Энэтхэг улсын нийслэл Делид өнгөрөгч Лхагва гаригт /25.07.2018/ AirAsia авиа компанийн дотоодын нислэгийн онгоцноос дөнгөж төрсөн, эндсэн нярай олджээ.
Тодруулбал, Лхагва гаригт AirAsia дотоодын иргэний нислэгийн онгоцны үйлчлэгчид бие засах өрөөнөөс мэндлээд удаагүй эндсэн нярайг Дели хотноо газардахаас өмнө олжээ. Онгоцонд сууж байсан бүх эмэгтэй зорчигчдыг саатуулж Делигийн олон улсын нисэх буудлын цагдаа болон түргэн тусламжийн эмч нарыг дуудаж байцаалт явуулсан байна. Байцаалтаас дотоодын нислэгийн онгоцонд сууж явсан 19 настай эмэгтэй өөрийгөө онгоцны бие засах өрөөнд хүүхэд төрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
“Тэр онгоцонд хүүхэд төрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүнд эмнэлгийн үзлэг шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн боловч зөвшөөрөөгүй. Одоогоор 19 настай эмэгтэй саатуулагдан хоригдсон. Харин эндсэн нярайг эмнэлэгт хүргэсэн” гэж онгоцны буудлын цагдаа Санжей Бхатиа ярьжээ.
Мөрдөн байцаагчид түүний гэр бүлтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: REUTERS, AFP
Г. Батмандах