүхэд байсан юм шүү. Үхэх гэж байгаа хүн худлаа хэлдэггүйг чи мэднэ шүү дээ. Хайрт минь энэ хүүхэд аз жаргалтай гурван шөнийн аль нэгэнд олдсон чиний хүүхэд гэдгийг тангараглая. Гэвч чи надаас айсандаа магадгүй гайхсандаа яагаад ийм олон жил юу ч хэлэлгүй байчихаад одоо түүнийг мөнхийн нойроороо нойрсож хэзээ ч эргэж ирэхгүй болчихсон хойно хүүгийн тухай ярьж байгаа билээ гэж асуух байх. Би чамд яаж хэлэх юм бэ? Дөнгөж гуравхан удаа уулзаж ямар ч эсэргүүцэлгүйгээр чамтай учирч нэрээ ч хэлээгүй Танихгүй бүсгүй чамд үнэнч байж хүүхдийг чинь гаргасан гэхэд чи юу боллоо гэж итгэх юм бэ? Хэрвээ миний үгэнд итгээд нууцыг минь илрүүлж би чамтай холбоотой байж чи өөр хүний хүүхдийн төлөө санаа тавих хэрэгтэй болбол чи тийм байж чадах байсан гэж үү. Тэгсэн бол чи намайг сэжиглэж бидний дунд үл итгэхийн сүүдэр хүүшлэх байсан шүү дээ.
Би үүнийг л хүсээгүй юм. Дараа нь би чамайг ойлгосон л доо. Чи өөрийгөө ч бараг мэддэггүй чамтай явж байсан хүүхнүүд хөнгөн сэтгэлтэй ийм тийм гэхгүй санаа амар бас тэгээд дурлалыг зугаа цэнгэл болгоод л өнгөрдөг байсан болохоор гэнэт хэн нэгний хувь заяанд холбогдож эцэг нэр зүүнэ гэдэг чамд бол бүтэшгүй зүйл гэдгийг ойлгосон юм. Эрх дураараа танхил явж сурсан чи надад уягдчихсан юм шиг болох байсан. Тэгвэл магадгүй нэг цаг, хэдэн минут ч чи намайг үзэн ядах байсан. Би бодохдоо миний тухай бүх л амьдралынхаа турш сэтгэл зовж, түгшилгүй дурсаж яваг гэж бодсон юм. Би чамд тээр болоод яахав. Бүгдийг өөрөө үүрч өнгөрөөе гэж шийдсэн. Чамд дурладаг бүх хүүхнүүдийн дотроос үргэлж хайрлан санаж явах ганц хүүхэн чинь байхыг л хүссэн. Гэтэл чи намайг огт дурсаж санасангүй. Бүр мартчихсан байжээ. Гэвч хонгор минь би чамайг хэзээ ч буруутай гэж боддоггүй. Үгүй, буруушаагаагүй шүү? Үгсийн минь завсраар уй гашуу шүүрсэн байвал намайг өршөөгөөрэй. Лааны сүүмгэр гэрэлд алаг үр, чи бид хоёрын хөөрхий үрийн хүүр хэвтэж байна. Бурхан тэнгэр өөд “Алуурчин” гэж гараа зангаж байлаа. Ухаан бодол минь бүр эргэчихлээ. Тоочиж байгаа зовлонгий минь уучил, уучилж үз. Ингэж гомдож гашуудаж суугаа намайг уучилна биз. Чи цаанаа өрөвчхөн зөөлөн сэтгэлтэй хэнд ч тус болох хүн шүү. Зовлонд учирсан аль ч таних Танихгүй хүн чам дээр очсон, тус болох сайхан санаатайг чинь би мэднээ. Тэр нь хойрго боловч дуртай хүн савныхаа хэмжээгээр хутган авч болох хэмжээгүй ихээ. Уучлаарай намайг, харин тэр чинь гуйлгуулж, гувшуулахыг хүлээж суудаг гэмтэй. Чи хүний туслаач гэж гуйсан, дуудсан цагт нь тус боллоо ч гэсэн хүнд тус болоход бэлэн байдаг сайндаа ч биш, харин айж ичсэндээ туслах хүн шүү дээ. Гачигдал зовлонд унасан хүнийг чи өөр шигээ эрх танхил аз жаргал эдэлж яваа хүнээс илүү өрөвдөхгүй. Чамд би үүнийг шууд хэлэх гэсэн юм. Чиний ижил ийм хүмүүсийн хамгийн сайхан санаатайгаас нь ч гуйхад хэцүү. Би жаахан байхдаа үүдэндээ юм гуйж ирсэн гуйлгачинд чиний юм өгч байхыг хаалганы завсраар нэг харсан. Чи түүнийг гуйхаас өмнө мөнгө гаргаж өгч байлаа. Их мөнгө өгсөөн. Гэвч чи түүнийг бушуухан нүд далд оруулах гэснээс өөр юмгүй байв. Чи тэр гуйлгачны нүүр өөд харахаасаа айж байх шиг санагдсан. Тэр гуйлгачинг талархлаа хэлэх гэхэд чи нүүрээ бушуухан буруулж байсныг би одоо мартдаггүй ээ. Ингээд л би чам дээр нэг ч удаа очоогүй юм даа. Намайг очсон бол туслахыг чинь сайн мэдэж байсан. Чи намайг тайтгаруулах байсан. Чи надад мөнгө ч өгөх байсан. Бүр их мөнгө өгөх байсан. Тэгэхдээ чи миний хүүг төрсөн үрээ гэж бодсондоо биш, харин энэ бузар булай амьтнаас яаж бушуухан салъя гэж хүссэндээ л тэгэх байсан шүү дээ. Тэр ч байтугай чи намайг хүүхдээ авахуул гэж лав гуйх байсан биз. Би чиний хэлсэнийг зөрчиж чадах уу? Үгүй? Яаж би чиний хэлсэн үгнээс гажих вэ? Энэ бүхэн намайг юунаас ч илүү айлгаж билээ. Аргагүй шүү дээ. Надад энэ хүүхдээс өөр харах хайрлах юм байсан биш дээ. Харин аварч чадаагүй энэ хүү минь чамтай адил сэтгэл хангалуун аз жаргалтай байж нэг ч үзээгүй нь мэдээж. Тэгэвч амьяас билэгт ухаант хүн чи миний амьдралд салшгүй, бие цогцост минь шингэсэн гэж ямагт бодож явдаг билээ. Тэгэхлээр эцсийн эцэст би чамайг биедээ тээж явсан юм шүү дээ. Сэтгэл санаа цангасан цагтаа янаглан таалж, үнсэн тэвэрч, ундлан хооллож, ухаан санаанд минь чи амьдран боловсорч яваа юм шиг бүх бие цогцсоороо чамайг мэдрэн амьсгалдаг байлаа. Хонгор минь ээ чиний хүүхдийг тээж яваа гэж санах болгондоо яагаад тийм баяр баясгалантай болдог байсны учир энэ ээ. Би чамаас нууж явсаны учир нь энэ ээ.
Энэ хүүхэд чамайг үүрд авсантай адил байв. Хайрт минь ээ? Аз жаргалыг ухаан санаандаа төсөөлөн бодож явсан зөвхөн тэр сар жилүүдэд би зовж зүдрээд зогсоогүй ээ. Хүний бузар булай явдлаас ой гутаж, жигшиж, шаналж, тарчилж явсан удаа надад бас олон бий. Надад тун хэцүү байсаан. Бие давхар болсныг хамаатан садан маань мэдвэл эцэг эхэд маань захиа бичнэ гэж айгаад ажлаасаа арга буюу гарлаа. Эжийгээсээ мөнгө нэхээд ч яах вэ гэж бодоод үлдсэн бага зэрэг үнэт зүйлээсээ зарж түүнийхээ мөнгөөр амь зууж байлаа. Төрөхөөс минь долоохон хоногийн өмнө юм угаадаг хүүхэн үлдсэн хэдэн кроныг маань хулгайлсан учир арга буюу тэтгэврийн төрөх газар хэвтэх боллоо. Тэнд гашуун зовлонд нэрвэгдэж амьдрах арга тасарсан хамгийн ядуу, хамгийн шоовдор хүмүүс очдог байсан. Чиний хүү, миний хүү тэр гуйлгачдын дотор төрсөн. Тэтгэврийн газрыг одоо ч санахад аюултай байна. Адилхан хэвтэж байгаа мөртөө бие биеэ ад шоо үзэх, үзэн ядах нь хязгааргүй байлаа. Гэвч нийтийн зовлон бид бүхнийг цөмийг маань тэр өмхий балиар цус нөжтэй хутгалдсан орилон гаслангаар дүүрсэн явцуу бүгчим тасалгаанд хөөж аваачсан байлаа. Зол заяагүй хүн бүхэнд тохиолддог тэр бүх зан суртахуун, бие махбодын дарлал доромжлолыг би тэнд байгаа янхан хүүхнүүдийн адил амсаж байлаа. Тэдэнтэй яах аргагүй хамт байгаадаа гутарч гуньж, хөөрхий асрах хүнгүй хүүхнүүдийн хөнжлийг сөхөж биенд нь хүрч эрдэмтэн хүний хоосон дүр үзүүлэн инээлдэх залуу эмч нар болон сахигчдын өлсгөлөн нүднээс айж дальдардаг байлаа. Тэнд ичиж зовох гэдэг хүний ёсыг мэдэхээ байсан газар. Нэрий чинь бичсэн дөрвөлжин хавтас л чамаас үлдвэл гүйцэх нь тэр. Хэвтэж байгаа өвчтөнүүд, тэр эмч нарт зөвхөн нэг таталдсан нүцгэн хэсэг мах, үзэж судлахад зориулан тавьсан үзвэрийн юмнаас өөрцгүй байв. Орон гэртээ хайр халамжтай хар хүндээ хүүхэд төрүүлэн өгч байгаа хүүхнүүд бол бараг лабораторийн ширээн дээр шахам төрдөг ганц бие, өчүүхэн ч халамжлал үзээгүй тэр хөөрхий хүүхнүүдийг мэдэхгүй. Тэр байтугай ном уншиж суухад “там” гэдэг үг дайралдвал зовж зүдэрсэн, гаслан гинших, орилж бахирах, зэрлэг бүдүүлэг инээд ханиад өмхий самхай үнэр дүүрсэн тэр өрөө, тэр ой гутам бузар булай явдал өөрийн эрхгүй санагдах юм. Уучлаарай намайг. Би үүнийг анхны бөгөөд эцсийн удаагаа л хэллээ. Хэзээ ч дахиад би энэ тухайд ярихаасаа өнгөрлөө. Арван нэгэн жил би дуугүй явлаа. Одоо мөдхөн үүрд дуугүй болно. Тэгэхээр амьдралдаа ганц ч удаа болсон зориг гаргаж орон дээрээ амьгүй хэвтэж байгаа алаг үрээ, амьдралын минь аз жаргал гэгээн нар болж байсан энэ хүүхдийг ямар их үнээр олж авсанаа хэлэх эрхтэй биш үү? Би хүүгийнхээ инээн баясахыг харж суухдаа энэ бүхнийг аль хэдийн мартсан байж. Одоо хүүгээ үхүүлчихээр урьдын амсаж явсан сэтгэлийн зовлон дахин ирлээ. Энэ тухай би үглэн тоочихгүй байж чадахгүй ээ. Хүн байна, ганц удаа боловч санаа сэтгэлээ ярьж хөнгөлж болно биз дээ. Гэсэн ч чамайг харааж зэмлэхгүй. Харин бүх эдэлсэн зовлонгий минь ямар ч агуулгагүй болгосон тэнгэр бурхныг зэмлэн яллаж байна. Би чамайг яасан ч зэмлэхгүй, хичнээн гомдож байсан ч хэзээ ч би чамайг буруутан болгохгүй. Хүүхдээ гаргах гэж зовон тэлчилж хэвтэхдээ ч, ухаан алдтал өвдөж шаналж байхдаа ч чамайг нэг ч удаа харааж зэмлэж байгаагүйг минь бурхан гэрчилнэ. Чамд өгсөн сэтгэл зүрхээ хэзээ ч би харааж зүхэж байгаагүй ээ. Чамд цаг үргэлж хайрлан дурласаар, чамтай уулзсанаа ямагт хүндэтгэж явдаг. Харин гуйлгачны төрөхийн тэр аймшигт явдлууд дахин давтагддаг юм гэлээ, дараа нь эдлэх зовлонгоо мэдэж байлаа ч гэсэн чамтай тэгэж уулзахаар би дахиад л очих юм. Мянга дахин ч очихоос буцахгүй дээ хайрт минь.

Хэзээ ч чиний мэдээгүй хөөрхий үр минь өчигдөрхөн нас барлаа. Хэзээ ч тохиодлын төдийд хоромхон зуур ч атугай чи төрсөн үрээ, цэцэглэж байсан тэр хөөрхөн амьтныг олж харахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж