"Худалдааны хуулийг баталлаа гээд бүх бараанд хөнгөлөлт эдлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

"Худалдааны хуулийг баталлаа гээд бүх бараанд хөнгөлөлт эдлэхгүй"

"Худалдааны хуулийг баталлаа гээд бүх бараанд хөнгөлөлт эдлэхгүй"

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Трампад захидал бичиж хоёр асуудлаар туслалцаа хүссэний нэг нь Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй  оруулахыг хүссэн байдаг.

Тэгвэл АНУ-ын Конгрессын гишүүн Тед Ёохо, Дина Тайтус нар “Мongolia Third Neighbor Trade Act” буюу Гуравдагч хөршийн худалдааны хуулийг өчигдөр  /2017.07.26/ Конгресст өргөн барьжээ. Тус хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрэх боломж бүрдэх аж. Тэр дундаа ноолууран бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд нэвтрүүлэх өргөн боломж нээгдэж байна. 

Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар: Монгол, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно

АНУ-ын Вашингтон хотноо Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх сайд нарын Олон улсын анхдугаар бага хуралд оролцож буй Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар  энэ талаар хэлэхдээ  “Конгрессын хоёр намын хамтын хүчин чармайлт болох энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх төдийгүй, Монгол, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэж байна” гэжээ.

Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам:

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас тус хуулийн төслийн нэршлийн талаар тодруулахад  ‘Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл гэж хэлнэ. Манай талаас одоохондоо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд  газар дээр нь ажиллаж байгаа’ гэдэг тайлбарыг өглөө.

Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхимийн ахлах багш П.Мягмардорж:

Аливаа хуулийн төслийг өргөн барих нь Конгрессын гишүүдэд нээлттэй. Америкийн талаас Монголын бараа, бүтээгдэхүүнийг улсынхаа зах зээлд нэвтрэхэд  хөнгөлөлт олгож байгаа хуулийн төсөл гэж ойлгож байна. Манай улс гёополитикийн хувьд ОХУ, БНХАУ гэсэн Америкийн хамгийн том өрсөлдөгч хоёр улсын дунд байрладаг онцлогтой. Европын холбоо руу манай улс 3000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх гэрээтэй. Монгол  Улстай чөлөөт худалдааны харилцаатай  ганц улс  нь Япон.  

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд манайд улсад худалдааны чиглэлд боломж олгож байгаа мэт харагдаж байгаа боловч бодит байдалд  манай улс ашиглаж чаддаггүй. Тухайн улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн төдийлөн гаргаж чаддаггүй гэсэн үг.  Тариф хөнгөллөө гээд манайх бүх бүтээгдэхүүнээ гаргана гэсэн ойлголт биш юм. Учир нь тус хуулиа дагалдуулж стандарт тавьдаг. Ийм ийм стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хүлээн авна гэдэг. Тэдний тавьсан стандартыг манай бүтээгдэхүүнүүд хангадаггүй. Өөрөөр хэлбэл, нэр төдий эрхзүйн орчин гэсэн үг л дээ.

Нөгөө талаас АНУ-ын гол бодлого нь ардчиллыг хөгжүүлж буй улсуудыг дэмжихэд чиглэгддэг. Монгол Улс бол ардчиллын загвар улс. Тиймээс АНУ Гуравдагч хөршийн худалдааны хуулийг батлах нь цаагуураа ашиг сонирхол байх талтай. Их гүрнүүдийн бодлого ингэж л явагддаг. Түүнээс биш Монголд хайртайдаа биш. Өнөө цагт ардчиллын нэр хүнд унаж байгаа энэ үед ардчилсан дэглэм бүх улс орнуудыг авч үлдэх нь Америкийн ашиг сонирхолд нийцнэ. Нэр төдий л хуулийн төсөл болно гэж харж байна.

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж